МУБИС-ийн Оюутны I байраар орж “Нэгдүгээр курсийн оюутнууд хэдэн давхарт амьдардаг вэ” гэхэд жижүүр эмэгтэй “Наад хоёр охин чинь мөн ш дээ” хэмээн шатаар бууж яваа охидыг заав. Нэг нь тортой хэрчсэн гурил, нөгөө нь ундааны хоёр савтай сүү барьсан охид “Энийг хөргөгчинд хадгалуулж болох уу” хэмээн жижүүрт хандан асуухад үйлчлэгч эмэгтэй тэндээс “Нэр, хаягтай уутанд хийхгүй бол болохгүй дээ. Даавуун уут 2000 төгрөгөөр зарна” гэлээ.
“Болзол”-ыг нь хүлээж авсан тэд мөнгөө авчрахаар дээш өгсөх үед нь бид хэрэг зоригоо танилцуулан, хоёрдугаар давхрын ... дугаар тоот өрөөнд яваад орчихов. Амралтын өдрийн өглөө орон гэрт нь танихгүй хүмүүс гэнэт орвол хот, суурин газрынхны хувьд энэ бол байж боломгүй “бүдүүлэг, соёлгүй” үйлдэл мэт санагдаж мэдэх. Харин Хөвсгөлийн тайгаас, Булганы Хангалаас, Сэлэнгийн Шаамараас их хөлийн газарт ирээд удаагүй охидын хувьд сэтгэл нь “цоож, цуургагүй” янзаараа байгаа учраас найрсгаар угтлаа.
Дөрвөн айлын өөр өөр технологиор хийсэн янз бүрийн өнгө, амт, хэлбэр дүрстэй боорцог таваглан, байхуу цай аягалж, Шаамараас өглөөхөн вагоноор ирсэн улаан лооль дөхүүлээд, аль байгаа бүхнээрээ “урилгагүй зочноо” дайлах тэдний гэнэ сэрэггүй яриа нь хүртэл цаанаа л өөриймсөг дотно.
Манай зурагчны барааг харангуутаа охид тус тусын гоо сайхны хэрэгсэл рүүгээ ухасхийн, зарим нь төгсөлтийнхөө зургийн жаазыг толь болгон ашиглах нь тэр. Хоёр хүн зөрж орох нь байтугай, тарган цатгалан “амьтан” бол хөндөлсөж л гармаар жигтэйхэн нарийн хаалгатай, “умгар” өрөөгөө охид хэрэндээ хөөрхөн тохижуулжээ. Энэ “айлын” гишүүдийн гурав нь монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр МУБИС-д элссэн бол нэг нь англи хэлний багш, орчуулагчийн ангийг сонгосон аж.
ӨӨР ӨӨРИЙН “ӨНГӨТЭЙ”, ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ ОХИД
Хотын амьдралд хөл тавиад удаагүй шинэ оюутнуудын хөгтэй амьдралын зах зухаас сонирхоход, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат Г.Энхтүвшин төөрсөн тухайгаа хуучлав. Дотуур байранд ортлоо “Хүннү” хороололд амьдардаг хамаатны эгчийндээ түр байсан тэрбээр нэг өдөр сургууль руугаа ирэх гэж эсрэг талынх нь автобусанд суугаад, Айдсын даваа, Өлзийт хороолол руу талийж өгсөн гэнэ. “Явсаар байгаад нэг мэдсэн чинь бүр хөдөө газар оччихсон.
Тэндээс харин 1500 төгрөгөөр автобусны буудал хүргэдэг жижиг тэрэгнүүд байдаг юм билээ. Эгчтэйгээ утсаар ярьж, заалгасаар яваад буцаж сургууль дээрээ ирэхэд 16.00 цаг өнгөрчихсөн байсан. Уг нь би 11.00 цагийн үед эгчийнхээс гарсан байхгүй юү” хэмээн ярилаа. Одоо Г.Энхтүвшин өрөөнийхөө найзуудын адил хаа ч явсан “гүүгл мэп”-ээр газарчлуулдаг болсон гэнэ.
Цаатнуудтай хил залган нутагладаг, жинхэнэ “ориг” цэвэр тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалж өссөн түүний хувьд Улаанбаатар хотын утаанаас хамгийн их айж буйгаа хэлсэн. Учир нь тэрбээр ахлах ангидаа Орхон аймагт хоёр жил сурах үедээ уушгины архаг үрэвсэлтэй болсон тул буцаад нутагтаа очиж ерөнхий боловсролын сургуулиа дүүргэжээ.
Түүний “паян” үүгээр дууссангүй. “Шар хад”-ны эмнэлгийн ойролцоо аж төрдөг эмээгийндээ очих гээд сургууль дээрээ эгчийгээ хүлээн оройтож, сүүлдээ гэдэс нь бүр хонхолзоод эхэлж. 22.00 цаг болсон учраас ойр хавийн цайны газрууд хаалттай, хажууханд нь “Tse” гэсэн хаяг харагдсан тул цонхоор нь “хэрэгт дурлатал” хүмүүс юм идэж байжээ. Яваад ортол өнөөх нь зөвхөн хоолны газар биш болох нь илт байв.
Гэвч нэгэнт орчихсон учраас өндөгтэй тушёнка захиалаад хүлээх зуураа “Нутгийн хүмүүс ороод ирэх вий дээ. Тэгвэл намайг дөнгөж сургуульд оронгуутаа ийм газраар явж байна гэж бодно шүү” хэмээн эмээж байтал хяссан юм шиг дээд ангид нь сурч байсан ах, эгч нар таарч, шинэхэн оюутанд баахан үг хаяад, нүүр хийх газаргүй болгосон гэнэ.
Г.Энхтүвшинг бодоход өсвөрийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотод урьд нь хоёр ч удаа ирж байсан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат Т.Эрдэнэзаяа энэ өрөөний хамгийн үг дуу цөөтэй нь бололтой. Англи хэлний багш, орчуулагчаар сурч буй тэрбээр өрөөнийхөн дундаасаа одоогоор Үндэсний түүхийн музейг үзэж, “нүд тайлсан” ганц нь аж.
“Манай сургууль оюутнуудаа музейгээр аялуулж, театрт түүхэн жүжиг үзүүлэн, семинар хийлгэдэг гэсэн. Тэгэхээр цаашид олон гоё юм үзэх байх аа” гээд Т.Эрдэнэзаяа инээмсэглэсэн. Тус сургуулийн оюутнуудын танилцах аялал энэ өдөр Тэрэлжид болж байгаа бөгөөд эл өрөөний охид “Орон байраа тохижуулж, өөр юм үзэж харсан нь дээр” гээд яваагүй гэсэн.
Тэдний дундаас Улаанбаатар хотын сонин сайхантай хамгийн түрүүнд танилцсанаараа М.Оргилмаа бусдыгаа замчлан Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх мэт нийслэлийн “нэрийн хуудас” болсон газруудыг үзүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас ирсэн М.Оргилмаа айлын ганц охин аж. Хотод үе үе ирдэг, суурин иргэншлийн дүрэм, ахуй соёлыг нь гадарлах түүнд дотуур байрных нь жорлонгийн ариун цэвэр үнэхээр таалагдахгүй байгаагаа нуусангүй.
“Үйлчлэгч эгч давхар болгоны жорлонг өдөрт нэг удаа цэвэрлэдэг. Гэтэл манай оюутнууд өнөөхийг нь цэцэрлэгийн хүүхдүүдээс долоон дор бохирдуулчих юм. Угаадсаа хаа сайгүй асгаад, зарим нь бүр гадуур нь бие засчихсан байдаг. Хүн болгон амьдарч байгаа орчиндоо өөриймсөг сэтгэлээр хандах хэрэгтэй гэж би боддог. Удахгүй дотуур байрны нэгдсэн хурал хийж, зөвлөлийн даргаа сонгоно гэсэн. Тэр үед шаардлага тавина гэж бодож байгаа” хэмээн М.Оргилмаа ярилаа.
Шаамар дахь анги даасан багш нь Улаанбаатар хотод ажиллах урилга авч, сургуультайгаа танилцахаар есдүгээр сарын 1-нд ирэхдээ шавь нартайгаа уулзаад “Хотын түгжрэл гэдэг чинь аймаар юм байна. Багш нь энд амьдарч чадахгүй нь” гээд нутаг буцсан тухай тэр бас хуучлав.
Гэрээс нь ирсэн хүнсийг тосохоор М.Оргилмаатай хамт энэ өдөр өглөө эрт вокзал орсон хүн бол Э.Энхзаяа. Булган аймгийн Хангал сумын харьяат түүнд одоогоор их сургуульд заалгасан хичээлүүдээс нь “Замын хөдөлгөөний соёл” гэдэг хоёр удаагийн лекц тун сонирхолтой санагдсан гэнэ. “Угийн түгжрэлтэй замд машинууд удаан явдаг юм чинь” гээд гарцгүй газраар хамаагүй зам хөндлөн гарах нь ямар олон эрсдэл дагуулж болохыг тэрбээр одоо бүрэн ойлгосон гэв.
“Техник технологийн дэвшлийн ачаар одоо хот, хөдөөгийн ялгаа бараг үгүй болсон. Гэхдээ шинэ оюутнуудыг хотын соёлд суралцаж, нийгэмшихэд нь сургалтын байгууллага анхаарахад илүүдэхгүй байх. Учир шалтгааныг нь эхлээд ойлгуулан, зааж сургаагүй байж хөдөөгийнхнийг шууд “оркууд” гэх мэтээр адлах нь муухай” гэх түүний үг нэгийг бодуулмаар.
“Дөрвөн настай дүү нь алга болсон тул харсан үзсэн хүмүүс сураг гаргаж өгнө үү” гэдэг зар өглөө вокзал дээр нааж явсан эгчийг нь өрөвдсөн охид байрандаа ирээд, хэдэн өдрийн өмнө фэйсбүүкт байсан постыг нь хайсаар олж, олон нийтэд түгээснээ энэ дашрамд хуучлав. Хүмүүс нэгэндээ өөрсдийн боломж, чадлынхаа хэрээр тусалдаг байгаасай гэсэн иймэрхүү зөв үзэл бодолтой охид ирээдүй хойчийг минь эрдмийн замд хөтлөх сурган хүмүүжүүлэгч болох гэж буйд баярламаар ч юм шиг. Гагцхүү Улаанбаатар хотынхны “олны хөл” энэ сайхан чанарыг нь бүү гишгэчиж, баллаасай билээ.
“ОДОО ХӨДӨӨГИЙН СУРАГЧИД ТЭР ЗЭРГИЙН СОЁЛТОЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ”
МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуульд цэцэрлэгийн багш болохоор ирсэн Архангай аймгийн Чулуут сумын хоёр хүүтэй дотуур байрны үүдэнд танилцлаа. “Эрэгтэй хүн цэцэрлэгийн багшаар ажиллах хэцүү биш үү” гэхэд Л.Бөхбат, М.Мөнхбат нар хоёул нэгэн зэрэг “Гайгүй байх аа” хэмээн хариулав. Тэд төрсөн ах, дүүсийн хүүхдүүд аж.
Л.Бөхбат нь бүр сургуулиа төгсөөд сумандаа очиж цэцэрлэгийн багшаар ажиллана гэдгээ итгэлтэйгээр хэлсэн. Хөдөөнөөс ирсэн оюутнуудын нийтлэг жишгээр тэд “Нарантуул” худалдааны төв орж, хувцас хунар, хичээлийн хэрэгслээ зэхээд мөнгөө ихэвчилсэн гэнэ. Тамхи татдаггүй учраас үлдсэн мөнгөө хоолны гурил, будаа, ногоо авахад хуваарьтай зарцуулж байгаа аж.
Амралтын өдөр дотуур байрны угаалгын машинд хувцсаа угаалгавал цагт нэг хүний 1500 төгрөг авдаг юм байна. Гэхдээ Л.Бөхбат, М.Мөнхбат нарт тэгж илүү юманд зарцуулах мөнгө хомс тул хажуугийн байранд амьдардаг хамаатны эгчээрээ хувцсаа угаалгахаар тохирчээ. Улаанбаатарт анх удаа хөл тавьж буй тэдний тэвчээрийг барж, бухимдал төрүүлсэн ганц зүйл нь замын түгжрэл хийгээд, автобусанд олон хүнтэй чихэлдэн удаан явах гэнэ.
“Хотын зам дээр машинууд нь яваад ч байх шиг, зогсоод ч байх шиг. Үнэхээр уйтгартай” гээд ёжтой инээх Л.Бөхбатыг нээрээ л төгсөнгүүтээ нутагтаа очиж цэцэрлэгийн багш хийнэ гээд явчихсан байвал гайхах зүйлгүй мэт. “Хаа хамаагүй газарт морь харж болохгүй. Дуртай газартаа нус, цэрээ хаяж болохгүй. Хогоо зориулалтын саванд хийх ёстой гэх мэт хотын дүрэм, соёлд хэр идээшиж байна вэ” хэмээн тэднээс асуугаад ам руугаа “алгадуулах” нь тэр. “Одоо хөдөөгийн сурагчид тэр зэргийн соёлтой болсон шүү дээ. Хөдөөнөөс ирсэн гэхээр л бүгдийг нь тэгж хамаатуулж болохгүй” гээд эрс шулуун хэлнэ билээ.