Газар нутгаар нь нүүрс тээвэрлэн, зогсоо чөлөөгүй талхилж буй том оврын автомашинуудын балгаар олон салаа зам бий болж, бэлчээр ихээхэн доройтсоноос ирээдүйд хүн, мал амьдрах нөхцөлгүй болно гэж түгшсэн Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай, Гурвантэс сумынхан энэ сарын 3-наас уул уурхайнхантай тэмцэж эхэлсэн юм.
Малчид Хөнхөр хацавч хэмээх газарт тайван жагсаж, тус аймгийн баруун талын сумдад үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант орд”, “Өсөх зоос”, “Терра Энержи” зэрэг компанийн нүүрс тээвэрлэгч машинуудын хөдөлгөөнийг зогсоон, уурхайнуудыг эхний ээлжинд 140 км зам тавих шаардлага хүргүүлжээ. Газар нутгаа гэсэн малчид 20 орчим хоног тэмцсэний үр дүнд Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлд зам тавих ажлыг холбогдох байгууллагууд түргэвчлүүлэх болсон аж.
Батлагдсан чиглэлийн дагуу зам тавих компанийг нэн даруй сонгон шалгаруулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгасан байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Өмнөговийн болон уул уурхайн компанийн удирдлагуудтай зөвлөлдөж ийм шийдвэр гаргажээ. Дээрх чиглэлийн дэд бүтцийг шийдсэний дараа Хөнхөр хацавчид бий болсон салаа замуудын хөдөлгөөнийг хааж, шороон замын хоёр талаар суваг шуудуу гарган, зөвхөн хүнд даацын автомашин зорчуулах гэнэ.