Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Тэрбээр Оюутолгойн гэрээг сайжруулах талаар хийж байгаа яриа хэлэлцээний үр дүнг онцолсон. “Рио тинто”-той энэ оны нэгдүгээр сараас эхлүүлсэн яриа, хэлэлцээний үр дүнд Монгол Улсын ашиг хүртэх хугацааг наашлуулах, манай талд ирж байгаа зээлийн хүүгийн дарамтыг бууруулах гэх мэт таван зүйлээр тохиролцсон байна.
Гэхдээ “Зээлийн хүүг хэдэн хувиар бууруулах талаар тодорхой тоо хэлэх боломжгүй, зарчмын хувьд тохирсон” гэх тайлбар хэлсэн юм. “Оюутолгой”-гоор 35 сая ам.долларын татвар төлүүлэхээр зарчмын хувьд тохирсон юм байна. Нийтдээ 150 сая ам.долларын татварын акт тус компанид тавьсан бөгөөд үүнийг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх бололцоотойг тэрбээр тэмдэглэв.
Сайд Г.Занданшатар “Татвартай холбоотой заалтууд Дубайд гарын үсэг зурсан төлөвлөгөөтэй холбогдож байгаа. Бид 150 сая ам.долларын татварыг төлүүлэх сонирхолтой байгаа учраас арбитрын шүүхэд хандана” гэсэн юм.
Мөн эрчим хүчээ дотоодоос авах тухайд санал нэгджээ. Цахилгаан станцаа Тавантолгойд барих гэнэ.
Энэ үеэр шатахууны үнийг тогтворжуулах чиглэлээр Засгийн газар ямар байр суурьтай байгаа талаар түүнээс тодруулахад “Дэлхийн зах зээлд нефть, шатахууны үнэ Ираны хямрал, хоригоос шалтгаалан өсөж байна. Бид үүнийг хянах боломжгүй. Манай улс шатахуунаа импортоор авдаг. Ийм ч учраас нефтийн үйлдвэр барихаар болсон. Өмнө нь хэрэгжүүлж байсан Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нефть импортлогч компаниудад мөнгө тараасан. Ийм арга нь үр ашиг багатай. Төрийн зохицуулалт хэт их орох нь оновчгүй” хэмээн хариулсан.
ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХӨНГӨЛӨХ НЬ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногийн эхний өдрүүдэд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллан, ургац хураалтын явцтай танилцсан. Үүнтэй холбогдуулан улаан буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх талаар судалж, шийдвэрлүүлэхийг сайд Б.Батзоригт Засгийн газрын хуралдаанаас даалгасан байна.
Мөн импортын буудай, гурилын квот олгох зайлшгүй тохиолдолд эхний ээлжинд дотоодын гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулж байхаар болжээ. Түүнчлэн хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг өвлийн улирлын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах, үр тариаг төмөр замаар тээвэрлэх боломж бүрдүүлэх, ургац тээврийн хүнд даацын автомашины тоог нэмэхээр шийдвэрлэлээ.
Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хазайн бригад, Шандын давааны ургац тээврийн замыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засахаар болж байна. Түүнчлэн ургац хураалтад хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулж ажиллахыг сайд Н.Энхболдод үүрэг болгожээ. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн нэгдлийн төвийн барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулснаар нэмэгдэх орон тоо, урсгал болон тогтмол зардлыг санхүүжүүлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав.
ШИНЭ НИСЭХ БУУДАЛД ЗОРЧИГЧИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ
Зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилт систем (APP)-ийг олон улсын шинэ нисэх буудалд нэвтрүүлэхээр болов. Энэ нь хилийн хяналт, шалгалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох, терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилготой.
Урьдчилсан систем нь тухайн зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалт, нисэж болохгүй-анхаарах зорчигчдын болон виз, бусад мэдээллийн сангаас хайн, дүнг нь тухайн улсын хууль, хяналтын байгууллагад гурван секундийн дотор илгээдэг аж. Эл системийг 70 гаруй оронд нэвтрүүлжээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР 47 ХУВЬТАЙ БАЙНА
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны эхний хагас жилийн байдлаар 47.2 хувьтай байна. Тухайлбал, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 55, тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8, нийгмийн бодлого 46.5, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 44.1, засаглалын бодлого 49.7 хувьтай хэрэгжжээ.
Удаашралтай байгаа зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэн, энэ оны эцсийн зорилтот түвшинд хүргэхийг бүх сайд болон холбогдох агентлагийн дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалан удааширч байгаа ажлыг улсын төсөвт тусгах, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар санхүүжүүлэх боломжийг судлах зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Б.Уран