Баянзүрх дүүрэгт байрлах 21 дүгээр сургуулийн барилгыг буулгаж байнад
Шинэ хичээлийн жил багш нарын ажил хаялтаар эхэллээ. Гурван талт зөвшилцлийн хүрээнд өнөөдрөөс бүх сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр болоод буй. Гэсэн ч асуудал үүгээр дуусахгүй. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байргүй, тодруулбал, хүүхдүүдээ суулгах анги танхимгүй, барилгагүй сургууль байгаа нь асуудал болж байна. Учир нь Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр энэ жил гурван сургууль, 12 цэцэрлэгийн барилгыг нурааж, шинээр барихаар болсон юм.
Тэдний нэг нь Хан-Уул дүүрэгт байрлах 75 дугаар сургууль. Нийт 1300 орчим сурагчтай тус сургуулийн сурагчид өдгөө “Арвист хангай” сургуулийн байранд хичээллэж буй гэнэ. Өдрийн гурван ээлжээр буюу 08.30-11.45, 12.00-15.00, 15.20-19.20 цагт хичээллэж байна. 75 дугаар сургуулийн барилгыг нураах сургаар “Газрыг нь зарж байна” гэх мэдээлэл иргэдийн чихэнд хүрч, ширүүхэн маргаан болсон хэдий ч олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар шинэчлэж буйг сургуулийн захирал нь хэллээ. Тус барилгыг 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй аж. Тэр хүртэлх хоёр жилийн хугацаанд сурагчид яах вэ. Энэ талаар сургуулийнхнаас тодруулахад “Арвист хангай” сургууль 70 орчим сурагчтай. Өөр сургуулийн хүүхдүүд суралцлаа гээд дотоод зохион байгуулалтад нь ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг хэлсэн юм.
Барилгыг нь нураагаад байгаа бас нэг сургууль бол Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургууль. 1-5 дугаар ангийн сурагчид нь 33, 48, “Шилдэг” сургуульд таран хичээллэж буй. 6-12 дугаар ангийнхан нь багш нар нь ажил хаясан 92 дугаар сургуульд түр хичээллэж байсан юм. “Эзэнгүй айлын эзэд” өнөөдрөөс ирэхээр 21 дүгээр сургуулийн сурагчид хаачих нь тодорхойгүй байгаа бөгөөд эл асуудлыг хэрхэн шийдэх нь бүрхэг хэвээр үлдлээ. Тус сургууль нь хими, биологийн гүнзгийрүүлсэн сургалттай учраас хүүхдүүд шалгалт өгч, босгоор нь давах эрх олж авдаг. Гэтэл өндөр шалгуур давж, бусдаас илүү боловсрол олж авах гэсэн боловч бүр суралцах сургууль ч үгүй үлдэнэ гэж хэн санах билээ. “Сахил хүртээд шал дордов” гэдэг шиг л хоцрох нь.
Баянгол дүүрэгт байрладаг 19 дүгээр сургуулийн барилгыг мөн ашиглалтаас хасчээ. 2019 оны есдүгээр сард ашиглалтад оруулах ёстой ч одоог хүртэл барилгыг нь нураагаагүй, хаанахын, ямар компани барих нь тодорхой бус байгаа юм. Сургуулийн захирал нь “Энэ сарын дундуур дахин тендер зарлаж, гүйцэтгэгч байгууллагаа сонгон шалгаруулах юм гэсэн. Улсаас гаргаж буй мөнгө нь хүрэлцэхгүй гээд компаниуд ажил гүйцэтгэхээс татгалзсан юм гэнэ билээ” гэв. Уг нь тус сургуульд нийт 1317 сурагч зөвхөн энэ хичээлийн жилд суралцах аж. Жил ирэх тусам энэ тоо өснө. Гэтэл БСШУСЯ-ны зарласан тендерт 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих захиалга өгсөн байх юм.
Үүнд нийт гурван тэрбум 266 сая 800 мянган төгрөг төсөвлөжээ. Жил ирэх тусам хүн амын тоо, төрөлт нэмэгдэж буй манай улсад сургууль, цэцэрлэг агаар, ус мэт хэрэгтэй. Гэтэл 1300 гаруй сурагчтай сургуулийн барилгыг нурааж, дахин барихдаа 640 хүүхдийнх болгож буй нь ойлгомжгүй. Хуучирч, муудсан барилгыг шинэчилж, хүүхдийн сурч боловсрох нөхцөлийг нь сайжруулж байгаа нь сайшаалтай ч сургуулийн багтаамжийг хоёр дахин багасгаж буйг харахад, хуучин муу ч гэсэн арай олон хүүхдийн багтаамжтай барилга байсан нь дээр ч юм шиг. Тэгвэл ядаж нэг ч гэсэн хүүхэд сургуультайгаа үлдэнэ.
Хан-Уул дүүрэгт байрлах 75 дугаар сургуулийн барилгын ажил
Зөвхөн гурван сургуулийн өнөөгийн байдлыг дурдахад иймэрхүү дүр зураг ажиглагдаж буй. Үүний цаана дахиад 12 цэцэрлэг ийм асуудалтай тулгарчихсан, хүүхдүүдээ хаана хүмүүжүүлэх вэ гэж сууна. Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэгийн шинэ барилга мөн л ирэх оны есдүгээр сард ашиглалтад орох ёстой ч одоог хүртэл бариулах компанийг шалгаруулаагүй. Хүйтний улирал давамгайлдаг манай улсад зун, намрын хэдхэн сард барилгын ажил хийдэг. Энэ жилийн бүтээн байгуулалтын улирал тэднийг ажлаа эхлээ ч үгүй байхад нь шувтарчихлаа.
Өнгөрсөн зуныг тендер зарлаж, барилгын компани хайсаар өнгөрөөжээ. Барилгын ажил хийх сүүлийн сар талдаа орж байхад ийнхүү барих компани нь олдоогүй байгаа юм чинь ирэх оны есдүгээр сард шинэ барилгатай болно гэдэг юу л бол. Харин Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг өнгөрсөн тавдугаар сараас буулгаж эхэлсэн бөгөөд одоогоор нэгдүгээр давхрын угсралтын ажлыг хийж буй аж. Нийт 115 хүүхэдтэй тус цэцэрлэг 124, 31 дүгээр цэцэрлэгт хүүхдүүдээ хуваарилан, хичээллүүлж байгаа гэнэ.
Энэ жил дахин төлөвлөлтөд багтсан гурван сургууль 2020, 12 цэцэрлэг ирэх онд шинэхэн өргөөтэй болох ёстой ч энэ мэт тендерийн маргаантай асуудлаас болж барих компани олдохгүй байна. Тиймээс цэцэрлэгийн хүүхдүүд ирэх жилүүдэд ч “айлаар хоноглох” нь.