Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингертэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол, ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашид кибер аюулгүй байдал, мөнгө угаах, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, Бишкек дэх ЕАБХАБ-ын академид оюутан сургах зэрэг чиглэлд хамтран ажиллахаа талууд илэрхийлэв.
Сайд Д.Цогтбаатар энх тайваны төлөөх шашин хоорондын яриа хэлэлцээний механизм өдгөө зайлшгүй шаардлагатай байгаа, Монгол Улс ирэх жил энх тайваны төлөөх Азийн буддистуудын бага хурлын 50 жилийн ойн хүрээнд арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж буйг тэмдэглээд уг арга хэмжээг дэмжиж хамтран ажиллахыг хүсэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гремингер Монгол Улс тус байгууллагад 2012 онд нэгдсэнээс хойших хугацаанд хамтын ажиллагаа эдийн засаг, байгаль орчин, хууль сахиулах, сонгууль ажиглах зэрэг салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцлож, цаашид хамтын ажиллагааны өргөн боломж байгааг тэмдэглэв.