“Монголын нууц товчоо”-ны нэгдүгээр бүлэгт “Дува сохор магнай дундаа ганц нүдтэй, гурван нүүдлийн газар харах бүлгээ. Нэгэн өдөр Дува сохор, Добу мэргэн дүүтэйгээ Бурхан халдун уулан дээр гарав. Дува сохор Бурхан халдун дээрээс харвал Түнхэлэг горхи руу нэгэн бүлэг иргэн нүүж айсуй. Дува сохор өгүүлрүүн “Тэр нүүдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн өмнө нэгэн сайхан охин сууж явна.
Хүний гэргий болоогүй бол Добу мэргэн дүү чамд гуйж гэргий болгоё” гээд түүнийг үзүүлэхээр Добу мэргэн дүүгээ илгээв” гэж гардаг. Монгол түмний түүх, соёлын хосгүй гайхамшигт өв болсон энэхүү шастирыг хүүхэд, багачууд байтугай, томчууд маш анхааралтай уншиж, унших тоолондоо ямар нэгэн шинэ содон зүйлийн учгийг тайлах эрэлхийлэлд гарч байвал сайн гэдэг.
Тухайлбал, дээр өгүүлсэнчлэн Дува сохорын хардаг “гурван нүүдлийн газар” гэдэг нь хэдий хэмжээний зайтай болохыг түүхчид тайлахдаа дор хаяж 90 км газар гэж үздэг юм билцээ.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг хүртэлх зайны газрыг Дува сохор хардаг байжээ гэсэн үг байх нь. Багахангайд явж байгаа нүүдэл тэрэгний мухлагийн өмнөх охин үзэсгэлэн гоо нэгэн болохыг эндээс харж чаддаг тийм билгийн мэлмийтэй хүнийг яагаад “сохор” гэсэн нь мөн л цагаан хэл амнаас цэрвэхдээ зарим зүйлийг эсрэгээр нь нэрлэдэг монгол ухаантай холбоотой гэдэг ч оргүй зүйл биш болов уу. Тэгэхээр “Монголын нууц товчоо”-ны нууцыг, монголчуудын оюун санааны билгүүн төгөлдрийг бид зөвхөн хойч үеийнхэндээ тайлж таниулах ёстой төдийгүй, цаашлаад хүн төрөлхтөнд түгээн дэлгэрүүлэх шаардлага зайлшгүй байгаа биз.
Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч А.Алтанбаяр өнгөрсөн мягмар гарагт “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн “Монголын нууц товчоо түгээмэл эх”-ийг үзэхээр ирсэн олон сурагчдын нэг нь. Тэрбээр урьд нь “Монголын нууц товчоо”-г хэвлэмэл номоос нэг уншиж, аудио хэлбэрээр нь нэг сонсжээ. Гэвч цөөнгүй зүйлийн учрыг ойлгоогүй өнгөрсөн учраас энэ удаа дэлгэцийн бүтээлийг нь үзэж, тухайн үеийн түүхэн үйл явдал, хүмүүсийн байдлыг бодитоор мэдрэх зорилготой энд ирсэн гэнэ.
“Монголын нууц товчоо”-г маш хураангуй бичлэгтэй, нэг бүлгийг нь задалж, тайлаад ярихад л эртний монголчуудын тухай өчнөөн нууцыг дэлгэх боломжтой гэдэг учраас орчин үеийн хүүхдүүдийн оюун санаанд нээрээ л шууд буухад амаргүй байдаг биз. Угаас түүхийг хүүхэд залуусын хамгийн их сонирхдог хэлбэрээр нь л түгээхгүй бол хэчнээн мундаг намтар түүх байгаад ч хүнд хүрдэггүй гэдэг.
“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийнхан 10 жилийн ойгоороо түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтод тулгуурлан түүхэн бодит үнэнийг бүх насны үзэгчдэд зураглан толилуулах яг л ийм зорилгоор тус бүтээлээ хийжээ. “Ном мэт гүнзгий, кино мэт сонирхолтой” гэсэн уриан дор “Монголын нууц товчоо” номыг анх удаа бүрэн эхээр нь зурагжуулж, дуу, дүрс, хөдөлгөөн бүхий дэлгэцийн бүтээл болгосон монгол залуустаа баяр хүргэхээр нээлтийн ёслолд Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд оюуны ертөнцийн нэрт сэхүүтнүүд болон бизнесийн хүрээний томоохон төлөөлөл, ерөнхий боловсролын сурагчид цугласан байлаа.
“Энэ киног үзэхэд зураач нэг зургийн ном хийгээд байгаа юм шиг санагдах боловч ард нь асар их судалгааны ажил байдаг. “Монголын нууц товчоо” бол зураггүй, түүхэн ном. Үүнийг зураг болгохын тулд тухайн үеийн хувцас хэрэглэл, морины эмээл, цулбуур, сумны зэв, дээлийн товчны хэлбэр, хувцас нь ямар оёдолтой байсан гэх зэрэг олон судалгаа хийж байж дүрс, зураг бүтээнэ. Тиймээс энэ бол хүнд хүчир судалгааны ажил, авьяас билгийн нийлбэр юм. Цаашид “Монголын нууц товчоо”-г маань илүү олон хүн мэддэг, олон орны эрдэмтэд судалдаг, тэнд байгаа нууцуудаас монголчууд амьдрал ахуйдаа хэрэглэдэг болоосой гэж хүсэж байна” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.
25 АНГИТ ЭЛ КИНОГ ЭНЭ САРЫН 23 ХҮРТЭЛ ҮНЭГҮЙ ҮЗЭЭРЭЙ
“Монголын нууц товчоо” бол хүч чадал хүсэж уншсан хүнд бяр тэнхээ, урам зориг өгдөг, билиг билгүүнийг хүссэн нэгэнд нь саруул ухаан хайрладаг шидтэй гэгддэг. Энэхүү хосгүй бүтээлийн түүх, соёлын ач холбогдлыг алдагдуулахгүйн тулд үндсэн эхээр нь, элдэв хачир гуйвуулгагүй үзэгчдэд хүргэхийг зорьдгоо “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн тэргүүн, зураач Р.Батцэнгэл хэлсэн юм. Тиймээс эртний монгол ахуй, соёлыг уран зурагт дүрслэн үзүүлэхдээ археологийн олдворуудад тулгуурлан түүхч, археологич, “МНТ” судлаач, утга зохиол судлаач, эрдэмтдийн зөвлөгөө, судалгааны үр дүнг бүтээлдээ тусгадаг байна. Мөн гадаад хэл дээрх орчуулгууд нь ч дэлхийн нэрт монголч эрдэмтдийн судалгааны бүтээлүүд гэсэн.
Бүх насныханд зориулсан гурван бүлэг цуврал хүүхэлдэйн кино хийхээр төлөвлөсөн тэдний хүсэл мөрөөдөл эхнээсээ биелж, нэгдүгээр бүлгийн 25 анги нь ийнхүү бэлэн болжээ. Анги тус бүр нь таван минут бөгөөд нэгдүгээр бүлгийн бүтээл нь нийтдээ хоёр гаруй үргэлжлэх юм байна. Нээлтийн өдөрлөгийн хүрээнд “Монголын нууц товчоо түгээмэл эх” киноны 25 ангийг “Sky мedia IPTV”-гээр энэ сарын 23 хүртэл үнэ төлбөргүй хүлээн авч үзэх боломжтой аж. Тус цувралаас олох орлогоо хоёрдугаар бүлгийн 28 ангийг бүтээхэд зориулах бөгөөд энэ санаачилгыг нь дэмжин, хамтарч ажиллах тухайгаа ч “Рио Тинто Монголиа”, “Скайтел” компаниуд мэдэгдсэн гэнэ.
Урлаг, соёлын бүтээлд хөрөнгө санхүү гэдэг зүйл ямар чухал үүрэг гүйцэтгэдгийн нэг жишээ нь энэхүү бүтээл гэж хэлж болно. Учир нь Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай урьд нь “Монголын нууц товчоо”-г радиогийн болон дэлгэцийн бүтээлд зориулж гурван удаа уншиж, бичүүлсэн боловч аль нь ч олон нийтийн хүртээл бололгүй замхарсан гэдэг. Харин энэ удаад П.Цэрэндагва гуай “Монголын нууц товчоо түгээмэл эх” киноны өгүүлэгчээр ажиллаж, олон жил “хяссан” хүслээ биелүүлжээ.
Р.БАТЦЭНГЭЛ: “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-ГООР ШИНЖЛЭХ УХААНЫ ТАЙЛБАР КИНО БҮТЭЭЖ БАЙНА
(“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн тэргүүн, зураач)
-“Монголын нууц товчоо” бол бидний өвөг дээдсээс хүн төрөлхтөнд бүтээж үлдээсэн түүх, соёлын хосгүй гайхамшигт өв. Тийм ч учраас дэлхийн олон судлаач өнөө хэр уншиж, судалсаар байна. Бид ч гэсэн өөрсдийн түүх, соёлоо олон улсад түгээх үүднээс дэлхийн түгээмэл хэл гэгддэг motion illustration буюу анимэйшний нэг төрлөөр “Монголын нууц товчоо түгээмэл эх” киногоо бүтээсэн. Энэ бол бидний 10 жилийн хөдөлмөрийн үр дүн.
“Монголын нууц товчоо”-г дэлхий дахинд түгээж, таниулах эрхэм зорилгоор 2008 онд анх ажлаа эхэлсэн ч үнэндээ ийм хол явна гэдэг итгэл бидэнд байгаагүй. Учир нь түүх, соёлын иймэрхүү контент бэлтгэх ажил олон шалтгааны улмаас замхрах нь элбэг байдаг. Харин бид өнгөрсөн хугацаанд “Монголын нууц товчоо”-г 100 гаруй уран зураг, чимэглэлтэйгээр уншигчдын хүртээл болгосноос гадна англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирилл монгол гэсэн долоон хэлээр хэвлүүллээ. Энэ бүх хугацааны турш бидэнд итгэж тусалж дэмжин, хамтдаа бүтээж байсан эрдэмтэн судлаачид, хамтран ажилладаг ивээн
тэтгэгч байгууллагууд, нийт монгол угсаатнууддаа баярлалаа. “Рио тинто Монголиа”, “Түмэн хишигтэн”, “Женко тур бюро”, “Скайтел” компанийн дэмжлэгээр бид төслийн дараагийн шатаа амжилттай эхлүүлж, гурван бүлэгт киноны эхний бүлгийн 25 ангиа үзэгчдэд толилуулахад бэлэн болоод байна.
Одоо бид “Монголын нууц товчоо”-ны нууцыг эрдэмтэн судлаачдаар тайлбарлуулсан шинжлэх ухааны тайлбар кино бүтээж байгаа. Үүнийгээ “secretmongols.com” цахим хуудсаар дамжуулан дэлхий нийтэд түгээхийн зэрэгцээ гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийг эх орныхоо түүх, соёл, зан заншил, ахуй амьдралтай танилцах боломж олгоно.
СИМОН НИЙВЭН: “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-НЫ ЭЕ ЭВИЙГ ЭРХЭМЛЭХ ТУХАЙ СУРГААЛ ХҮН ТӨРӨЛХТӨНД МАШ ХЭРЭГТЭЙ
(“Рио mинто” группийн Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн ерөнхийлөгч)
-”Монголын нууц товчоо”-той миний бие нэлээд эрт танилцсан. XXI зууны хүн төрөлхтөнд “Монголын нууц товчоо”-ны эе эвийг эрхэмлэх сургаал маш хэрэгтэй гэж би боддог. Ялангуяа өнөөдөр дэлхий дахинд эв эеийн тухай асуудал чухлаар тавигдаж байгаа учраас энэхүү гайхамшигт бүтээлийг түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй. Миний хувьд хүн бэрх цагт бие биеэ түшиж, эв эеэ хичээх тухай “Алунгоо эхийн сургаал”-ыг би амьдралдаа үргэлж санаж явдаг.
Тиймээс энэ сайхан бүтээлийн нээлтэд оролцож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. “Рио тинто” групп Монгол Улстай урт удаан хугацааны түншийн хувьд монголчуудын өв соёлыг сэргээн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд ямагт хамтарч ажиллахдаа таатай байдаг. 2012 онд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Оюу толгой” ХХК “Монголын нууц товчоо” судрыг аудио хэлбэрээр бичүүлж, зохиогчийн эрхтэйгээр олон нийтэд түгээх ажлыг ивээн тэтгэж, энэ том үйлсэд хувь нэмрээ оруулж байсан билээ. Энэ удаад бас нэгэн түүхийг бүтээхэд хувь нэмрээ оруулсандаа бид баяртай байна.
Д.ЭРДЭНЭБААТАР: МОНГОЛ ТӨРХТӨНИЙ ДҮР ТӨРХИЙН ТҮГЭЭМЭЛ ХЭВ ШИНЖИЙГ ХАРУУЛСАН БҮТЭЭЛ
(Төслийн зөвлөх, нэрт археологич)
-Өнөөгийн Евро-Азийн 50 гаруй оронд Монголын төрт ёсны уламжлал, түүх, соёлыг өөртөө шингээж аваагүй улс гэж нэг ч байхгүй. Ийм гайхамшигт түүхийг бүтээсэн Чингис хааныхаа цадиг түүхийг монголчууд өөрсдөө ойлгож, бахархаж, даян дэлхийд түгээн дэлгэрүүлэхийн төлөө бүхий л чадлаараа хичээх нь зүйтэй юм. Орчин үеийн мэдээллийн технологийн хэрэгслээр дамжуулан ийм бахдам сайхан үйлсэд хувь нэмрээ оруулж, энэ чиглэлээр залуу уран бүтээлчдээ манлайлан, тууштай бүтээн туурвиж буй зураач Р.Батцэнгэл дүүдээ баяр хүргэе.
Тэрбээр энэ киног бүтээхдээ археологич, угсаатны зүй судлаач, түүхч гээд эрдэмтэн мэргэдтэй хамтарч ажилласны үр дүнд XIII зууны үед монголчуудын хэрэглэж байсан хувцас хэрэгсэл, гэр орон, зэр зэвсэг, аж ахуйн эд зүйлсийг бодитой харуулж чадсанаараа ач холбогдолтой.
Түүнчлэн энд бас нэг зүйлийг зориуд онцлоход, монгол төрхтний дүр төрхийн түгээмэл хэв шинжийг тодорхой харуулсан сайн бүтээл болсон бодож байгаа. Тиймээс “Монголын нууц товчоо түгээмэл эх” бол Монголын өв соёлыг судалдаг гадаад, дотоодын эрдэмтдэд судалгааны эх сурвалж болж чадахаар бүтээл юм. Өнөөдөр үзэгчид та бүхэн энэ киног үзээд танхимаас гарахдаа “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн элч төлөөлөгч болж, агуу их түүх, соёлоо ямар нэг хэмжээгээр уламжлан дамжуулахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.
Б.ЦОЛМОН: ХОЛЛИВУДЫН ДЭЛГЭЦНЭЭ АНИМЭЙШН БҮТЭЭЛЭЭ ГАРГААРАЙ ГЭЖ ЕРӨӨЕ
“Скайтел” группийн маркетинг эрхэлсэн захирал
-Монголын түүх, соёлын нэвтэрхий толь болсон энэ гайхамшигт бүтээлийг орчин үеийн хэлбэрээр хүүхэд залууст түгээх төслийг санаачилсан зураач Р.Батцэнгэл ахтай анх уулзаад л ач холбогдлыг нь шууд ойлгосон учраас манай компани дэмжин, хамтарч ажилласан. “Монголын нууц товчоо”-г дэлхийн түгээмэл хэл гэгддэг motion illustration буюу анимэйшний нэг төрлөөр кино болгох нь зөвхөн Монголын хүүхэд залууст төдийгүй дэлхий дахинд монголчуудын тухай сурталчлахад ихээхэн чухал юм.
Тиймээс “Скай медиа” корпорац 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай үндэсний компанийн хувьд энэ төсөлд хамтран, мэдээллийн түгээгчээр ажиллаж буйдаа их баяртай байгаа. Манай үйлчилгээг Монголын 60 гаруй мянган өрх ашигладаг. Бид үзэгч олондоо холливудын болон гадаадын олон контентыг хүргэхийн зэрэгцээ дотоодын уран бүтээлчдийн бүтээлийг монголчууддаа түгээхийг зорьдог.
Тэр дундаа зөвхөн кино, интертайнмент шоу бус, Монголын үүх түүх, соёл уламжлал, ахуй заншлыг харуулсан энэ мэт бахархалт бүтээлүүдийг ард түмэндээ хүргэхэд хэзээд бэлэн байх болно. Тийм ч учраас “Монголын нууц товчоо түгээмэл эх” киног үзэгчдэдээ үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм. “Цаашид төслөө улам баяжуулан хөгжүүлж, Холливудын дэлгэцнээ анимэйшн бүтээлээ гаргаарай. Та бүхэн чадна аа” гэж төслийн багийнханд ерөөгөөд, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Бэлтгэсэн: Л.Чимэг