Боловсролын салбарынхны хувьд энэ он барцадтай жил болж байна. Тогоон дотроосоо хальсан тэмцэл, албан тушаалын төлөөх “алалцаан”, халаа, сэлгээнээс өөр дорвитой юм барагтай дуулдсангүй, энэ салбараас. Ажил хаяна хэмээн аль хавраас мэдэгдсэн багш нар Засгийн газар цалинг нь 12-30 хувиар нэмнэ гэж ам тангараг өгөөд байхад л хичээлийн шинэ жилээр сурагчдаа бүлтэлзүүлэн гэдийж, чангалсан юм даг. Манайдаа гайгүйд тооцогдох их, дээд сургуулиуд нь ч босго оноогоо шалдаа буулгаж, төгсөгчдийг гуядаж бус, гуйж гувшин элсүүлдэг болов.
Хичээлийн шинэ жил дөхмөгц оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн нийслэлийнхээ төв талбайд жагсах цаг дор томоохон их сургуулийн шинэ, хуучин захирал цахим орчинд үзэлцэж, нэгийнхээ чадал чансаа, ёс зүйг гайхав. Манай улсын боловсролын салбарынхны үнэн төрх ийм л байна. Сүүлийн үед энэ салбартай холбоотой бас нэг том асуудал босож ирсэн нь авлига. Хүүхдээ гайгүй сургууль бараадуулж, бусдаас дутаахгүй сургах гэсэн эцэг, эхчүүдийн хүсэлд дөрөөлсөн захирал, удирдлагын ёс бус үйлдэл эхнээсээ ил болсоор. Иргэд “Мөнгөгүй хүн сургууль, эмнэлэг рүү зүглэхэд хэцүү цаг” хэмээн ярих болсон нь боловсролын салбарт авлига багагүй байгааг илтгэнэ.
Энэ сар хагастаа ч хүрээгүй байтал ерөнхий боловсролын хоёр ч сургуулийн захирлыг АТГ-ынхан хээл хахуулийн хэргээр баривчлав. Тэднийг бусдаас хахууль авч байхад нь баривчилсан гэх мэдээлэл бий. Хэдхэн хоногт болсон энэ хэргүүдээс улбаатайгаар иргэд “Сургуулиудад өдөр болгон шахам ийм зүйл болдог уу. Эсвэл одоо ид улирал (шилжилт хөдөлгөөний) нь юм уу” хэмээн гайхширч байна.
Сургууль, цэцэрлэгт хүүхдээ элсүүлэхийн тулд авлига өгсөн тухай яриа хаа сайгүй л дуулддаг. Таны ойр дотнынхны дунд ийм аргаар хүүхдээ сургууль соёлын хаяа бараадуулсан тохиолдол цөөнгүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Гэхдээ хүмүүс энэ тухай ойр дотнынхондоо ярьж, дотроо бухимдаад явахаас биш, хууль, хяналтын холбогдох байгууллагад илчилсэн нь ховор. Өөрийгөө давхар “чирчих вий” гэх болгоомжлол, хүүхдээ бодсон сэтгэл нь тэднийг энэ бүхнийг тэвчихээс аргагүйд хүргэдэг.
Тэгвэл улсын тэргүүний I сургуулийн захирлын хэрэгтэй холбоотойгоор АТГ-ынхан иргэдийн чихийг онгойлгосноор энэ хандлагыг бага ч гэсэн өөрчлөв. Тэд “Шинээр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 22.5.3-т “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчилбэл түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ялаас чөлөөлнө гэж заасан” хэмээн хуульд заасныг иргэдэд ойлгуулсан.
Өөрөөр хэлбэл, иргэн төрийн үйлчилгээ авахын тулд аргагүйн эрхэнд хахууль өгч, энэ тухайгаа хуулийн байгууллагад илчилж, мэдэгдвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль үйлчилж байна. Энэ мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хэдэн өдөр “шуурсны” дараа иргэд нүүр номоороо дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн албан тушаалтнуудыг зоригтой гэгч нь илчлэх болов. Хашир нь дэндсэн зарим нь “Аргагүйн эрхэнд хахууль өгснөө баталж чадахгүй учраас аль аль нь буруутан болно. Итгээд хэрэггүй” хэмээн бусдадаа анхааруулах аж. Манайхан хуулиас үнэхээр хол хөндий гэдэг нь энүүхнээс л харагдаж байна.
Нүүр номоороо дамжуулан зоригтой дуугарсан хэд хэдэн хүнтэй цахимаар дамжуулан холбогдоход хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ тухай ярих хүсэлгүйгээ хэлэв. Тэд “АТГ-ынхан нь ажлаа сайн хийдэг бол мэдээллийн мөрөөр шалгаад, илрүүлээд, арга хэмжээ авна биз” хэмээсэн юм. Гэхдээ иргэдийн сэтгэгдэлд “гол баатар” болсон зарим сургуулийн талаар баримт олж авч чадлаа.
Нэгэн сайтад энэ сарын 5, 11-нд нийтэлсэн “Хүүхдээ элсүүлэхдээ авлига өгснөө мэдээлбэл мөнгийг нь буцаан олгоно”, “Хүүхдээ сургуульд элсүүлэхэд хясан боогдуулах замаар хахууль авсныг илчилбэл хариуцлага хүлээлгэхгүй” мэдээллийн доор “Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захирал Март хандивын анги нэрээр олон жил мөнгө авч байгаа. Сургалтын менежер нь бүх ажлыг гардаж гүйцэтгэдэг гэсэн. Нэг саяас дээш төгрөг авдаг”, “84 дүгээр сургуулийг шалгаарай”, “84 дүгээр сургуулийнхан 1-3 сая төгрөг авдаг” гэсэн сэтгэгдэл байв.
Тус сургуулийн нэгдүгээр ангид хүүгээ элсүүлэхийн тулд аргагүйн эрхэнд хахууль өгсөн нэгэн бүсгүй бидэнд энэ тухай ний нуугүй ярьсан юм. Гэрэл (өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь нууцлав) “Би нөхрөөсөө салсан. Хүү минь аавынхаа харьяаллаар Сүхбаатар дүүргийн 58, харин минийхээр бол 84 дүгээр сургуульд орох ёстой. Тэгээд учир байдлаа хэлээд элсүүлэх гэтэл тус сургуулийнхан хүүг минь авдаггүй. Уг нь энэ бүхнийг харгалзахгүй эхийн харьяаллаар шууд элсүүлэх ёстой. Гэтэл ингэж хавчиж, боосон. Арга ядаад таньдаг багшид 200 мянган төгрөг өгч байж бүртгүүлсэн.
Хүүгээ гайгүй багшид өгмөөр байсан учир наймдугаар сарын сүүлчээр анги хуваарилахад нь сургалтын менежерт нь хэдэн төгрөг, бас бус юм өгсөн. Нийт 800 мянган төгрөг өгч байж, гайгүй багшийн ангид хуваарилуулсан. Тэр мөнгө нь анги удирдсан багш нарт нь огт хүрдэггүй бололтой. Ангид нь ямар хүүхэд элсэх гэж байгааг ч тэд мэддэггүй. Сургалтын менежер нь тэр бүхнийг найруулдаг бололтой юм. Дараа нь хүүгийн минь ангийн эцэг, эхчүүд мөнгө өгч хүүхдээ энэ ангид оруулсан тухай ярьсан” гэв. Тус сургуульд ажилладаг нэгэн танил багшийнх нь ангид дандаа харьяаллын бус, татвар төлж элссэн хүүхдүүд байдгийг ч тэрбээр хэллээ.
Дээрх нийтлэлийн доор “цоллуулсан” бас нэг сургууль нь Сонгинохайрхан дүүргийн I хороололд байх, “Ирээдүй” цогцолбор. Улсын тэргүүний гэх тодотголтой тус сургуульд ч авлига цэцэглэсэн тухай сэтгэгдэл байв. Тухайлбал, “Захирал Цагаанцоож гэж жинхэнэ авлигач бий. Ямар ч ангид хүүхэд элсүүлсэн зөвхөн өөрийн гарын үсгээр шийддэг. Багш авахдаа дандаа мөнгө авдаг бас сүлжээтэй. Үүнийг шалгах хэрэгтэй” гэсэн мэдээллийн мөрөөр тухайн сургуулийн нэгэн багшаас энэ талаар тодруулав.
Тэрбээр ихэд болгоомжилж буйгаа учирлаад “Ер нь хаа сайгүй л ийм явдал дэлгэрсэн. Энэ тухай дэлгэж бичих гэж байгаа нь зөв” гээд ам нээв. “Манай сургуульд ийм тохиолдол зөндөө. Жишээ нь, харьяаллын бус хүүхэд хоёрдугаар ангид элсүүлэхэд 500-800 мянган төгрөгийн тогтсон ханштай. Үүнийгээ бага байна гэдэг юм билээ. Тэгээд энэ мөнгийг нь меженер ч юм уу, захирал аваад, бичиг баримт, хаяг энэ тэрийг нь засаж оруулдаг гэж сонссон. Ер нь хавтгайрсан асуудал болчихсон” хэмээсэн юм.
I, 18, 23 гэхчилэн хотын төвийн, нэр хүндтэй, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гэх бүх сургуульд ийм ёс бус “тогтолцоо” эртнээс тогтсон, түүнийг нь иргэд мэддэг хэрнээ хүүхдээ элсүүлэх гэж “алалцдаг” тухай иргэдийн сэтгэгдэл бүхий баримт цөөнгүй аж. Энэ тухай нэгэн танил минь “Миний таньдаг эгч V сургуульд таван саяар хүүхэд зуучилж оруулсныг санаж байна. Ес бил үү, 10 дугаар ангийнх байсан санагдана. Ахлах ангидаа тэнцээгүй хүүхэд гэсэн. 23 дугаар сургуулийн ханш таван сая юм билээ. Би хүүхдээ оруулах гээд судалсан юм” гэв.
Цагтаа боловсролын салбарт ажиллаж байсан гэх нэгэн ч “23 дугаар сургууль хорооныхоо хүүхдүүдийг бүртгэхгүй байна гээд эцэг, эх, өвөө, эмээ нар үгээ барж явсан. Зарим эмээ нарын даралт нь ихсээд, бие нь муудсан гэнэ лээ. Нэгдүгээр ангид элсүүлэхэд л 6-10 сая гэж дуулдсан. Нэг эмээ “Үүнийг нь өгөөд оруулахаас” гээд л явсан. Мөнгөтэй хүмүүс яах вэ, хүүхдээ оруулчих байх. Харьяаллын мөртлөө орж чадаагүй тэр олон хүүхэд яагаа бол. Завсардаагүй л байгаасай” гэх үг дайсан байв.
Дээрх иргэдийн ярьсан зүйл бол манай улсын боловсролын салбарын үнэн төрх. Бусармаг бүхнээс ангид байх ёстой ерөнхий боловсролын сургуульд эцэг, эхчүүдийн аргагүй байдалд дөрөөлсөн авлига бизнес сүлжээ болтлоо дэлгэрчээ. Эрдэм шинжилгээ, элдэв төсөл, хөтөлбөр, шагнал урамшуулал, хамтын ажиллагаанд сүүлийн үед түлхүү анхаарах болсон БСШУСЯ-ныхан ерөнхий боловсролын сургуулиуддаа анхаарах цаг нь иржээ.
Ядаж л сургуулиудад шилдэг, лаборатори, тэргүүний гэсэн “титэм” зүүж, ялгаварлахаа болих хэрэгтэй. Эс бөгөөс захирал, сургалтын менежер гэх албан тушаалтнууд энэ сэтрийг овжноор ашиглан, элсэгчдийг урхидаж, эцэг, эхчүүд ч түүнд нь хууртан хошуурч байна.