Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр “МАК” ХХК-ийн “Евро блок” болон тус компанийн “Хөх цав” цемент, шохойн үйлдвэртэй танилцлаа.
2015 онд ашиглалтад орсон “Евро блок” үйлдвэр хоногт 900 шоо метр блок үйлдвэрлэж, импортын хэрэгцээний 30 орчим хувийг хангахуйц байгаа юм.
Манай улсын цементийн хэрэгцээ жилд 1.8 сая тонн байдаг, үүний нэг сая тонн-ыг импортоор оруулж ирдэг үе саяхныг болтол байсан. Засгийн газар дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийг бодлогоор дэмжсэний үр дүнд манай улс өнөөдөр 1.4 сая тонн цемент үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болоод байгаа юм. Жилд сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж буй “Хөх цав” үйлдвэр 2017 оноос ажиллаж буй ажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд дараа нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг өнгөрөгч зургадугаар сард тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэд бүтэц буюу автозам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамын ажил нийт 40 хувьтай явж байна. Энэхүү бүтээн байгуулалтад 500 гаруй хүн, 260 гаруй машин механизм ажиллаж байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан байна.
Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугамын ажлын бүтээн байгуулалтад монголчууд ажиллаж буй бөгөөд орон нутгаас 120 гаруй ажилчин ажиллуулж, орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс 800 сая төгрөгийн бетон зуурмаг, хэв хашмал, цемент, хайрга, барилгын бусад материалууд, нийт ажилчдын хэрэглэх хоол хүнс, ахуйн барааг худалдан авч, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулж байгааг нутгийн удирдлагууд тэмдэглэж байлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд барьж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм юм. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа юм.
Дорноговь аймагт ажиллаж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш буюу энэ сарын 16-нд Говьсүмбэр аймагт ажиллана