Авлига нийгмийн салаа мөчир бүрт хачиг, хувалз мэт шигдсэн ч аваад хаячих гэхээр баригдах бие нь олдохгүй, тэгсэн хэрнээ хор уршиг тарьсаар, хохирогч нь олон нийт болсоор удсан. Барьж чаддаггүй нь хуультай холбоотой. Авлига өгсөн, авсан хоёрыг хоёуланг нь шийтгэх болохоор сүүлчийн тэнэг л биш бол юу гэж авч, өгч байгаагаа мэдэгдэх вэ. Нэгдүгээр сургуулийн захирал, түүнд мөнгө өгсөн нөхөр хоёр харин гэнэ алдаж баривчлагдав. Тэднээс гадна хуруу дарам цөөн хүн ийм үндэслэлээр ял шийтгүүлсэн түүх бий. Гэтэл нийгэм бүхэлдээ авлигаас болж туйлдаж буйг бүгд хүлээн зөвшөөрдөг.
Яагаад энэ тухай дурдав гэхээр авлигаас дутахгүй, мөн гарт баригдаж, нүдэнд харагдахгүй хэрнээ ихээхэн хортой бас нэг төрлийн гай бол ёс зүйн доройтол гэдгийг хэлэх гэснийх. Ёс зүйн алдаа, завхрал хаана ч гарсаар байгаа бөгөөд энэ нь жирийн үзэгдэл мэт болж хавтгайрсан нь аюул. Энэ удаа “хамар дор” буй жишээнд тулгуурлан багшийн, тэр дундаа дунд сургуулийн багшийн ёс зүй гэсэн сэдвийг хөндөж байна.
Дунд сургуулийн багш нар сурагчдаа аар саархан шалтгаанаар ялгаж алаг үзэх, хэлэх, хэлэхгүй үгээр дайрах, эцэг, эх, гэр бүлд нь нэр, хоч өгөх нь аль ч үед байсаар ирсэн. Одоо ч байгаа аж. Олны яриагаар бол хүүхдийг нь үл тоомсорлож, эцэг, эхээс нь гар харах зэрэг үзэгдэл бол нэлэнхүйдээ. Албан ёсны тоо баримт лавлаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл авахад 2018 оны эхнээс наймдугаар сарын 30 хүртэлх хугацаанд “Хүүхдийн тусламжийн 108” утас руу багш нар хүүхдэд таагүй хандсан, мөнгө нэхсэн, үе тэнгийнхэн нэгнээ дээрэлхэж, дарамталсан гэх зэрэг 862 дуудлага буюу гомдол ирсэн аж. Үүний 60 орчим хувь нь багш сурагчтайгаа зөв зохисгүй харилцсан тухай, харин 40 орчим хувь нь үе тэнгийнхний хоорондын сөрөг харилцаатай холбоотой байжээ. Эдгээр мэдээлэл дунд зөрчилтэй холбоотой хэрэг байх юм бол шууд хүүхдийн эрхийн улсын байцаагч руу тухайн харьяаллаар нь шилжүүлж шийдвэрлүүлдэг байна.
Багш нар сурагчдадаа таагүй хандсан тухай мэдээлэл ийм олон байх юм гэж санаагүй. Олны яриад байгаа сургуулийн орчинд хүүхэд гадуурхдаг, дарамталдаг асуудал байгаа нь үнэн аж. Хэдхэн хоногийн өмнө нэгэн ээж уулзлаа. “Охин минь сургуульд орсон цагаасаа багшийн, сургуулийн орчны дарамтад найман жилийг үдлээ. Одоо ч заримдаа хичээлдээ явахгүй өнжиж байна. Энэ хүүхдийг хаашаа шилжүүлдэг юм билээ. Хичээлдээ сайн юм чинь хоёр хөрш орны нэгэнд аваачиж сургуульд оруулбал алзахгүй сурах байх ч гэж бодох юм” хэмээн хоолой зангируулан ярьсан нь энэ асуудлыг судалж үзэхэд хүргэсэн юм. Хүүхдийн болон ээжийн нэрийг хэлж, сургууль, харьяаллыг нь дурдахгүй байх нь тэднийг хамгаалах арга хэмээн бодно.
Хүүхдийг нь хэзээ, хаана, юуны учир ямар багш дарамталж эхлээд өдий болсон хэрэг вэ. Ээж нь ярих дуртай байсан тул сонслоо. Магадгүй дотроо онгойлгох гэсэн ч байж болох юм. Одоогоос найман жилийн өмнө энэ эмэгтэйн хожуу төрсөн хэнз охин нийслэлийн нэгэн дунд сургуулийн босгоор алхаж сурагч болжээ. Анги нь олон хүүхэдтэй. Хичээл эхлээд нэг сар болох үед ангийн багш хүүхдийг нь зурахдаа тааруу байна гэж л дээ.
Тэгэхээр нь аав, ээж хоёр нь хүүхдэдээ зургийн хичээлийн дөр суулгахын тулд аль болох сонирхол төрүүлж, ойлгуулахыг хичээн хамтран ажилласан ч дэвшил төдийлөн гараагүй юм уу даа. Багш ганц энэ биш, өөр мэр сэр юм хэлж, ер нь энэ хүүхэдтэй ажилламааргүй байна гэж хэлэх шинжтэй байсан гэнэ. Хэд хоногийн дараа өнөөх багш ангийн таван хүүхдийн нэр заан эцэг, эхэд нь “Анги олон хүүхэдтэй хэцүү байна. Та нар хүүхдүүдээ аваад явж болно. Хаана аваачиж оруулахаа өөрсдөө мэдээрэй” гэснээс асуудал үүсчээ. Ангийн багшдаа илүү харагдсан таван бяцхан сурагчийн аав, ээж сургуулийн захиргаанд нь хэлж байгаад нөгөө бүлэгт нь оруулж.
Гэтэл тэдгээр хүүхдийг хүлээж авсан багшид нөгөө “атаман” багш ийм хүүхдүүдийг хэрхдэг тухай “зааж”, “зөвлөх” болсныг бусад хүн эцэг, эхчүүдэд мэдээлжээ. Энэ тухай сонссон ээж учрыг олох гэж хэрэндээ хичээсэн ч эцэст нь ардын сургуулийн алтан босго анх алхаад удаагүй жаал охин сургуульд явахгүй гэж гэнэ. Тэр жил хүүхдээ өнжүүлээд, дараа нь охиноо аргадаж байж дахин сургуульд явуулсан ч охин өмнөх шигээ, цэцэрлэгт дуулж, бүжиглэхийг үзүүлдэг байсан шигээ сэргэлэн цовоо биш, хүний нүүр харахтай үгүйтэй байгааг гэрийнхэн нь анзаарсан тул өөр сургуульд оруулах нь дээр гэж үзээд шилжүүлжээ. Гэтэл тэнд угтаж авсан багш нь сургууль сольсон айхтар хүүхэд хэмээн дурамжхан хүлээж авсан бөгөөд охинд таатай хандаж байгаагүйгээр үл барам ийм хүүхдийг ангидаа байлгах нь зохистой, эсэхийг хэлэлцүүлэхээр эцэг, эхийн хурал зарласан удаатай аж.
Он жилүүд өнгөрч, хүүхдүүд дунд ангийн сурагчид болсон ч охин ангидаа найзгүй хэвээр. Энэ тухай тэмдэглэлийн дэвтэртээ бичээд өөрийгөө энэ дэлхийн хамгийн азгүй охин хэмээснийг ээж нь уншаад өр нь өмрөх шиг болжээ. Охин саяхан ээжээсээ “Ангийнхан тойрч зогсоод, юм яриад гоё байж байснаа намайг ирэхээр бүгд дуугүй болчих юм. Надаас юу нуудаг юм бол. Би ганцаараа байхаас залхаж байна. Сургуулийн цайны газарт орсон ч, ойр зуур алхсан ч үргэлж ганцаараа, над шиг ийм хүүхэд байдаггүй, би ямар хүүхэд юм бэ” гэж асуужээ.
Ээжид нь хэлэх үг олдоогүй гэнэ. Багадаа бүхний манлайд дэгдэж, дэрвэж байсан охин сургуульд орж, багш гэдэг хүнтэй нүүр учирсан цагаас хойш “ам руугаа алгадуулсаар” байгаад одоо нас биед хүрэхийн цагт үеийнхэндээ гадуурхагдсан, багшдаа ад үзэгдсэн хүүхэд болчих юм гэж энэ гэр бүлийнхний хэн нь ч төсөөлөөгүй нь мэдээж. “Бид хүүхдээ өөр сургуульд явуулахын тулд хэсэгтээ ойр орчимд нь байр хөлсөлж амьдарсан. Одоо гэртээ байгаа. Охин гэртээ орж ирээд л хөшиг хаадаг. Өөрийг нь анх ад үзсэн тэр сургуулийг өрөөнийхөө цонхоороо харахгүй гэдэг” хэмээн ярих ээжийн аньсага үргэлж нойтон байсан юм.
Энэ ээж “Сэтгүүлч та миний хүүхдийг нэгдүгээр ангид оронгуут нь ад үзэж эхэлсэн тэр багштай очиж уулзаад, яагаад ийм зан авир гаргадаг талаар нь асуух юм уу” гэсэн. Очиж болно. Тэр багш өөрийгөө буруутгах уу, ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх үү. Ийнхүү бодсон тул хэд хоног тунгаасны эцэст ийм тохиолдолд хаана хандах ёстойг мэдэхээр зорьсон юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын боловсролын хяналт эрхэлсэн байцаагч хариуцдаггүй юм байна. Нийслэлийн Боловсролын газар дэргэдээ Ёс зүйн зөвлөлтэй байсан ч ердөө хэд хоногийн өмнө татан буулгажээ. Одоо гомдол, саналыг дүүргүүдэд хүлээж авах бөгөөд хуулийн хүрээнд асуудал шийдэх бол Зөрчлийн тухай хуульд зааснаар ёс зүйн алдаа гаргасан боловсролын байгууллагыг 200, харин ажилтныг 50-100 мянган төгрөгөөр торгоно. Хэрвээ асуудлыг эрүүгийн шинжтэй гэж үзвэл өөрөөр авч үзэх аж.
Ганц найдах байгууллага байгаа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар юм байна. Тэнд асуудлыг шат дараалалтай авч үздэг. Нийтлэл бичих үү, болих уу гэж бодож байх зуур энэ бүхнийг ярьсан ээж тухайн байгууллагад хандсан байлаа. Эдүгээ тус газрын мэргэжилтнүүд энэ явдал сургуулийн орчинд хүүхэд гадуурхсан хэрэг мөн, эсэхийг нягталж хянахаар ажилдаа орсон аж. Дүгнэлт гарах болоогүй.
Энд юу анхаарал татав гэхээр Зөрчлийн тухай хуулийн, ёс зүйн алдаа гаргасан боловсролын байгууллагыг 200, харин ажилтныг 50-100 мянган төгрөгөөр торгох тухай заалт юм. Жишээ нь, энэ охин сургуульд сурах бүхий л хугацаандаа гадуурхагдаж ирсэн нь тогтоогдвол түрүүчийн сургуулийн бага ангийн багш болон одоо сурч байгаа сургуулийн анги даасан багш хоёрыг энэ хэмжээний мөнгөөр торгоод л өнгөрөх бололтой. Гэтэл өсвөр насны хүүхэд сургуулиа харахгүй гэж өдөр бүр гэрийнхээ хөшгийг хаах хүртэл гэмтсэн сэтгэлийн шархыг яаж нөхөх вэ. Энэ гомдол, гуниг, үүнээс үүдэлтэй сэтгэл гутралын хор хохирлыг юугаар хэмжиж, ямар нөхөн төлбөр хаанаас олгох вэ. Ямар ч нөхөн төлбөр энэ шархыг нөхөхгүй, эдгээхгүй.
Балчир хүүхдийн тунгалаг сэтгэл ухаангүй томчуудын балгаар хиртэж, сургуульд сурах хүсэл тэмүүлэл нь бөхсөн. Үүнд магадгүй хүүхдийнхээ төлөө бусдаас арай илүү хүчин чармайлт гаргасан байж болох ээж нь буруутайг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл хойд хөршид их сургууль төгсөж, цагтаа хийж бүтээж явсан эмэгтэй зарчимч шаардлага нэг бус удаа тавьсан ч байх. Үүнийг нь хүн ёсоор хүлээж авалгүй, буруу санаж, мушгин гуйвуулж, бяцхан охиных нь сэтгэлийг сэвтээн, “Сургууль, багш гэж ийм муухай байдаг юм байна” гэсэн хар толбо зүрхэнд нь суулгаж, олон жилийн эцэст “муу нэртэй, луу данстай” болгох эх үүсвэрийг тавьсан анхны бага ангийн багшид нь ихээр бодоход 100 мянган төгрөгийн торгуул ногдуулна. Хэрвээ дарамталсан нь нотлогдвол шүү дээ.
“Хүүхдийн тусламжийн 108” утсанд найман сарын турш 862 гомдол ирсний 60 орчим хувь нь багш сурагчтайгаа зөв зохисгүй харилцсан тухай байсан гээд бодохоор багшийн ёс зүйн алдаа, доголдол хүүхдийн, хүний, гэр бүлийн амьдралд ямар их хор хохирол учруулан олон нийтийг авлига мэт зүдрээж байгааг харж болохоор.
Хэмжих нэгжгүй энэ хохирол авлига нийгмийг торлосонтой адил аюултай асуудал бус уу. Авлигачдыг журамлахаар АТГ ажилладагтай адил ёс зүйн алдаа гаргагсдыг номонд нь оруулах хатуу гар байх ёстой баймаар. Гэтэл ёс зүйн алдаа гаргадаг багш нарыг журамлан цэгцэлж, багш байлгах, эсэх тухай асуудал дэвшүүлж байх түвшний Ёс зүйн зөвлөлөө нийслэлийн Боловсролын газар татан буулгасан нь сурагчдыг, тэдний эцэг, эхийг алаг үзэж, гадуурхаж, дарамталдаг багш нарын толгойг илж, зөвтгөж байхтай агаар нэгэн мэт.