Монгол Улсын төлбөрийн тэнцэл энэ оны долдугаар сарын байдлаар 198 сая ам.долларын алдагдалтай гараад байна. Өөрөөр хэлбэл, манай улсын гадаадаас олж буй валют, хилийн чанад руу урсгаж буйгаасаа бага байна гэсэн үг. Дутсан валютаа манайхан албан нөөц, Олон улсын валютын сангийн зээлийн хөрөнгөөс нөхжээ. Валют дутаж буй учраас дотоодын зах зээлд ханш өсөх хандлагатай байдаг. Тиймээс ерөнхийдөө ханш өснө гэсэн хүлээлттэй байх нь зүйтэй.
Ам.долларын ханш дөрөвдүгээр сараас хойш 140 төгрөгөөр өслөө. Аажмаар чангарч байсан ханш сүүлийн гурван долоо хоногт огцом өсөж, түүхэн дээд түвшинд хүрэв. Тодруулбал, Монголбанкны албан ханш гурван долоо хоногийн өмнө 2473 төгрөгтэй дүйж байсан бол өнгөрсөн баасан гарагийн байдлаар 2521.2-т хүрлээ. “Ногоон”-ы ханш богино хугацаанд 50 орчим төгрөгөөр чангарчээ. Тэгвэл “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2526 төгрөгөөр авч, 2532-оор борлуулж байлаа.
Төлбөрийн тэнцлийн алдагдлаас илүүтэй Хятадын зах зээлд ам.долларын ханш чангарч буй нь манайд нөлөөллөө гэж шинжээчид дүгнэж байна. Гэхдээ ямар учир шалтгааны улмаас өсөлт нь хурдассаныг хэн ч олж тогтоосонгүй. Төвбанкнаас “Төгрөгийн ам.доллартой харьцах ханш оны эхэнд 2427.13 төгрөг байсан. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт 2500.82 төгрөгт хүрч, гурван хувиар сулраад байна. Энэ оны дөрөвдүгэр сард хүрсэн хамгийн бага түвшин буюу 2390.79 төгрөгтэй харьцуулбал энэ нь 4.6 хувиар суларсан үзүүлэлт. Харин энэ хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэг өдөрт хамгийн ихдээ 0.6 хувиар суларч, 0.2-оор чангарч байжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд ханшийн огцом хэлбэлзэл зах зээлд үүсээгүй” гэж тайлбарлав.