Монгол улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Акихитод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Д.Батжаргал Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Акихитод уламжилж, Монгол улс, Япон улсын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайж ажиллахаа илэрхийлсэн байна.
Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын үеэр Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито Элчин сайд Д.Батжаргалтай найрсаг дотно яриа өрнүүлж, хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт амжилт хүсэв.
Түүнчлэн Эзэн хаан Акихито Япон улсад олон жил ажилласан туршлагатай, япон хэл мэддэг хүн Элчин сайдаар томилогдон ирж байгаад талархалтай байна хэмээгээд Япон, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монголын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөжээ.