Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ дахь айлчлалынхаа үеэр тус улсын удирдагчидтай хийсэн уулзалтуудыг тоймлон хүргэж байна.
Дэд ерөнхийлөгч Майк Пэнс:
- Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистанд “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд баяртай байна.
- Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байна.
- Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна.
Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео:
- Монголын зэвсэгт хүчин Афганистанд гүйцэтгэж буй албыг үргэлжлүүлэх тухай танай шийдвэрт талархал илэрхийлье.
- Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна.
- Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Ил тод, тогтвортой байдал чухал.
Сенатын танхимын гишүүн Дан Салливан:
- Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг дэмжиж байгаа. Би энэ хуулийн төслийг Сенатад танилцуулагдахад нь бүрэн дэмжинэ.
Ерөнхийлөгч Доналд Трамп:
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай санал солилцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа шинэ шатанд гарсанд талархалтай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол орны тухай, монголын соёл уламжлалын талаар сонирхон асууж ярилцсан байна.
Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким:
- Монгол Улсад эдийн засгийн олон эерэг үр дагаврууд гарч байгаа болон Гадаад, дотоод хөрөнгө оруулалт өссөн, экспорт нэмэгдэж байгаад баяртай байна.
- Улс төрийн хувьд дарамт их байх ч та бүхэн эдийн засгийн реформууд, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна.
ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард:
- Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх чармайлт мэдээж их нөлөөлсөн.
- Үр дүн нь бид бүгдийн хамтын амжилт юм. Эдийн засгийн уналтыг давж гарч чадсандаа баяртай байна.
- Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулахад ихээхэн амжилт олж байгаад талархал илэрхийлье. Эдийн засгийг тогтворжуулах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал гэдэгт бид санал нэгдлээ.