Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзав.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ахиц гарч, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ идэвхжиж байгаад баяртай байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн Циньдао хотноо уулзсан бол өнгөрсөн гуравдугаар сард Астана хотноо Засгийн газар хоорондын комиссын долоодугаар хуралдаан амжилттай болсныг тэмдэглэв.
Душанбе хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцох үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсанаа дурдав. Монгол Улсын Гадаад харилцааны сайдын ирэх сард Казахстан Улсад хийх айлчлал харилцааг өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэлээ.
Энэ жил Баян-Өлгий болон баруун аймгуудад бороо орж, үер буун их хэмжээний хохирол учирсан. Гамшгийг арилгах, сэргээн босгоход зориулж Казахстаны Засгийн газар 500 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ тусламжийг Элчин сайд К.И.Кобландин энэ үеэр Шадар сайдад хүлээлгэн өгөв.
Энэ хөрөнгийг үерийн улмаас хуримтлагдсан лагийг цэвэрлэх, ариутгах, иргэдийг орон гэртэй болгох зэрэг нэн шаардлагатай зүйлд хяналттай, ил тод байдлаар зарцуулна гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.
Талууд Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэх, хамтран автозамын төсөл хэрэгжүүлэх болон бусад асуудлаар санал солилцов.