Спорт залуу насны ажил. Тамирчин хүн цахилж яваа залуу нас, аажим аажмаар урсах цаг хугацаатай уралдан, зорилгынхоо төлөө зүтгэж буй олон шилдгээс өрсөн байж амжилтад хүрдэг. Зарим нь богино хугацаанд амжилтад хүрдэг бол цөөнгүй нь олон жил зүтгэн, уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд оргилд нь гарах нь бий. Замын дундаас шантарч, өөр салбарт урвасан хүн ч олон. Спортоо орхин, өөр салбарт хүч сорьж байгаад олон жилийн дараа эргэн ирээд шуугиулсан нь ч бас байх.
Тэгж яваа тамирчдын нэг нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Цогхүүгийн Удвал юм. Өдгөө 24 настай тэрбээр хэдхэн хоногийн өмнө Индонез улсад зохион байгуулсан 18 дахь удаагийн Азийн наадмаас хүрэл медаль хүртэн, анхдагч болсон. Тэгэхдээ тивийнхээ “олимп”-оос Монголын жиү жицүчдийн анхны төдийгүй цорын ганц медалийг энгэртээ зүүв.
Багадаа чөлөөт, жүдо, самбо бөхөөр хичээллэн, чамгүй амжилт гаргасан Ц.Удвал зургаан жил спортоос хөндийрөөд 2017 онд эргэн иржээ. Тэгэхдээ дээрх спортуудаар бус, жиү жицүгээр хичээллэн, жил гаруйн хугацаанд бэлтгэл хийгээд Азийн наадмын медальтан болсон нь яах аргагүй бахдам амжилт. Түүний хувьд хилийн дээс алхаад зодоглосон олон улсын анхны тэмцээн нь тивийн “олимп” байлаа. Ц.Удвал үнэхээр хүнд нөхцөлд, өрсөлдөгчөөсөө гадна шүүлтийн булхай гэдэг лут “амьтан”-тай хүч сориод медаль авсныг нь тодотгоё.
Учир нь, жиү жицүгийн тэмцээний эхний өдөр Монголын тамирчин Ө.Эрдэнэбаатар хагас шигшээд АНЭУ-ын бөх Хамад Навадыг 3:2-оор ялсан. Түүнийг дэвжээнээс буусны дараа спортын хорхойтнууд магнайгаа хагартал баярлаж, Монголын цөөнгүй сайтад “Манай тамирчин мөнгөн медалийн болзол хангалаа. Одоо аваргын төлөө барилдана” хэмээн мэдээлсэн ч өрсөлдөгч нь гомдол гаргасны дагуу шүүгчид барилдааных нь бичлэгийг давтаж үзээд, шийдвэрээ өөрчилсөн. Улмаар Ө.Эрдэнэбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдан, тэмцээнээ харамсалтайгаар дуусгасныг манай уншигчид санаж байгаа биз ээ.
Монголын тамирчид, МҮОХ-ны удирдлага, албаны хүмүүс баараггүй өвөртөлсөн медалиа эргүүлэн авахын төлөө гомдол гаргасан ч үр дүнд хүрээгүй. Шүүлтийн булхайгаас болж амжилтаа луйвардуулах вий гэсэн зовнил, айдас монгол тамирчдыг нөмөрсөн хүнд үед Ц.Удвал дэвжээнд гарав. Тэгэхдээ бүр хүрэл медалийн төлөө эзэн орны бөхтэй өрсөлдөн, идэвхээр ялсан. Гэвч Индонезийн тамирчин ялагдалтайгаа эвлэрэлгүй, гомдол гаргах нь тэр. Эзэн орны дэвжээнд өрсөлдөх ямар хэцүү билээ, өмнөх өдрийнх шиг харамсалтай зүйл давтагдахгүй гэх баталгаа байсангүй.
Ц.Удвал тухайн үед эргэлзээтэй шүүлтийн улмаас ялагдах вий гэж эмээсэн тухайгаа “Ер нь барилдааны үеэр шүүлт нөгөө талд байгааг анзаарсан. Тэр нь намайг идэвхтэй барилдаад байхад торгон, идэвхгүй өрсөлдсөн эзэн орны бөхөд үнэлгээ өгч буйгаас илт мэдрэгдсэн л дээ. Тиймээс өрсөлдөгчөө шүүгчтэй нь хамт ялахаас өөр зам байгаагүй. Аль болох элдэв зүйл бодохгүй, тайван байхыг хичээлээ. Бид хоёрын оноо 2:2-оор тэнцэн, би идэвхээр ялсан. Эзэн орны дасгалжуулагч, албаны хүмүүс гомдол гаргахад юм юм л бодогддог юм билээ.
Хэрвээ шүүгчид шийдвэрээ өөрчилбөл хоосон хоцорно гэж бодохоор харамсмаар. Эзэн орны дасгалжуулагч, тамирчдын гомдлыг хүлээж авахгүй гэхийг сонсоод үнэхээр баярласан. Би хоёрдугаар тойрогт АНЭУ-ын бөхтэй барилдсан юм. Түүнтэй өрсөлдөхийн өмнө Ө.Эрдэнэбаатарт “Найз нь чиний хариуг авна аа” гэж амлан, түүндээ хүрлээ. Үнэнийг хэлэхэд Азийн наадамд сайхан өрсөлдөн, туршлага хуримтлуулъя л гэж бодсоноос медаль санаанд багтаагүй. Багаасаа медаль авах магадлал хамгийн багатай нь би байсан.
Туршлагаар яалт ч үгүй дутуугаа нуугаад яах вэ. Шагналын тавцанд зогсож байхдаа “Монгол хүн болж төрсөндөө, эх орноороо их бахархсан. Хамгийн түрүүнд төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн аав, ээж бодогддог юм билээ. Өөртөө итгээгүй, зүүд юм шиг санагдсан. Монголдоо ирээд 10-аад хонож байна. Нутагтаа очин, хэд хоног сайхан амраад өчигдөр (уржигдар) ирлээ” гэв.
Багын спортод дөртэй, авьяаслаг Ц.Удвал 2007 онд Өвөрхангай аймгийн дасгалжуулагч Батдорж, Бат-Очир нараар жүдо бөх заалгажээ. Тэр жилээ болсон Өвөрхангай аймгийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэн, анхны амжилтаа гаргав. Дараа нь жүдогоос гадна самбо, чөлөөт бөхөөр хичээллэх болж. Жүдогийн өсвөр үеийн УАШТ-ий хүрэл, самбогийн залуучуудын УАШТ-ий мөнгөн медальтай тэрбээр чөлөөт бөхийн Өвөрхангай аймгийн хошой аварга, спортын дэд мастер цолтой. Дээрх гурван төрөлд насанд хүрэгчдийн ангиллын тэмцээнд төдийлөн оролцдоггүй Ц.Удвалын дүү нь самбо бөхийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай Ц.Эрдэнэбилэг. Харамсалтай нь, одоо барилдахаа больж, нутагтаа аав, ээжийнхээ гарын үзүүрт нэмэр болж яваа гэнэ лээ.
Ц.Удвал ерөнхий боловсролын сургууль төгсөн, МУБИС-ийн жүдогийн дасгалжуулагчийн ангид элссэнийхээ дараа хичээлдээ анхаарахын тулд спортоос чамгүй хугацаанд хөндийрчээ. Бөхөөс хөндийрсөн бас нэг шалтгаан нь бэртэл. Аравдугаар ангид сурч байхдаа мотоциклтой онхолдон толгой, оюутан болсныхоо дараа осолдож, хөл нь бэртжээ. Их сургуульд сурч байхдаа хэдхэн удаа бэлтгэл хийснийг эс тооцвол тэмцээнд ер өрсөлдөөгүй гэнэ. Сургуулиа төгссөний дараа нутагтаа ажиллахаар Баянгол суманд очсон байна. Ажлын байрны хомсдол түүнийг ч тойрсонгүй.
Төрийн албаны шалгалтад тэнцсэн ч тусыг эс олов. Амьдрахын эрхэнд Монголд жиү жицүгийн спортыг хөгжүүлсэн О.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай холбогдон, “Гаруда” клубт туслах дасгалжуулагчаар ажиллахаар өнгөрсөн жил Улаанбаатар хотод иржээ. Залуу тамирчдыг дасгалжуулах тусам өөрөө өдрөөс өдөрт жиү жицү бөхөд дурласаар 2017 оны тавдугаар сараас хичээллэж эхэлсэн юм.
Зургаан жилийн дараа тэс өөр бөхийн төрлөөр хичээллэхэд ямар байсан тухай нь түүнээс тодруулахад “Анхандаа дүрэм, барилдааны хэв маягт нь дасахад амар байгаагүй. Бэлтгэл хийх тусам сурч, дасдаг юм билээ. Тухайн үед спортоор дахин хичээллэн, амжилтын төлөө зүтгэе гэж бодоогүй. Ажил хийх л чухал байлаа. Зургаан жилийн дараа спортын өөр төрлөөр хичээллээд богино хугацаанд амжилтад хүрсэн нь хөдөө байхдаа нутгийнхаа Хүрэн овоог тойрч гүйдэг байсны ач болов уу. Өдөр бүр 6-7 км гүйдэг байв. “Гаруда”-гаас түр чөлөө авсан. Хэд хоног амарчихаад ажилдаа орно” хэмээн өгүүлэв.
Цэнхэр бүсний ангилалд барилддаг тэрбээр өнгөрсөн жил Улаанбаатар хотод болсон олон улсын тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртсэн нь жиү жицүгийн анхных нь амжилт юм. Улмаар энэ жил эх орондоо зохион байгуулсан Азийн нээлттэй тэмцээнд түрүүлж, УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Чөлөөт цагаараа зураг зурах, сагсан бөмбөг тоглох дуртай түүний оролцсон дөрөв дэх жиү жицүгийн тэмцээн нь Азийн наадам байлаа.
Тамирчин бүхэн олимпын дэвжээнд зодоглохыг мөрөөддөг. Жүдогоор барилдан, Токиогийн олимпод оролцох бодол бий юү хэмээн асуухад “2020 оны олимп хаяанд ирчихсэн болохоор жүдогоор тууштай барилдах бодол байхгүй ээ. Одоо бэлтгэлээ жиү жицүгээр дагнан хийж байгаа. Ойрын хугацаанд бор бүсний болзол хангах, дэлхийн аварга болох зорилго бол бий. Ер нь сайн дасгалжуулагч болж, олон шилдэг тамирчин бэлтгэхийг хүсдэг. Би хотод түрээсийн байранд амьдардаг. Бөх барилдаад амьдралаа авч явах боломж хомс. Цалин хаана хаанаа хүрэхгүй байх нь түгээмэл. Тиймээс аль болох болгох, хүргэхийн төлөө хичээж явна” гэлээ.