Нэгдүгээр дохио. Одоогоос яг жилийн өмнө Хөх хотод болсон Юникодын техникийн хорооны хурлаар монгол бичгийн кодчиллыг засахаар хэлэлцэн, өдгөө баримталж байгаа авиан загварыг халж, оронд нь Лянг Хай, Шен Илэй зэрэг хятад эрдэмтний боловсруулсан графетик модел буюу дүрс бүхий шинэ загвараар кодлох гэж буйг “Болорсофт” компанийнхан мэдээд, Өвөрмонголыг зорихоосоо өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгад ханджээ.
2000 онд монгол бичгийн цахим хэрэглээний стандарт баталсан хэрнээ ор тас мартчихсан байсныг төр, засагт сануулах эхний дохио энэ байв. Тус компани нь Юникод консорциумын монгол бичгийн хөгжүүлэлтийн тал дээрх “Major vendor” буюу гол хөгжүүлэгчдийн нэг, мөн монгол бичгийн хамгийн анхны юникод фонтыг зохиож нээлттэй лицензтэй болгосон учраас тэдэнд энэ талын мэдээлэл хамгийн түрүүнд ирдэг аж.
Дээрх хуралд С.Бадрал, Т.Жамъянсүрэн нар оролцож “Монгол бичиг бол үсэгтэй, авиагаараа бичигддэг онцлогтой. Тиймээс дүрсээр кодлох биш, одоогийн авиа зүйн кодыг л сайжруулах хэрэгтэй” хэмээн эрс эсэргүүцэн, эцэст нь өвөрмонголчуудын дэмжлэгийг авсан тулдаа графетик загварыг батлуулаагүй гэдэг. Тэднийг ирэнгүүт нь Төрийн тэргүүн хүлээн авч уулзаад, холбогдох байгууллагуудын төлөөллийг дуудан, нэн даруй шаардлагатай арга хэмжээ авах үүрэг өгчээ. Ингэснээр монгол бичгийг цахим хэрэглээнд саадгүй нэвтрүүлэх ажил, угтаа босоо бичгийн ирээдүйн тухай чухал асуудал Монголын төрийн байгууллагуудын сонорт хүрч, тэдэнд хамаатай болсон хэрэг.
Хоёдугаар дохио. Үндэсний номын сангийн захирал, яруу найрагч Б.Ичинхорлоо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд “Монгол бичгийн юникодын стандартыг Хятадын эрдэмтдийн санал болгож буй графетик модел буюу ханз шиг дүрс тэмдэгтээр шийдэх бус, монголчуудын боловсруулсан фонетик буюу авиан загвараар нь түр үлдээхийг дэмжсэн байна. Бидэнд боломж олгосон наймдугаар сар хүртэлх хугацаанд авиан загварынхаа давуу талыг дэлхий нийтэд харуулахын тулд төрийн дэмжлэг онцгой шаардлагатай” хэмээн нүүр номдоо анх түгээсэн билээ.
Тэр даруй түүнтэй холбогдож, ямар учиртай мэдээлэл болохыг нь лавлахад “АНУ-ын Сан Хосе хотод болсон Юникодын техникийн хорооны хуралд оролцоод ирж байгаа хүмүүстэй уулзаарай” гэсэн юм. Ингэж “Болорсофт” компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал, каллиграфийн мастер Т.Жамъянсүрэн нартай анх танилцаад “Харсаар, мэдсээр байж монгол бичгийг хятад ханз шиг дүрсээр кодлуулна гэж юу байх вэ” нэртэй ярилцлагаа дөрөвдүгээр сарын 20-нд сонинд нийтлүүлэв. Энэ хүртэл олон нийт юу ч мэдээгүй байсныг хэлэхэд илүүдэхгүй биз.
Ярилцлага ч олон нийтийн сүлжээгээр эрчимтэй түгж, монгол бичгийн ирээдүйд санаа зовнисон хүмүүс төрийн байгууллагынхны ажилдаа хэрхэн сэтгэлгүй ханддагийг баахан шүүмжилж эхэлсэн. Учир нь монгол бичгийн авиан кодыг засаж сайжруулах ажлын төлөвлөгөөг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар боловсруулан, Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулж, тэр стандартаа олон улсын байгууллагад уламжлах гээд гурван удаа ажлын хэсэг байгуулсан нь бүтэлгүйтсэнийг илчилсэн хэрэг.
Монгол бичгийн юникодын стандарт, кодчиллыг сайжруулах ажлын хэсгийнхэн 2017 оны аравдугаар сараас хойш 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл үнэндээ дорвитой ажил хийгээгүй, төсвөө ч батлуулж чадаагүйг олон түмэн төдийгүй Ерөнхийлөгч мэдсэн нь хоёр дахь дохио байлаа. Ингээд Үндэсний бичиг үсгийн баяраар буюу тавдугаар сарын 3-нд Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Тамгын газрын дарга нь холбогдох бүх байгууллагын удирдлагад зарлигийг өөрийн биеэр гардуулсан юм.
Ерөнхийлөгчийн зарлигийн нэгдүгээр заалтад монгол бичгийн цахим кодчилол, үндэсний болон олон улсын стандартыг боловсруулж, батлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Ингэснээр тавдугаар сарын 10-нд Засгийн газрын 95 дугаар захирамж гарч, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ахлуулсан, БСШУСЯ, Стандарт, хэмжил зүйн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн төлөөлөл бүхий дөрөв дэх ажлын хэсгийг байгуулсан түүхтэй.
Үүнээс хойш сэтгүүлчийн эрэл хэрхэн үргэлжилснийг сонирхуулъя.
5 дугаар сар
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
Тус газрын зөвлөх Б.Энхдалай, Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн нар Бээжин хотноо зохион байгуулсан монгол бичгийн юникодын асуудлыг цэгцлэх хуралд оролцоод иржээ. Гэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тайлангаа явуулаагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй гэв.
6 дугаар сар
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга нь амарсан тул удирдлагынхаа зөвшөөрөлгүй хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхгүй гэдгээ шууд хэлсэн. Түүнчлэн “Ямар шалтгаанаар монгол бичгийн юникодыг сонирхоод байна вэ. Энэ асуудлын цаана улс төрийн, бизнесийн гээд янз бүрийн ашиг сонирхол яваад байгаа шүү” хэмээн хардангуй аястай асуулт “шидэв”.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
Ажлын хэсэгт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнг төлөөлж ажиллаж буй секторын эрхлэгч нь “Ажлын хэсгийн нэгдсэн хурал болоогүй учраас хэвлэлийнхэнд олон юм ярьж болохгүй” гээд халгаасангүй.
“Болорсофт” компанийнхан
“Юникодын стандартын 11 дэх хувилбарыг зургадугаар сарын эхээр баталсан. Тодруулбал, HanifiRohingya, OldSogdian, Sogdian, Dogra, GunjalaGondi, Makasar & Medefaidrin гэсэн долоон шинэ бичиг нэмэгдлээ. Эдгээрийн хоёр нь согд болон эртний согд гээд монгол бичгийн “өвөг бичгүүд” юм. Харин монгол бичиг маань асуудалтай хэвээр үлдсэн бөгөөд дараагийн 12 дахь хувилбарт архитектур, логик, техникийн алдааг нь засах тал дээр бид анхаарч байгаа” гэсэн юм.
8 дугаар сар
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
Монгол бичгийн юникодын стандартыг сайжруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, өнөөх баригддаггүй “гайхал” Б.Бадамсүрэн мэргэжилтэнтэй арайхийн уулзлаа. “Бид ажлын хэсгийн эхний тайлангаа зургадугаар сард Засгийн газарт хүргүүлсэн. Энэ хооронд өвөрмонголчуудтай хоёр удаа уулзаж, монгол бичгийн одоо кодлогдсон байгаа авиа зүйн загварыг ингэж сайжруулах боломжтой гэдэг нэгдсэн нэг саналаа Юникодын хурлаар оруулахаар тохиролцсон. Манайхан эхний хувилбараа боловсруулж байгаа. Ажил 20 орчим хувьтай яваа” гэсэн тайлбар хэлэв. Хоржоонтой нь, “Үнэндээ юникодын асуудлыг Монгол даяараа л мэдээгүй байсан шүү дээ. “Бид л баатар” гээд хэл ам татлаад байгаа “Болорсофт”-ынхон эртхэн энэ асуудлыг олны анхаарлын төвд оруулсан бол 2018 оны төсөвт мөнгийг нь суулгуулчих байлаа. Тэд өөрсдөө алга болчихсон” хэмээснийг яана.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар
Ажлын хэсгийн тайланг хүлээж авсан гэх Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхантай холбогдоход “Манайд тийм тайлан ирсэн, эсэхийг мэдэхгүй байна. Агентлагийнханд өөрсдөд нь эх хувиараа байх ёстой доо” гэсхийгээд таг чиг болцгоов.
“Болорсофт” компанийнхан
Монгол бичгийн юникодын асуудлыг шийдвэрлэх төсөл боловсруулан, зургадугаар сард ХХМТГ-т хүргүүлжээ. Гэвч хоёр сарын дараа хариу өгөхдөө тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд татгалзсан гэнэ. “Өнгөрсөн хугацаанд биднийг байнга ийм өнцгөөс харж, гүтгэж ирснийг тэвчих аргагүй тул цаашид монгол бичгийн юникодын асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн” хэмээн С.Бадрал ярилаа.
9 дүгээр сар
Тайлан
ХХМТГ-аас зургадугаар сард Засгийн газарт хүргүүлсэн тайлангийн хавсралтыг олоотохлоо. Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланд Хөх хот, Бээжинд болсон хурлын тухай л дэлгэрэнгүй дурдсан байв. Харин цаашид хийх ажлын төлөвлөгөө гэсэн хэсэгт “Монгол бичгийн цахим кодчиллыг нэвтрүүлэх үндэсний стандартыг зургадугаар сард багтаан боловсруулах”, “Боловсруулсан саналаа дотоодын холбогдох байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэх хурлыг наймдугаар сард зохион байгуулах”, “Өвөрмонголын талтай хамтарсан ажлын хэсгийн хурлыг есдүгээр сард зохиох” гэх мэтээр баахан жагсаажээ. Харамсалтай нь, эдгээрийн аль нь ч хугацаандаа хийгдээгүй байгааг бид бүхэн харж байна.
БСШУСЯ
Яам “Энэ асуудлыг манай Соёл, урлагийн газар мэдэх байх. Мэдэхгүй бол Ерөнхий боловсролын газрынхнаас асуугаарай” гэх мэтээр хэдэн тийш “чулуу хөөлгөв”. Эцэст нь тус яамны Шинжлэх ухаан, технологийн газарт эл асуудал хамаатай байсныг мэдээд, мэргэжилтэн бүсгүйтэй уулзлаа. Тэрбээр “Манай яам бол хийх ажлаа хийчихсэн. Сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн гуравдугаар сард энэ чиглэлийн томоохон эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн, төрийн байгууллагын төлөөллийг оролцуулсан хурал хийгээд, санал, зөвлөмжөө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт хүргүүлсэн. Одоо дараагийн тайлан хүргүүлэх цаг болчихсон тул агентлаг руу өнөө маргаашгүй хандана” гэлээ.
Стандарт, хэмжил зүйн газар
Бид дангаараа стандарт боловсруулж, батлахгүй. Монгол бичгийн цахим кодчилол, авиан загварыг ингэж сайжруулна гэдэг стандартын төсөл манайд ирэх ёстой. Одоогоор тийм боловсруулсан төсөл ирээгүй байна. Энэ ажил нэг сар, нэг жилийн дотор болчих амар зүйл биш. Ямартай ч ирэх долоо хоногт “Ажлын хэсгийн уулзалт болно” гэдэг и-мэйл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ирсэн байна билээ.