Хүүхэд насны хамгийн дурсамжтай үе бол дүрэмт хувцсаа өмсөөд унтах нь холгүй, өглөөний нарнаас урьтаж сэрдэг хичээлийн анхны өдөр. Будаг нь ханхалсан өргөө, шинэ танил, багшаа хүндэтгэх сэтгэл нь тэдний гялалзах нүднээс л харагдана. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн анхны өдөр өчигдөр тохиолоо. Цэцэг барьж, ээж, аавдаа хөтлүүлсэн хүүхдүүд хотыг чимэн алхална. Гэтэл тэдний зарим нь баяр хөөртэйгөөр анги руугаа орж байхад зарим нь гунигтайхан гэрийн зүг гэлдэрч байв. Учир нь тэднийг хичээлийн анхны өдөр нь дангинатал цоожилсон сургууль, лоозон барьсан багш нар угтсан юм.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дуншиж, өнгөрсөн жилээс суултаар үргэлжилж буй багш нарын тэмцэлд мэргэжил нэгтнүүд нь бүгд нэгдээгүйг өчигдрийн ажил хаялт харууллаа. Өөрөөр хэлбэл, орон даяар “Ажил хаяна” гэдгээ мэдэгдээд байсан ч зөвхөн 26 сургуулийн багш нар л “ажил хэрэг” болгов. Үлдсэн нь ажлаа хэвийн явуулж, сурагчдаа хүлээн авлаа. Өмнө нь ч ийм юм болж байсан. МҮЭХ-ноос зохион байгуулж буй уг санаачилгад зарим сургуулийн багш нар гарын үсгээ албадан зурж, нэгдэж байгаа сураг ч чих дэлсэв.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас багш, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх асуудалд анхаарч, зохих шийдвэр гаргасан ч тэдний тэмцэл зогсохгүй нь бололтой. Тодруулбал, бага анги, цэцэрлэгийн багш, асрагч, сувилагч, соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг 8-32 хувиар нэмэх шийдвэрийг өнгөрсөн сарын 22-нд гаргаж, энэ сарын 1-нээс хэрэгжүүлэх болсон. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр инфляцын өсөлтийг дагуулж байдаг. Тиймээс уг хүндрэлийг харгалзан үзэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулахаас гадна төрийн албан хаагчдын ачаалал, ур чадварт тулгуурлан нэмэх бодлого барьж байгаагаа мэдэгдсэн билээ. Гэтэл багш нар ийнхүү дахин ажил хаялаа.
Өнгөрсөн баасан гарагт нийслэлийн 86 сургууль, 89 цэцэрлэгийн багш, ажилтнууд ажил хаяхаа МҮЭХ-нд мэдэгджээ. Харин өчигдөр нийслэлийн 26 сургуулийн багш нар ажил хаяв. Үүний нэг нь Баянзүрх дүүрэгт байрлах 44 дүгээр сургууль. Тус сургуулийн I ангийн багш нар сургуулийнхаа гадаа хүүхдүүдээ угтан авч, хугацаагүй ажил хаяж байгаагаа мэдээлж, “Хэзээнээс хичээлээ эхлэхээ утсаар хэлнэ” хэмээн буцааж байв. Эцэг, эхчүүд тэдний шийдвэрт бухимдаж буйгаа илэрхийлж “Ядаж нэгдүгээр ангийнхныхаа хичээлийг эхлүүлэх хэрэгтэй.
Зунжин догдолсон хүүхдэд “Багш нь ажил хаяж байгаа” гэдгийг ойлгуулах хэцүү” гэж байлаа. Харин тус сургуулийн багш н.Оюунавч “Бид цалингаа 50 хувь хүртэл нэмүүлж, бодит орлоготой болох зорилготойгоор ажил хаялтад нэгдлээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан шийдвэрүүд амьдралд нийцээгүй. Жишээлбэл, багш нарын цалинг найман хувиар нэмсэн. Гэтэл төрийн албан хаагч нарт жилд нэг удаа олгодог 300 мянган төгрөгийн урамшууллаа өгөхөө больсон.
Дунд ангийн багш нарын найман хувь нэмэгдсэн цалинг нь 2014 оныхтой харьцуулахад 38 000 төгрөгийн зөрүү л гарч байгаа юм. Тиймээс багш, ажилчдын цалинг хангалттай нэмсэн гэж үзэхгүй. Бид цалингаа нэмүүлж, жилд олгодог урамшууллаа ч авмаар байна” гэв. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль хичээлээ хэвийн эхлүүлсэн ч өнөөдрөөс ажил хаях тул сурагчдаа ирэхгүй байхыг анхааруулжээ.
Мөн МҮЭХ-ноос УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ. Тэд “Бид эл асуудлаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй тэмцэж байна. Засгийн газар төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх, гурван талт хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлсэнгүй. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 28-нд байгуулсан нэмэлт хэлэлцээрээр “2018 оны хоёрдугаар улиралд багтаан дахин нэмэлт хэлэлцээр байгуулна” хэмээн тохирсон.
Гэвч Засгийн газар тохиролцоонд хүрч, нэмэлт хэлэлцээр байгуулаагүй байхад буюу өнгөрсөн сарын 22-нд Улсын гурван талт хэлэлцээрийг зөрчиж, албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр дангаараа гаргасан. Энэ шийдвэр нь төрийн үйлчилгээний салбарын ажилчдын шаардлагад нийцээгүй. Тиймээс тэмцлээ цаашид өргөжүүлнэ” гэсэн юм. Өчигдөр ажил хаясан сургуулиудын багш нар дээр нэмэгдэж, өнөөдрөөс мэдэгдэл хүргүүлсэн сургууль, цэцэрлэгүүд бүгд ажил хаяна гэдгийг МҮЭХ-ныхон мэдээллээ. Үүнд нийслэлийн 86 сургууль, орон нутгийн 108 цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид нэгдэхээ илэрхийлсэн бөгөөд цэцэрлэгийн багш нар энэ сарын 6-наас ажил хаях аж.