Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу олны нэрлэдгээр Хөтөл дэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбараас өнгөрсөн долоо хоногт тариаланчдад ургац хураалтын тоног төхөөрөмж гардуулжээ. ОХУ-аас саяхан импортолсон газар тариалангийн зориулалт бүхий 20 гаруй нэр төрлийн 200 орчим шинэ техник, тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд жилийн 4.62 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулан олгож байгаа аж. Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод аймгийн нэлээд тариаланч өндөр хүчин чадалтай “Акрос 585”, “Вектор 410” комбайн худалдан авчээ.
Энэ үеэр комбайнуудын ерөнхий бүтэц, зохион байгуулалт, технологийн ажиллагаа, дагалдах хэрэгслийн талаар мэргэжилтнүүд сургалт хийсэн байна. Үр тарианы “Акрос 585”, “Вектор 410” комбайн нь 1000 га-гаас дээш талбайд тариалалт хийдэг аж ахуйн нэгжид илүү тохиромжтой гэнэ. Түлшний сав том учраас 16 цаг тасралтгүй ажиллаж, өндөр бүтээмж гаргах, пункерийн багтаамж ихтэй тул их хэмжээний буудай нөөцлөх боломжтой аж. Тус комбайны засвар, үйлчилгээг тухай бүрт нь хийгээд байвал удаан эдлэх боломжтойг мэргэжилтнүүд онцолсон байна.
Тариаланчид энэ жил 497 мянган га талбайд тариалалт хийсэн. Өмнөх жилтэй харьцуулахад ойролцоогоор хоёр дахин их ургац хураан авах урьдчилсан дүн гарсан билээ. Ургац хураалт уламжлал ёсоор энэ сарын дундуур орон даяар эхэлнэ. ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад албан даалгавар өгч, аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөмж хүргүүлсэн аж.