Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжан улсад долоон хоногийн дараа эхэлж, 130 орны эрэгтэй 502, эмэгтэй 315 бөх өрсөлдөнө. Баку хотод анх удаа зохион байгуулах тэмцээн найман хоног үргэлжлэн, өдөр бүр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг жингийн аваргыг тодруулах юм. 6000 суудалтай “National gymnastics arena” цэнгэлдэхэд болж, ганцаарчилсан 14 жин, холимог багийн төрөлд шилдэг тодрох тэмцээнд манай улс 18 бөх сойно.
Энэ сарын 20-нд эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48, 21-нд 66, 52, 22-нд 73, 57, 23-нд 81, 63, 24-нд 90, 70, 25-нд 100, -78, 26-нд +100, +78 кг-ын барилдаан болох хуваарьтай. Өнгөрсөн жил монгол жүдочид ДАШТ-ээс алт, мөнгө тус бүр нэг, дөрвөн хүрэл медаль хүртэн, давтахад бэрх амжилтын эзэн болсон. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө болсон Азийн наадмаас түрүү хүртээгүй, бэлтгэл, барилдааны тактик гээд юм юм дутуу байгаа нь анзаарагдсан.
Монголын хөнгөн жингийн бөхчүүд дэлхийд алдартай. Тиймээс бид энэ удаа эрэгтэйчүүдийн 60, 73, эмэгтэйчүүдийн 48, 57 кг-ын бөхчүүдийн өрсөлдөөнийг хэрхэн таамаглаж буйгаа сонирхуулъя.
Б.АМАРТҮВШИН ЭХНИЙ ДАВААНААС Л “АКУЛ”-УУДТАЙ ӨРСӨЛДӨНӨ
Монголын жүдо бөхийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан жин бол яахын аргагүй эрэгтэйчүүдийн 60 кг. Өнөө жил 58 орны 73 жүдоч зодоглох эл жинд дэлхийн аварга Г.Болдбаатар, Гавьяат тамирчин Д.Амартүвшин нарыг өнжөөн, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай Б.Амартүвшин өрсөлдөнө.
21 настай манай тамирчинд дэлхийн медальтай болох боломж хомс. ДАШТ-д анх удаа зодоглох тэрбээр чансаагаар дэлхийд 38-д эрэмбэтэй. Чансаа багатай тул эхний тойргоос л дэлхийн шилдгүүдтэй, сул өрсөлдөгч таарлаа л гэхэд ДАШТ-ий медальтай бөхтэй зодоглох нь тодорхой.
60 кг-ын бөхчүүдийн чансааг залуучуудын дэлхийн аварга, Японы Рюжи Нагаяма тэргүүлж байна. Тиймээс япон эр А хэсэгт Их Британийн Эшли Макензитэй хуваарилагдах нь тодорхой болсон. В хэсэгт дэлхийн хошой аварга, Японы Наохиса Такато залуучуудын дэлхийн аварга, Испанийн Ф.Гаррисотой эхний даваанд өрсөлдөнө. Тэдний ялсан нь Рюжи Нагаяматай хүч сорих боломжтой.
С хэсгийг чансаагаараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэтэй, ОХУ-ын Роберт Мешвидобазе тэргүүлж, түүнтэй Узбекистаны Ш.Лутфиллаев барилдана. D-д Гүржийн Амиран Папинишвили өрсөлдөх бол олимпын аварга, ОХУ-ын Б.Мудранов, өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азербайжаны Орхан Сафаров нар сугалаагаар шидэгдэн, аль хэсэгт зодоглох нь тодорно.
Шилдгүүдээс дэлхийн аварга, Казахстаны Е.Сметов гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжиж байгаа бол олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Узбекистаны Д.Урозбоев “Баку-2018”-ыг зурагтаар үзэхээр болжээ. Олимпын хүрэл медальтай Н.Такато дэлхийн дэвжээнд гурав дахиа түрүүлж, өнгөрсөн жил хошой аварга болсноо баталж чадах, эсэх нь бөхчүүдийн анхаарлыг гойд татаж байна. Түүнтэй О.Сафаров, Б.Мудранов нар дэлхийн аварга цолны төлөө гол өрсөлдөөнийг гаргах болов уу.
Г.ОДБАЯР ХАГАС ШИГШЭЭД С.ХАШИМОТОТОЙ БАРИЛДАХ МАГАДЛАЛТАЙ
69 орны 89 бөх өрсөлдөх эрэгтэйчүүдийн 73 кг-д Монголоос өнгөрсөн жил ДАШТ-ээс хүрэл медаль авсан, Гавьяат тамирчин Г.Одбаяр, залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Ц.Цогтбаатар нар зодоглоно. Дэлхийн аваргаа хамгаалан өрсөлдөх Японы С.Хашимото эл жингийн тамирчдыг чансаагаараа тэргүүлэн, А хэсэгт барилдана.
Түүнтэй эхний тойрогт Парисын “Их дуулга”, Загребын гран пригийн аварга А.Гжакова учраа таарчээ. В хэсгийг Г.Одбаяр гавьяат тэргүүлж, эзэн орны бөх, залуучуудын дэлхийн аварга Х.Хейдоравтай хүч сорино. Манай тамирчин хэсгээсээ шалгарвал хагас шигшээд дэлхийн аварга С.Хашимототой өрөлдөх магадлалтай. Харин Ц.Цогтбаатар сугалаагаар шидэгдэн, C, D хэсгийн аль нэгэнд нь өрсөлдөнө.
2015 онд дэлхийн дэвжээнд хүч сорьсон туршлагатай түүнийг хэр оролцох, ямар барилдахыг таамаглахад бэрх. Ц.Цогтбаатар хайнга, хэнэггүй, тактикийн гэхээс илүү том үнэлгээ авах гэж хэтэрхий яараад алдаа гаргасан нь олонтоо. Хамгийн сүүлд гэхэд “Жакарта-Палембан-2018”-д яалаа. Өрсөлдөгчөөсөө үнэлгээгээр илүү байгаа мөртлөө бүр илүүрхэх гэж юм уу цэвэр ялах гэж шунаад алддаг, өөртөө хэт итгэлтэй барилддагаа засчихвал түүнд боломж бий.
С хэсэгт жинхэнэ гал гарсан нэгэн барилдаан үзэгчдийг баясгах нь. Энэ бол олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Азербайжаны Р.Оружов, ДАШТ-ий хошой хүрэл медальтай, БНСУ-ын Ан Чан Рим нарын өрсөлдөөн юм. Солонгос эр энэ жил Азийн наадмын шигшээд олимпын аварга Шохо Онод эцсийн мөчид торгуулаар ялагдан, нэлээд бухимдаж яваа.
D хэсэгт олимпын алт, хүрэл медальт, Гүржийн Л.Шавдатуашвили эхний тойрогт Шведийн Т.Мациастай барилдана. Ер нь 73 кг-д олимп, дэлхийн медальтнууд олноороо чихэлдэж байгаа. Дээрх шилдгүүдээс гадна Риогийн олимпын аварга Фабио Басиле, олимп, дэлхийн медальтай Миклош Унгвари, “Рио-2016”-гаас хүрэл медаль авсан Дирк Тишент нар барилдах хэсгээ сугалах тул чансааг тэргүүлэгчидтэй хэддүгээр тойрогт ч учраа таарах магадлалтай.
Г.ОТГОНЦЭЦЭГ Д.БЕЛОДИДЫГ ЗОГСООХ УУ
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын бөхчүүдийг Гавьяат тамирчин М.Уранцэцэг чансаагаараа тэргүүлж, А хэсэгт барилдана. ДАШТ-ий алт, мөнгөн медальтай түүнтэй эл хэсэгт дэлхийд чансаагаар наймд эрэмбэтэй, ДАШТ-ий хүрэл медальт, Унгарын Э.Черновици багтжээ.
Г.Уранцэцэгийн мөнхийн өрсөлдөгч нь гэж тодотгож болох олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын Жон Бе Кеон, олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальтай, Японы Кондо Ами нар өнөө жил ДАШТ-ийг өнжиж байгаа тул манай тамирчинд дэлхийн хошой аварга болох боломж бүр нэмэгдсэн. Өнгөрсөн жил дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн тэрбээр хагас шигшээд 2017 оны дэлхийн аварга, Японы Фүна Тонакитай өрсөлдөнө.
Түүнээс даагаа нэхвэл түрүү булаалдах гол өрсөлдөгч нь олимп, дэлхийн аварга Паула Парето, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг, сүүлийн үед ялагдал гээчийг мартаад буй шинэ од Дария Белодид нар байх юм. Олимп, дэлхийн хүрэл медальтай Г.Отгонцэцэг D хэсэгт өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хойш ялагдал амсалгүй, таван тэмцээнд завсаргүй түрүүлээд буй Украины Д.Белодидтэй багтсан.
Тэд 2017 онд дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд Г.Отгонцэцэг боох мэхээр ялсан бол түүнээс хойш гурван тэмцээнд украин бүсгүй дийлсэн. Энэ удаа Г.Отгонцэцэг ялвал аваргын төлөө М.Уранцэцэгтэй барилдах магадлал өндөр. 48 кг-д 36 орны 44 жүдоч зодоглоно.
Д.СУМЪЯАД ТУЛГАРСАН СОРИЛТ
Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа Азийн наадамд өрсөлдөхдөө ганцаарчилсан болон багийн барилдаанд төдийлөн тодроогүй, залуу бөхчүүдэд өвдөг шороодсон. Олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальтай тэрбээр ойрын хэдэн жил ийм муу формтой байсан нь тун ховор. Хэдхэн хоногийн хугацаанд бэлтгэлээ чамбайруулж, алдаагаа цэгнэн, түрүүлж чадах, эсэх нь мэргэжилтнүүдийн анхаарлыг гойд татаж байна.
Дэлхийн дэвжээнд 57 кг-ын жүдочдыг тэргүүлэн, А хэсэгт хүч сорих тэрбээр эхний тойрогт Францын Х.Ресевүтэй өрсөлдөнө. Манай бөх түүнийг зургаан удаа дараалан ялсан, ер дийлдээгүй тул энэ удаад ч бас өвдөг шороодуулах болов уу. Д.Сумъяа хэсгээсээ шалгарвал хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальтай, Их Британийн Смити Дэвистэй барилдах магадлалтай.
Өнгөрсөн жил түүнд дийлдэн, дэлхийн дэд аварга болсон Японы бөх Ёшида Цүкаса С, энэ онд гурван тэмцээнд түрүүлсэн Нора Гжакова, сүүлийн таван тэмцээнээс дараалан алтан медаль авсан Канадын Кристина Дегүчи нар D хэсэгт багтжээ. Тэднээс гадна Риогийн олимпын аварга Рафаэл Сильва, Азийн наадамд үзүүрлэн, шуугиулсан, 22 настай, Тайванийн бөх Лин Чен Лин нарын шилдгүүд “Баку-2018”-д зодоглоно.