Төв аймгийн Баяндэлгэр сумынхан машины дугуй хагарна гээд хогоо зориулалтын нүхэнд хийхгүй, дөхүүлж хаядаг
Зуны турш олон нийтийн зүгээс редакцид хандаж мэдээлсэн, очиж сурважлахыг хүссэн, сануулсан асуудал бол хөдөөгийн хог байлаа. Эх орны хаанаас л бол хаанаас аялагчид дарсан зургаа илгээж байв. Хээр гадаа амарч, аялж зугаалах нь татарсан намрын өдрүүдэд орон нутагт хог багасаа болов уу, ер нь аймаг, сумынхан хогоо хэрхдэг талаар тандахаар нийслэлээс зүүн тийш хөдөлсөн юм.
Хотын ногоон бүсээс гарлаа. Замд байдаг, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах “Бүс нуур” хэмээх цогцолбороос эхлээд хог “тоолж” эхлэв. Хэд хэдэн гэр-цайны газар бүхий уг цолцолборын хашаанд салхинд хийсэж ирсэн бололтой том, жижиг, өнгө өнгийн гялгар уут тээглэн навсайна. Ингэж тогтсон хогийг хэн цэвэрлэх ёстой вэ.
Цонжинболдог хавьд замын урд тал нь илүү хогтой байх аж. Зуунмодны ойролцоо ойрхон хэд хэдэн шуудайтай хог хэвтэнэ. Энэ хэсэгт эргэн тойрноо ажихад нэлэнхүйдээ хог. Гялгар уут, ундааны сав, архины шил дийлэнх нь. Харин Цонжинболдог дахь Чингис хааны хөшөөтэй цогцолборын хашаа, үүд хавиар цэвэрхэн ажээ. Өдөр бүр, магадгүй өглөө, оройгүй цэвэрлэдэг байх.
Баяндэлгэрт
Тэндээс цааш санасныг бодвол гайгүй байсан юм. Баяндаваа өнгөрч, Төв аймгийн Эрдэнэ сум орлоо. Сумын төвд Налайх орчимтой харьцуулахад хог тийм их биш ч, бас л энд тэнд тогтсон элдэв юм байна. Тус сумын төвөөс зүүнийг чиглэн гарах ахуйд замын хоёр талаар хогон цуваа угтав. Нэг хэсэг газар шонгийн мод хооронд нарийхан зурвас газар нүдэн баримжаагаар машин хэрийн хогтой. “Гэнэт энэ хавьд яагаад ийм их хогтой болов” хэмээн бодож эргэн тойрноо харвал сумын төвийн зүүн хойд уулын энгэрт, нэлээд дээхнэ хүн тавьдаг чимээгүй хот уу даа гэж харахаар, талбай ч томтой хогийн цэг байх ажээ. Тэрхүү том талбайн гол хэсэг ногоорон харагдана. Гууль, шарилж байх. Тэнд ил, задгай асгасан хог салхинд хийсээд нам дор газар бөөгнөрдөг биз ээ. Харин тэр зурвас газар бөөн байгаа нь бол зориуд асгасан нь илт. Чимээгүй хот мэт харагдах хогийн цэгээр буцахдаа дайрахаар болж, цааш давхив.
Төв аймгийн Эрдэнэ сумын хогийн цэг их гоё нар туссан энгэр газарт байх аж. Хогийн цэг хашаагүй
Эрдэнэ болон Баяндэлгэр сумын хооронд байх Дөтлүүрийн даваан дээр гурав, дөрвөн хэсэг хог байна. Уг давааны хоёр оройн наад талын овоо бас хогонд дарагджээ. Сүсэлж мөргөн, залбирдаг овоон дээрээ хэрэггүй болгоноо хаядаг, овоолдог болоо юу. Хоосон цаасан хайрцаг хүртэл байх юм. Дөтлүүр уруудан явж байхдаа ч хог байгаа тухай тэмдэглэж л явлаа.
Явсаар Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт хүрэв. Социализмын үеэс бамбагар цагаан эсгий гутлын үйлдвэрлэл, үнээний механикжсан фермтэй зэргээрээ улсдаа танигдсан, байшин сууц нь орос маягтай цэвэрхэн, цомхон сум байсан тухай ярилцсаар, шууд л хогийн цэгт нь очсон юм. Сумын төвийн зүүн урд, өндөрлөг газрын оройд байх цэгт тулж очоод зогстол малын сэг зэмийн үнэр горьгүй байсан тул салхины нь дээр гарч байгаад хогийн цэгийн байдалтай танилцлаа. Үндсэн цэгээс гадна түүний эргэн тойронд ойролцоогоор хагас га хэрийн талбай нэл хог. Уг нь хашаатай байсан бололтой, зарим газраа сэрийж сарайсан юм үзэгдэнэ. Цаана нь сумын төв харагдах аж. Оршин суугчид өглөө бүр ургахын улаан наран доороос өөрсдийнхөө тарьсан, “хурааж арвижуулж” буй хогийг харж хорвоогийн нэгэн өдрийг угтдаг байх нь. Энэ задгай хог хүчтэйхэн салхинд хаа ч хүртэл хийсэж одно шүү дээ.
Ахуйн болон барилгын хогийг ч “Мянганы зам” дагуу шуудай шуудайгаар нь хаядаг
Хогийн цэгтэй нь танилцсаны дараа тус сумын Засаг дарга Г.Баасанжавтай уулзлаа. Засаг дарга үдийн цайндаа гарч явсан хэрнээ “Өнөөдөр” сонины логотой машин хараад, “Хэрэг зорилготой л яваа байх” гэж бодоод зогсож хүлээсэнд нь талархал илэрхийлээд эдний сумын болон ер нь орон нутгийн хог гэсэн сэдвээр товч ярилцсан юм. Тэрбээр “Сумын Засаг дарга нарын ажлын үзүүлэлтийн чухал хэсэг нь хог. Манай сум 1960-аад онд байгуулагдсан цагаас хойш хогийн цэг энд байгаа.
Уг нь хашаатай. Гэтэл унтаад сэрэхэд л хуу татаад аваад явчихсан байдаг нь хэцүү. Бид байсхийгээд л сумынхаа төсвийн алба хаагч 97 хүнийг дайчилж хогоо янзалдаг. Хичээл, сургуулийн бэлтгэл гээд наймдугаар сард хэн хүнгүй зав муутай байлаа. Маргааш төсвийнхнөө цуглуулж хог түрж нүхэнд нь хийх ажлын хуваарь гаргаад байгаа юм. Хогийн асуудлыг шийдэх 200 мянган төгрөгийн төсөвтэй. Одоо хашаа дахин янзлах хөрөнгийг яах вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулах болж байна.
Оршин суугчидтайгаа хогноос болж муудалцах нь бий. Ахуйн болон үйлдвэрийн хогоо машинаар ачиж хаяхдаа нүхэнд хийхгүй, амсарт нь дөхүүлэх ч үгүй, наана ил задгай хаячих юм. Нүх рүү нь дөхөж очвол машины дугуй хагарчихна гэдэг. Ингэж хүн бүрийн гадаа нь хаясан хогийг төсвөөс цалин авдаг хэдэн албан хаагч цуглуулж нүх рүү хийх амаргүй. Уг нь тэдний ажил биш шүү дээ. Манай сумаар улсын төв, “Мянганы зам” дайрч өнгөрдөг. Баруун, зүүн тийш өдөр, шөнө явсан хүмүүс барилгын ч бай, ахуйн ч бай хогийг шуудай шуудайгаар нь замын хоёр талаар хаядаг. Тэр болгоныг бид л түүнэ. Хог цэвэрлэх орон тооны ажилчин бол үүрэг нь учраас орцны цэвэрлэгч шиг өдөр бүр ажиллана шүү дээ.
Ийм нөхцөл байдал үүсээд байна. Аль ч аймаг, суманд адилхан. Хог хариуцсан ажилчны орон тоо батлаад өгдөг бол байдал эрс сайжирна гэж бодож байна. Би өнгөрсөн хавар Багануураас хуванцар сав түүдэг хүмүүсийг авчирч хогийн цэгийнхээ ундааны сав түүлгэсэн юм. Хоёр машин сав гарч байна лээ. Тэр хүмүүсийг зориуд хэлж ярьж байж авчирсан. Түүнээс биш ийм хур хог руу орох хүн олдохгүй. Уг нь хог ачиж очсон хүн болгон нүхэнд нь хийгээд байх юм бол гадагш гарахгүй, тэр дотроо ялзраад байх учиртай. Товчхондоо хэлэхэд иргэдийн ухамсар улам доройтож байгаатай холбоотойгоор орон нутаг хогондоо дарагдаж байна” хэмээн ярилаа.
Нэг үеэ бодвол иргэд хаа таарсан газраа хог хаях нь багасаад байгаа. Хүүхэд багачууддаа ч сургаж заадаг нь олон болсон. Голын эрэг, уулын нуга хаа ч тэр, ууж идсэн бол хогоо ууталж аваад хотод хамгийн түрүүн таарсан зориулалтын саванд хаядаг. Бүгд ийм биш ч, 2000-аад онтой харьцуулахад хавьгүй дээрдсэн. Гэтэл орон нутаг хогон далай болох дөхөөд буйн учир Засаг даргын ярианд байна бус уу. Сум бүрт хог хариуцсан, дор хаяж цэвэрлэгчийн цалинтай орон тооны ажилчин байвал үнэхээр тэр хүн хог “маллаад”, машинаар ачиж очих болгонд нь гараашийн зохицуулагч шиг зааж зааварчлаад нүх рүү нь хийлгээд байх юм биш үү. Тэр ажилчинд ногооны талбайн манаач шиг хогийн цэгийн ойролцоо гэр бариад өгч ч болох бус уу. Иймхэн, санаад, хэрэгжүүлчих зүйлийг яагаад өдий болтол хийдэггүй юм бэ. Хэн хийх ёстой вэ. Хог хаягдлын тухай хууль яаж хэрэгжихээрээ өдийд Монголын хөдөө бүхэлдээ хогийн цэг болчих дөхөж байна вэ.
Ер нь хотын ч бай, хөдөөгийн ч бай хогийг яаж байгаль орчин, эрүүл ахуйд хор нөлөө багатайгаар зохицуулах ёстой вэ. Засаг даргаас “Хогийг багахан талбайд бөөгнүүлж байгаад долоо хоногт нэг удаа шатаагаад байж болохгүй юу” гэж асуухад “Болохгүй, агаар орчны бохирдол үүснэ” гэсэн юм. Ийм байдалд хүргэхгүйн тулд хогийг нүх ухаж цуглуулан ялзруулахыг ландфиллийн арга гэдэг гэнэ. Хөрс бохирдох нь агаар бохирдсоноос аюул багатай гэж ойлгох уу. Хог ялгах, боловсруулах, нэг удаагийн хэрэглээний хуванцар голдуу сав, гялгар уутыг хэрэглээнээс халах ажлыг бодитоор хийх тухай төлөвлөсөн ажил байна уу.
Агаар нь цэнгэг хөдөө нутаг маань хогийн тантан болж гүйцэх нь. Ард түмний, төрийн өмнө энэ асуудлыг хариуцаж, ажил эрхэлж, цалин хөлс авч суугаа нөхөд олон. Энэ хүмүүс улс орноо хоггүй байлгах талд санаачилгатай, үр дүнтэй ажиллах цаг болжээ. Гол нь үр дүн. Өөрөөр хэлбэл, Монголын хот ч, хөдөө ч хоггүй байх ёстой.