Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ангиллын Азийн АШТ уржигдар Малайзад өндөрлөж, Монголын шигшээ багийнхан анх удаа оролцоод хүрэл медаль хүртэв. В хэсэгт багтсан тэд эхний тойргуудад Иран, Хонконг, Гуамын сагсан бөмбөгчдийг хожиж, хасагдах шатанд Киргизстаныг 21:14-өөр ялсан ч Шинэ Зеландад дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх тоглолтод Катарын багийг 21:12-оор хожжээ. Тэмцээний шилдэг гурван тамирчны нэгээр Г.Ган-Эрдэнийг онцлов. Манай багийн бүрэлдэхүүнд Б.Алтангэрэл, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нар багтсан юм. Тэд ирэх сард Аргентинд болох залуучуудын гуравдугаар олимпод оролцоно.
Мөн Казахстанд болсон, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг 12 багийнхан оролцсон олон улсын тэмцээнд “Улаанбаатар Гаруда” өрсөлдөж, хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Хагас шигшээд Японы багт дийлдсэн тэд хүрэл медалийн төлөөх тоглолтод эзэн орны сагсан бөмбөгчдийг хожжээ. Тэмцээний үеэр болсон холын зайн шидэлтийн төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд Г.Цэнгүүнбаяр, эмэгтэйчүүдийнхэд Э.Чимэддолгор нар түрүүлэв.
Серена Уильямсыг 17 мянган ам.доллароор торгоно
Талбайн теннисний “Их дуулга”-ын 23 түрүүтэй Серена Уильямс Америкийн нээлттэй тэмцээний үеэр шүүгчийг доромжилж, маргалдсан нь спортын ертөнцөд нэлээд дуулиан тариад буй. Аваргын төлөөх тоглолтын үеэр шүүгч Карлос Рамосыг элдвээр доромжилж, албан ёсны завсарлага болоогүй байхад дасгалжуулагчаасаа зөвлөгөө авсан шалтгаанаар 36 настай америк бүсгүйг 17 мянган ам.доллароор торгохоор болжээ. Үүнийг нь тус тэмцээнд гаргасан амжилтынх нь шагнал болох нэг сая ам.доллароос суутгах аж. Сонирхуулахад, Серена Уильямс 2009 онд Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд хожигдохдоо шүүгчийг заналхийлж, 500 ам.доллароор торгуулсан юм.