Эрүүл мэндийн яамнаас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг "2018 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоох" саналыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд хүргүүллээ. Тодруулбал, Пандеми буюу ханиад томууны дэгдэлт нийтийг хамарсан төлөвтэй байж болзошгүйг судлаачид анхааруулж буй аж. Энэ өвлийн ханиад шинэ болон олон вирусын үүсгэгчтэй байх төлөвтэй талаар олон улсын байгууллага мэдээлж буйг мөн Орчны бохирдлын үндэсний хорооны ажлын хэсгийн хуралд өчигдөр буюу 2018 оны есдүгээр сарын 06-ны өдөр танилцуулсан. Иймд сурагчдын амралтыг 12 дугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 1-н болгох санал гаргасныг ажлын хэсгийн гишүүд дэмжсэн төдийгүй дийлэнх нь 12-р сарын 15-наас 2-р сарын 15 болгох нь оновчтой гэсэн байр суурьтай байна. Мөн арванхоёрдугаар сарын дунд үеэс шинэ жилийн баяр эхэлж хүүхэд залуус олноор цуглаж ханиадны халдвар тархалтыг нэмэгдүүлдэг тухай яриа өрнөж, ажлын хэсэг саналаа холбогдох байгууллагуудад хүргэхээр болсон талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл олон нийтэд мэдээллээ.
Хэрэв уг саналыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо дэмжсэн тохиолдолд БСШУСЯ сурагчдын өвлийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулах юм байна.