70 сая шүргэсэн малтай манай орны бэлчээрийн даац хэтэрсэн тул, малынхаа үүлдэр, угсааг сайжруулан, тоонд бус, чанарт анхаарах шаардлага тулгарсан. Тал дүүрэн мал бэлчээсэн мөртлөө авах ашиг шим нь хомс, гоц халдварт өвчин салдаггүй учраас малынхаа махыг экспортлох боломжгүй зэрэг асуудал олон.
Эл асуудлыг шиийдвэрлэх үүднээс дэлхийд өргөн хэрэглэдэг технологийг ХААИС-ийн баг, Япон, БНСУ-ын эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Тус сургуулийн багш П.Эрдэнэтогтохтой ярилцлаа.
-Хөврөл шилжүүлэн суулгах технологийн гол ач холбогдол юу вэ?
-Хөврөл шилжүүлэн суулгах технологи нь эх малаас хөврөлийг нь угааж авч хийдэг дэлхийд өргөн хэрэглэж буй шинжлэх ухааны ололт. Малаас жилд нэг л удаа төл авдаг бол хөврөл шилжүүлэн суулгах технологи хэрэгжүүлснээр нэг эх малаас жилд 10-20 төл авах боломж бүрдэнэ.
Тодруулбал, эм малд дааврын тариа хийж, нэг өндгөн эс ялгаруулдаг байсныг 10-20 өндгөн эс гадагшлуулдаг болгоно. Энэ үед нь зохиомол хээлтүүлэг хийж, үр тогтсоны дараа саванд бэхлэгдэхээс өмнө хөврөлийг нь угаан авч, бусад эм малд суулгана. Ингэснээр ашиг шим өндөртэй нэг малын төлийг олон малаас гаргаж авна. Жишээлбэл, жирийн монгол үнээ ашиг шим өндөртэй тугал гаргаж болно гэсэн үг.
-Уг технологийг манай улс хэзээнээс нэвтрүүлсэн юм бэ?
-Ази, Европын хөгжингүй орнуудад өргөн ашиглаж буй технологи. АНУ, БНСУ, Япон, ШинэЗеланд зэрэг улсад нэлээд түгээмэл ашиглаж байна.
Манай улс 1988 онд нэвтэрсэн. Доктор М.Цэнд-Аюуш үнээн дээр, 1987-1995 онд доктор (Sc.D), профессор Д.Больхорлоо, Монгол Улсын Төрийн соёрхолт, малын их эмч, доктор Н.Алтанхуяг багш нар ямаа, хонин дээр туршилт хийж, төл хүлээн авсан байдаг. Түүнээс хойш зогсчихсон байснаа 2007 оноос дахин сэргэсэн.
Манай судлаачид өдгөө эрдэм шинжилгээний ажил хийж байна. Төсөв хөрөнгө хомс учраас бид фермүүдийн хүсэлтийн дагуу хөврөл шилжүүлэн суулгадаг. Өнгөрсөн хугацаанд үхрээс хөврөлийн гаралтай найман тугал, хонь, ямаанаас нэлээд хэдийг авсан. Мөн 200 гаруй хөврөл авч, хөлдөөсөн. Хөлдөөсөн хөврөлийг хэдэн жилийн дараа ч ашиглах боломжтой.
Сүүлийн үед манай судлаачид өндгөн эс, эр бэлгийн эсийн судалгаан дээр нарийвчлан ажиллаж байна. Эмэгтэй хүн, эсвэл бүх төрлийн мал, амьтнаас ялгарч буй өндгөн эс бүгд өөр өөрийн онцлог шинж, чадамжтай байдаг.
Хамгийн сайн чадамжтай дээр нь эр бэлгийн эс тогтвол ашиг шим өндөртэй төл авах боломжтой. Гэтэл муухан чадамжтай өндгөн эс дээр үр тогтвол ашиг шим муутай мал төрнө. Тиймээс малаас авсан өндгөн эс бүрээ судалсны үндсэн дээр ашиг шим өндөртэй төл авах бололцоотой юм.
-Эм малд тарьж буй дааврын тарилгад ямар нэгэн сөрөг нөлөө бий юү?
-Дааврын тариаг тодорхой тун хэмжээгээр хийхгүй бол сөрөг нөлөө бий. Удаан хугацаагаар хэрэглэвэл хэт олон тоогоор ихэрлэх, хүндрэлтэй төллөх, ороо нь алдагдах, өндгөвчны хавдар үүсэх гээд муу талтай. Жил бүр ихэрлээд байвал сав нь тээж дийлэхгүй.
Мөн бид нэг хонинд дөрвөн хөврөл суулгаж, ихэрлүүлж туршсан. Хөврөлүүдийнх нь хөгжил зогсоод байдаг юм билээ. Нэг нь бүрэн хөгжилтэй байхад нөгөөдүүл нь дутуу хөгжилтэй төрсөн тохиолдол бий. Харин ашиг шимийн гарцад сөргөөр нөлөөлөхгүй.
-Манай улс 60 гаруй сая малтай, бэлчээрийн даац хэтэрсэн. Гэтэл ингэж олноор нь мал “үйлдвэрлэх” нь өнөөгийн нөхцөлд хэр тохиромжтой вэ?
-Хөврөл шилжүүлэн суулгах технологийг ашиглах хэд хэдэн шаардлага бий. Нэгдүгээрт, дэлхийн дулаарал хурдацтай явагдаж буй өнөө үед малын бэлчээр, ургамлын гарц хомсдох аюултай. Хоёрдугаарт, одоогоор манай гараг 7.6 тэрбум хүн амтай. Энэ тоо 2050 онд есөн тэрбумд хүрнэ гэсэн тооцоо бий.
Дэлхийн дулаарал, хүн амын өсөлт хүнсний хомсдолд хүргэх аюултай. Үүнтэй холбогдуулж ихэнх улс хүнсний хомсдлыг арилгах, үнийн өсөлтийг тогтворжуулах зорилт тавьж, олон арга боловсруулж байгаагийн нэг нь эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх. Үүний тулд тус биотехнологийн аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж буй. Манай Засгийн газраас 2015, 2017 онд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, биотехнологийн аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дэмжих тухай тогтоол гаргасан.
Уг технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр махны хомсдол, үнийн өсөлтийг тогтвортой барих боломжтой. Эл технологийн дагуу гарган авсан нэг мал жирийн 100 малтай тэнцэхүйц ашиг өгнө гэсэн үг. Нөгөөтэйгүүр манай улс хэдийгээр 70 сая шахам малтай гэж буй ч тэднээс авах ашиг бага. Жишээлбэл, бидний хөврөл шилжүүлэн суулгах замаар гарган авсан хурга, жирийн нас гүйцсэн эр хонины жинтэй тэнцэж буй.
Жирийн монгол хурга 12-13 кг жинтэй байдаг бол, хөврөл шилжүүлэн гаргаж авсан нь үүнээс 2-3 дахин илүү жинтэй болдог. Малаас авах ашиг шим нь бага учраас тал дүүрэн малтай айл ядуу амьдраад байна.
Махны чиглэлийн үхэр, хонь нь төлөг, бяруу болоод л нас гүйцсэн малтай ижил жинд хүрч, ашгаа өгч эхэлдэг. Тиймээс үүнийг эрчимжүүлж, чанарын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлбэл эдийн засгийн хувьд өндөр ашигтай.
-Ямар үүлдрийн малнаас хөврөл шилжүүлэн суулгаж байна вэ?
-Одоогоор хонь, ямаа, үхэр дээр туршиж байна. ОХУ-ын суффолк үүлдрийн хонины үрийг ашигласан. Энэ нь махны чиглэлийн, тачирхан үстэй хонь байдаг. Тус үүлдрийн хонийг Монголд өсгөж, үржүүлэх бүрэн боломжтой. Сүүний чиглэлийн хар тарлан үүлдрийн үнээний хөврөлийг шилжүүлэн суулгаж байна.
Махны чиглэлийн үхэрт мөн туршиж үзсэн. Саяхан 30 гаруй өндгөн эс угааж авсан. МААЭШХ-гийн эрдэмтэн судлаачид Альпин үүлдрийн сүүний чиглэлийн ямаан дээр хөврөл угаах, шилжүүлэн суулгах ажил хийж хөврөлийн сан бүрдүүлж туршиж байгаа.
Мөн сүүлийн үед хуруу шилний хурга гаргаж авах технологийг нарийн судалж байна. Ашиг шим өндөртэй мал үхсэн тохиолдолд түүний төлийг таслахгүйгээр гаргаж авах юм. Тодруулбал, хүнд 400, малд 120 мянга орчим төл гаргах боломжтой анхдагч эс бий. Тэр хэмжээгээр үржих боломжтой гэсэн үг. Гэтэл одоогийн нөхцөлд, ялангуяа ашиг шим өндөртэй малаас дээд тал нь 10 төл л авч байна.
Тиймээс аль болох олон төл авахын тулд тус технологийг туршиж үзэж буй. Үхсэн малын өндгөвчнөөс тухайн анхдагч эсийг соруулж аваад, түүнийгээ инкубаторт хийдэг. Ингэснээр малаас соруулж авсан анхдагч эс 24 цагийн дараа гүйцэд боловсорсон өндгөн эс болж хувирдаг.
Түүнийг хуруу шилэнд эр бэлгийн эстэй хамт хийж, үр тогтоож төл авна. Ингэж үр тогтсоны дараа өсгөвөрлөж, хөгжил нь эхлэхээр малд суулгадаг. Уг зарчмаар өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд хоёр ихэр хурга анх удаа хүлээж авсан.
-Эхийн хэвлийд бүрэлдсэн төлөөс дутуу зүйл бий юу?
-Энэ жил анхныхаа хургыг авсан учраас одоохондоо мэдэгдсэн зүйл алга. Илэрч болзошгүй гэж үзээд судалж байна. Дэлхийн түвшинд ямар нэгэн өөрчлөлт гараагүй гэсэн дүгнэлт гарсан. Харин цаашид олон удаа хийхэд сөрөг нөлөө гарах, эсэх нь туршилтаар батлагдана.
Гэхдээ дэлхий даяар малд бүү хэл хүн дээр хэрэгжүүлээд эхэлсэн тул ямар нэгэн асуудал тулгарахгүй гэж бодож байна. Энэ чиглэлээр БНСУ, Япон, АНУ, Шинэ Зеланд хамгийн өндөр түвшинд хөгжсөн. Тиймээс бид тус улсын эрдэмтэдтэй хамтарч ажиллаж буй.
-Хуруу шилнээс төл авах технологийг манай улс хэзээнээс судалсан бэ?
-2006 онд манай сургуулийн багш, доктор, профессор Т.Балдан анх удаа туршиж байсан. Тухайн үед хөврөлийн хуваагдал үүсэж эхлээд цааш хөгжөөгүй. Тиймээс 2016 оноос дахин судалж, энэ онд анхныхаа төлөө авсан. Үнээн дээр бас туршилт хийсэн. Төлөө авахаар хүлээж байна.
Туршилт хийхийн тулд бид нядалгаанд орж буй үхэр, хонины өндгөвчийг цуглуулсан. Түүнээсээ өндгөн эсээ соруулж аваад үр тогтоосон. Дэлхий дахинд энэ төрлийн туршилтын 40 хувь нь амжилттай болдог бол бидний хийсэн судалгаа, туршилт 65 хувьтай гарлаа.
Өөрөөр хэлбэл, дэлхийн судалгаанаас хоёр дахин илүү хувьтай үр тогтсон. Үүнийг цаашид судлах төлөвлөгөөтэй. Монгол малын тэсвэрлэх чанартай холбоотой, эсэх, эсвэл эсийн энергийн чадвар өндөр, бусад улсынхаас өөр байгаа, эсэхийг судлах зорилт дэвшүүлж буй.
-Маш нарийн технологиор хийж буй учраас өртөг өндөр байх.
-Тийм. Жишээлбэл, хуруу шилний хурга гаргаж авахын тулд эм, урвалж худалдан авахад бараг нэг сая төгрөгийн зардал гарч байна. Гэхдээ нэг эм урвалжаас дунджаар 100 хөврөл гарган авах боломжтой. Тэгэхээр хөврөлийн тоонд нь хуваахаар мөнгөн өртөг нь бага болно.
Хөврөл шилжүүлэн суулгахад малын үүлдэр, чанараас шалтгаалаад 300-400, зарим нь 600 мянган төгрөгийн өртөгтэй. Авсан хөврөл бүр мал болж чадвал ашигтай. Гэвч өндгөн эсийн чанар, хөврөл суулгаж буй эх мал хээл авч чадахгүй байх гэх мэт зүйлээс шалтгаалаад амжилтгүй болох тохиолдол бий. Энэ үед мэдээж нэг төлд ногдох өртөг өснө гэсэн үг.
-Ямар ямар фермд туршилт хийж байгаа вэ?
-Хөврөл шилжүүлэн суулгах туршилтыг “Макс агро” сүүний чиглэлийн фермд, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн мал аж ахуйн хүрээлэнд, Булган, Сэлэнгэд хийж байгаа.
-Засгийн газраас хэр дэмжиж байгаа вэ?
-Засгийн газраас багагүй дэмжлэг үзүүлж буй. “Макс агро”, “Баян семинталь”, “Нүүдэлчин” зэрэг томоохон фермийг улсаас дэмжиж байгаа. Одоогоор ашгаа өгч эхлээгүй байна.
-Бүх төрлийн малд үр хөврөл шилжүүлэн суулгах боломжтой юу?
-Уг технологийг хамгийн анх Английн эрдэмтэн Хипп туулайн дээр хэрэгжүүлсэн байдаг. Ангор үүлдрийнхээс бельги үүлдрийн туулайн хөврөлийг хооронд нь сольбилцуулж хийж байсан юм билээ. Тиймээс ямар ч амьтан дээр хийж болно. Харин адуу арай өөр. Гүүний өндгөвч бусад малаас өөр бүтэцтэй байдаг юм билээ.
Жишээлбэл, хониноос нэг дор 20-30 хөврөл авдаг бол гүүнээс дээд тал нь 2-3 хөврөл л авах боломжтой. Тэмээн дээр хийж болно. Гэхдээ одоогоор манай улсад туршиж үзээгүй. Тэмээ өсгөдөг зарим улсад туршсан тохиолдол бий.