Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.1-д Засгийн газрын гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор өргөн мэдүүлэхээр, Ерөнхий сайд энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэхээр тус тус хуульчилсан байдаг талаар тэрбээр дурдав. Зам тээврийн салбарт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлжээ. Иймд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцуулж байна гэв.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжжээ. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “хэлэлцэж байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны, эсхүл нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцүүлэх” гэж заасан байдаг. Хуулийн дээрх заалтад үндэслэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан. Энэ удаагийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцах шаардлага үүссэн бөгөөд хэдэн хүнд хариуцлага тооцох байдлаар монгол төрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоо бүрдсэн гэж үзэх боломжгүй хэмээн уг дүгнэлтэд дурджээ.
Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал дүгнэлт, УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Н.Оюундарь, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат нар асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Цогзолмаа, С.Жавхлан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулахдаа, сонгууль бүрээр өөрчлөгддөг төрийн албаны тогтворгүй, ой санамж алдагдсан, чадваргүй байдалд дүгнэлт хийн Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Мөн Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөмж гарган төрийн албаны шинэчлэлийн үзэл санааг баталсан. Тус зөвлөгөөн бүх шатны Засаг дарга нар, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, агентлагийн дарга нар зөвлөлдөн төрийн албаны ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх талаар зөвлөлдөж, холбогдох журмуудыг хэлэлцүүлсэн гэв. Эдгээрээс 6 журам УИХ-аар хэлэлцэгдэн батлах бол бусад нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газар болон бусад шатанд батлагдах аж.