Улсын наадмын дэвжээнд түрүүлж чадсангүй гэх харуусал, үзүүрлэлээ хэмээх бахдал хосолсон үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжийг таван удаа мэдэрсэн амжилтаар Дархан аварга Д.Дамдин (1961, 1966, 1968, 1969, 1970), Д.Цэрэнтогтох (1981, 1986, 1987, 1988, 1990), улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ (1992, 1993, 1995, 1996, 1997) нар бусдыгаа манлайлдаг.
Ялангуяа олон жил түрүү бөхийн таамагт нэрлүүлж, түүнийг нь ч амжилтаараа харуулж барилдчихаад ганц ч удаа босоо үлдэж чадаагүй Л.Мөнх-Эрдэнэ арслангийн амжилтад өдгөө ч спортын хорхойтнууд харамсаж явдаг. Тэгэх нь ч аргагүй. Дээрх таван үзүүрийнхээ ганцад нь л түрүүлэхэд аварга цол хүртэх байв.
Эл гурван хүчтэний ард дөрвөн үзүүртэй Дархан аварга Ж.Мөнхбат (1972, 1975, 1978, 1982), улсын аварга Д.Сумъяабазар (1998, 1999, 2003, 2005) нар бичигддэг. Мөн улсын наадмын түрүүгээс гурван удаа атгаад алдсан дөрвөн бөх байдаг нь Дархан аварга Ш.Батсуурь (1949, 1953, 1957), улсын аварга Д.Хадбаатар (1979, 1983, 1985), улсын арслан П.Дагвасүрэн (1973, 1976, 1977), улсын гарьд Б.Гантогтох (2000, 2002, 2004) нар юм.