Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж буй “Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс” байгуулах бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Биит монгол” ХХК экспортод гаргах бог малыг эрүүлжүүлж, уурагжуулах нийт 600 га талбай бүхий 20 гаруй байгууламжтай цогцолборыг байгуулж байна. Барилгын ажлын гүйцэтгэл 50 хувьтай явж буй бөгөөд төлөвлөгөө ёсоор 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтанд оруулах юм. Зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог малыг татан төвлөрүүлж, 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж, зориулалт бүхий тэжээлээр тэжээж уурагжуулан нэмүү өртөг шингээн амьдаар экспортод гаргах юм. Тус тусгаарлагдсан бүс нь бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр 160 гаруй ажлын байр шинээр бий болж, хоногт 180,000 бог мал тэжээж, өдөрт 5000 орчмыг экспортод гаргах боломжтой болно гэв.
Ингэснээр малчдын хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэж, малынхаа махыг нэмүү өртөг шингээн худалдаалах боломжтой болох юм. БНХАУ-аас эрүүлжүүлж, уурагжуулсан бог малын махыг тогтмол импортолж авах хүсэлтээ илэрхийлээд байгаа аж. Ерөнхий сайд өнөөдөр Монцемент цементийн үйлдвэр, Шивээ овоо нүүрсний уурхайд тус тус ажиллана.