Өнөө жилийн өвөл сурагчдыг бараг хоёр сар амраах санаачилгыг Эрүүл мэндийн сайд гаргаж, бусад албаныхан үүнийг хэлэлцэж эхэллээ. Аймаг, сумынхаа төвөөс зайдуу амьдардаг хүүхдүүдэд хүндрэл учруулахгүйн тулд амралтын хугацааг нэлээд нухацтай хэлэлцэж буйн баталгаа нь энэ. Бас ханиад, томуу тусахаас сэргийлж, жавар тачигнах үеэр гэрт нь байлгах гэсэн санаа агуулсан аж. Өөрөөр хэлбэл, дарга нар сурагчдын эрүүл мэнд, ар гэрийнх нь амьдрал ахуйд нэлээд санаа зовж буй бололтой. Түүнээс биш ном үзэж, боловсрол эзэмших нь тэдэнд огт падгүй нь.
Хаваржин, зунжин алгуурлаж суусан хүмүүс намар нь ажилдаа ороод өвөл айсуйг мэдсэн бололтой, хүүхдүүдийн эрүүл мэндэд жигтэйхэн санаа тавилаа. Гэтэл ханиад хүрэхээс ч илүү аюул сурагчдад нүүрлээд байгааг сэхээрч буй хүн алга. Багш нар нэг ангидаа шавалдаж суугаад цалин нэмэхийг шаардаж байна. Хүүхдүүд шинэ форм, цүнхээ өдөр бүр “үзэж”, сурч, мэдэх эрхээ эдэлж чадахгүй сууна. Дайны хажуугаар дажин гэгчээр сургууль, цэцэрлэгийн барилгынх нь засвар ч дуусаагүй, заримынх нь орой онгорхой байх жишээтэй. Үнэндээ боловсролын салбарын орой тэр чигтээ онгорхой, түүгээр нь аадар цутгаад багш, сурагчдыг цөмийг нь живүүлэх шинжтэй болчихлоо.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн бага ангийнхан энэ сарын 15 хүртэл хичээлдээ явж чадахгүй. Энэ бол наад захын хугацаа. Ачааллаа дийлэхгүй байгаа бага сургуулийн барилгыг хэзээ давхарлаж дуусна, тэр үед л хичээл нь орох юм. Сургуулийн захирлын хэлж буйгаар засварт шаардлагатай хөрөнгийг нь өнгөрсөн наймдугаар сард шийдэж өгчээ. Тоос, шороо манаруулаад засвар хийж байтал бороо орж, сургууль тэр чигтээ усанд автчихсан гэнэ. Ингээд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас акт тавьж, 500-гаад хүүхэд сургуульгүй болов.
Тэдэнд хичээлээ яаж нөхөж авах талаар мэдээлэл алга. Үүнээс болоод эцэг, эхчүүд сургуулийн захирлыг элдвээр харааж, тэр хүний унхиагүйгээс хүүхэд нь хичээлдээ явж чадахгүй боллоо хэмээн үймээн дэгдээж байна. Зарим нь “Захирал мөнгийг нь аваад идчихсэн” хэмээн хардаж байх юм. Тулгамдаад буй асуудлаа шийдэх талаар бус, хаа холын амралтын хуваарь ярьж суух нь цагаа олоогүй хэрэг биш үү. Багш нарын ажил хаялтаар далимдуулж, алгуурлах нь ёс зүйд хэр нийцэх вэ, салбар хариуцсан сайд, дарга нар аа.
Засвар нь дуусаагүй, бүр дөнгөж эхэлж буй сургууль ганц энэ биш. Дахиад арав гаруй бий. Хичээл тарах үеэр нийслэлийн Боловсролын газар, БСШУСЯ-ныхан сургуулийн багш, захирлуудаас тулгамдаж буй асуудлыг нь асуудаггүй бололтой. Улаанбаатар хотын ерөнхий менежер шалгалт хийж, засах шаардлагатай барилгуудыг “илрүүлсэн” байх юм. Ингээд холбогдох хүмүүст уламжилж, шаардлагатай хөрөнгийг нь гаргуулах гэсээр байтал есдүгээр сартай золгочихож. Тухайлбал, Багахангай дүүргийн 138 дугаар цэцэрлэг мөн л дээвэргүй байна.
Ус гоождог дээврээ засуулахаар удирдлага нь жил бүр дээш нь уламжилж байсан гэдгээ хэлнэ лээ. Боловсрол хариуцсан хэлтэсгүй, эрхлэгчийнх нь анхааруулгыг үл ойшоосны уршгаар долдугаар сард цутгасан бороо дээврийг нь бүр дордуулсан байна. Улмаар зарцуулах хөрөнгө нь ч улам нэмэгджээ. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сарын 24-нд захирамж гаргаж, шаардлагатай 70 сая төгрөгийг нь шийдэж өгсөн байна. Тэгээгүй бол багш, ажилчид нь гараа дэвттэл ус шавхаж, хүүхдүүд бээрч суух байсан биз.
Баянзүрх дүүргийн 128, Баянголын 164, Чингэлтэйн 56, Хан-Уулын 60 дугаар цэцэрлэгийн дээврийг засах ажил бас л саяхан эхэлсэн аж. Өнөө, маргаашгүй цасаар шуурч, цочир хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байхад түүнтэй уралдан дулааны шугамыг нь сольж байгаа нь ч бий. Сонгинохайрхан дүүргийн 79 дүгээр цэцэрлэгийг энд дурдаж болно. Өнгөрсөн өвлийг тун тохьгүй давсан гэж багш нар нь хэлсэн. Гэтэл яам болон нийслэлийн Боловсролын газарт энэ талаарх мэдээлэл байгаагүй бололтой. Багш нар ажил хаяагүй бол засаж амжаагүй сургууль, цэцэрлэгийн барилгуудыг яаж “нуух” байсныг таашгүй. Цастай уралдан нөхсөн цоорхой ирэх зун онгойхгүй гэх баталгаа байхгүй биз ээ.
Ихэнх сургууль, цэцэрлэгийн барилга хуучирч, засвар хийгээгүй удсан. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэгчээр засаж, бариад л өгч байвал ямар байх нь хамаагүй гэдэг байдлаар сургууль, цэцэрлэгийн барилгад ханддаг болохыг албаны эх сурвалж хэлсэн. Өнөө зун хур их орсон нь сайн хэрэг, барилгын тарыг таниуллаа гээд тэрбээр “Ер нь сургууль, цэцэрлэгийн барилгын агааржуулалт болон борооны ус зайлуулах системийг буруу угсардаг юм байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хийж буй дээврийн засварын ажилд хяналт тавьдаг хүн бараг л алга. Тэгэхээр гүйцэтгэгч нар чанаргүй ажил хийх юм. Энэ мэтээс болоод урсгал засвар хийх барилгын тоо олширлоо” хэмээн өгүүллээ. Нийслэлийн Засаг дарга нөөц хөрөнгөөсөө 400 сая төгрөг гаргаж, сургууль, цэцэрлэгийн 13 барилгыг засуулж эхлээд буй. Гэтэл цаана нь дахиад 20-иод барилга аваарын дохио улалзуулан хүлээж байна.
Энэ мэтээс авхуулаад “албагүй” болсон, барилгыг нь саяхан нурааж, дахин барихаар шийдсэн сургууль, цэцэрлэгийн сурагч ч хэдэн мянгаараа бий. Гэтэл салбарын яам, холбогдох албаныхан нь “Мөнгөгүй учраас л хичээлийн шинэ жил эхлэхээр барилгын ажлыг эхлүүллээ” гэсэн хариу өгч байна. Тэдний хэлж буйгаар засварын ажил наймдугаар сарын сүүлчээр эхэлсэн нь ч бас мөнгөтэй холбоотой гэнэ.
Энэ оны төсвийг хэлэлцэж, баталсан өнгөрсөн жил улсын эдийн засаг сайнгүй байсан болохоор засвар, шинэчлэл хийх хөрөнгө шийдүүлж чадаагүй юм байх. Бас сайдаас нь авхуулаад холбогдох удирдлага нь солигдсон болохоор дорвитой судалгаа гаргаагүй гэнэ. Сургууль, цэцэрлэгийн барилгуудтайгаа ижил оройгүй болжээ, боловсролын салбар.
“Хэлээд нэмэргүй дээ, бүх сургуульд очоод үзээрэй. Үнэхээр бэрх. Багш нарын өрөө гоё, сайхан байх, эсэх нь хамаагүй ээ. Анги, танхим л чухал. Арга ядахдаа багш нар сурагчдаасаа хандив цуглуулж, засвар хийдэг шүү дээ. Аль ч сургуульд ийм гажуудал бий. Наад захын сурагч засварт хандив өгч байснаа хэлнэ. БСШУСЯ-ныхан үүнийг огт тоодоггүй.
Бодлого гаргалаа л гэдэг, тэр нь багш нарыг хэрэггүй цаасаар “дарахаас” цаашгүй. Тэгсэн хэрнээ сандал, суудлын маргаан дэгдээж, дарга нар нь байнга солигддог. Монголын боловсролын салбарын байж байгаа царай энэ. Хүүхдүүд л хохирч байна даа” хэмээн олон багш шүүмжлэх юм билээ. Оройгүй боловсролын золиос нь сурагчид байгаа нь эмгэнэлтэй.
Бэлтгэсэн: Г.Цэцэг