Нэгэн жарны түүхтэй Дүрслэх урлаг, технологийн сургууль бол МУБИС-ийн ууган сургуулийн нэг юм. 1958 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор зураг, шугам зураг, хөдөлмөрийн дээд мэргэжилтэй багш бэлтгэх зорилгоор Зураг, хөдөлмөрийн анги нээснээр тус сургуулийн суурь тавигдсан түүхтэй. Төрийн шагналт, Ардын зураач Г.Одон гуай тулгын чулууг нь тулсан энэ “айл” 60 жилийн түүхэндээ биеийн тамир, зураг, хөдөлмөр болон кино драмын анги, үйлдвэр сурган, байгалийн ухааны факультет зэргээр салбарлан хөгжжээ. Монголын уран зураг, тайз, дэлгэцийн урлаг, дизайн, дизайн зураг зүй, технологи гэх мэт олон салбарт 4000 гаруй дээд мэргэжилтэн бэлтгэж өгсөн тус сургуулийн өнгөрсөн түүх хийгээд өнөөгийн өнгө төрх, ирээдүйн зураглал, зорилгын талаар А.Энхмаа захиралтай ярилцлаа.
-Үе үеийн уран гарт, бурхан ухаантнуудыг бэлтгэн гаргасан дүрслэх урлагийн ууган сургуулийн үүх түүхээс хоёулаа яриагаа эхэлье. Анхны элсэгчид нь хэн хэн байсан бол?
-Юуны өмнө энэ сургуулийн түүхэн замналтай холбоотой үе үеийн төгсөгчид, ахмадууд, эрдэмтэн багш нар, оюутан залуус, шавь нартаа 60 дахь хичээлийн жилийн мэндийг дэвшүүлье.
1958 онд Улсын багшийн дээд сургуульд шинээр зураг-хөдөлмөрийн анги нээх анхны сургалтын төлөвлөгөөг тухайн үед Ардын гэгээрлийн яамны Сургуулийн хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Гончигдорж, багш Б.Доржням, мэргэжилтэн багш С.Ф.Марёнов нар боловсруулан, яамаар батлуулсан түүхтэй юм билээ. Эхний жилд хөдөлмөрийн талын хичээлүүдийг Б.Доржням багш, өнгөт зургийг Л.Гаваа, хар зургийг зураач С.Доржпалам (хожим Ардын зураач болцгоосон), шугам зураг, дүрслэлийн геометрийг мэргэжилтэн багш С.Ф.Марёнов, орчуулагч багш Б.Гончигдорж нар зааж байж. Ингээд 1959 онд Зураг-хөдөлмөрийн тэнхим байгуулж, эрхлэгчээр нь Ардын зураач Г.Одон гуайг томилсон байдаг.
Г.Одон гуайг Москвад сургууль дүүргээд ирмэгц нь Урчуулын эвлэлийн хорооны дарга Н.Цүлтэм Улсын багшийн дээд сургуульд Уран зургийн анги нээгээд, багшаар нь ажиллуулж байсан гэдэг. Ардын зураач Г.Одон, Б.Гончигдорж, Б.Доржням нарыгаа бид энэ сургуулийн үндэс суурийг тавьж, мандан бадрах үүтгэл болсон “Тулгын гурван чулуу” гэж хүндэтгэдэг юм. Амжилт бүтээл, ахиц дэвшил, ололт туршлага дүүрэн түүхт он жилүүдийн явцад манай төгсөгчдийн дундаас олон арван Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Гавьяат багш төрөн гарснаас гадна Монголын томоохон бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, дизайнерууд энэ сургуулиар овоглодог.
Анхны элсэгчид маань олон насны зөрүүтэй байсан юм билээ. Хамгийн бага нь 17 настай байхад 10 гаруй жил багшилсан, 32 настай хүн ч элссэн гэдэг. Нэг ангид ажил амьдралын туршлагатай ахмад хүн байх нь залуучуудад хүмүүжлийн талаасаа их зөв үлгэр дуурайл, нөлөө үзүүлдэг, түшигтэй байсан тухай профессор Ц.Ядамжав багш маань хуучилдаг. Ц.Ядамжав багш бол манай сургуулийн анхны төгсөгч, сургуульдаа хамгийн олон жил ажилласан.
-Тухайн үед энэ сургуулийг үүсгэн байгуулсан хэрэгцээ шаардлага одоогийнхоос арай өөр, салбар нь хумигдмал хүрээнд байсан байж мэдэх юм. Хиймэл оюун ухаан, мэдлэгийг бүтээлч үйлдвэрлэл болгох инновацын тухай улам бүр ярих болсон өнөө цагт дүрслэх урлаг, дизайн технологийн шийдэл илүү хурдацтай, улам боловсронгуй болж байна. Та бүхэн энэ өөрчлөлт, шаардлагыг сургалтдаа хэрхэн тусгаж байна вэ?
-1925 онд хуралдсан Багш нарын нэгдүгээр их хурлаас өмнө сургуулийн дотоод дүрмээр зохицуулж байсан сургалтын агуулгыг өөрчлөн, шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гарсан гэдэг. Тухайн үед зураг урлалын хөтөлбөрийг төлөөлөгч багш Н.Мөрцэрэн, “Аж ахуйн хөдөлмөр” нэртэй оёх, сүлжих, орчноо тохижуулах, хоол унд бэлтгэх, малын үс ноос, арьс, шир боловсруулах, салхи ба усны хүчээр ажиллах төхөөрөмжийн загвар бүтээх зэргийн учир ухааныг үзэж судлах хичээлийн хөтөлбөрийг Эрдэнэбатхаан тэргүүтэй багш нар анх боловсруулсан юм билээ.
Тэгээд 1930-аад оноос хүүхдийг нийгмийн тустай хөдөлмөрт оролцуулах замаар ажил хөдөлмөрийн дадлагатай болгох, гар урлалд сургах ажил аажим боловч тасралтгүй явж ирсэн нь тухайн цаг үеийн шаардлага, уламжлалын хөрсөн дээр манай сургуулийг байгуулах эхлэл болжээ. Үе үеийн эрдэмтэн багш нар минь бидэнд маш их үржил шимтэй хөрс, бахархан үлгэрлэх үнэт зүйл үлдээсэн учраас өнөөгийн амжилтад бид хүрсэн.
Өнөөдөр бид дүрслэх урлаг, дизайн, технологийн дээд боловсролыг эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл, инновацад суурилан сургалтын шинэ арга зүйгээр, орчин үеийн их сургуулийн түвшинд хүргэхээр зорьж байна. Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл харилцаа асар хурдацтай хөгжиж буй энэ зуунд бид суралцагчдынхаа хувь хүний бүтээлч санаачилга, идэвхийг дэмжин, тэгш боловсролын зарчмаар багш, шавь хамтдаа хөгжих бодлого баримталж буй. Жишээ нь, энэ хичээлийн жилийн зорилтоо бид “Оюутны хөгжлийг дэмжих жил” гэж тодорхойлсон. Энэ зорилтын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байна. Цаг үеэ дагаад англи хэлтэй багш бэлтгэх бодлогын хүрээнд “Хэлтэй бол хөлтэй”, “Орлоготой оюутан”, “Бүтээгч оюутан” гэх мэт олон хөтөлбөр хэрэгжүүлнэ.
-Сүүлийн үед дэлхий нийтийн боловсролын чиг хандлага эрдэм мэдлэгээр “бөмбөгдөх” бус, хүүхэд залууст сэтгэлийн боловсрол эзэмшүүлэх, амьдрал болоод ертөнцийн аливаа явдалд түүртэхгүй даван туулах чадвар суулгахын тулд сэтгэлгээг нь задалж өгөхөд анхаардаг болжээ. Харин монголчууд үр хүүхдэдээ алх бариад ганц хадаас ч хадаж чадахгүй, “амьдралгүй” боловсрол эзэмшүүлж байна гэдэг. Ингэхэд танай сургуулийн онцлог юу вэ?
-Манайх зөвхөн зураач, дизайнер гэх мэт нарийн мэргэжилтнүүдийг бэлтгээд зогсохгүй, дүрслэх урлаг, технологийн багш нарыг төгсгөж гаргадгаараа онцлог. Дүрслэх урлаг, дизайн технологийн багш бэлтгэнэ гэдэг тун хариуцлагатай ажил байдаг. Хүүхэд залуучуудын оюун санаанд бүтээлч сэтгэлгээний үр тарьж, тархи сэтгэхүйг нь “задалж” өгдөг олон хичээлийн зангилаа, огтлолцол нь манай энэ мэргэжилд хамгийн их хамаатай учраас тэр.
Өөрөөр хэлбэл, таны хэлээд байгаа мэдрэмжийн болон сэтгэлгээний боловсролыг хүүхдүүдэд олгодог гол хөрс суурь нь шинжлэх ухаан, инженер техникийн боловсрол, технологи, дүрслэх урлаг гээд хувь хүний төлөвшилд гол нөлөө үзүүлдэг энэ хэдэн мэргэжлийн хичээлээс шалтгаалдаг. Уран бүтээлч сэтгэлгээтэй, бүтээлч хандлагатай, ажилдаа их сэтгэлтэй багш нар л хүүхдэд үүнийг суулгаж өгдөг. Тиймээс бид багш нараа чадавхжуулахад бүхий л талаар анхаарч байна. Жишээ нь, бид багшаар суралцаж буй оюутнуудаа хөдөө орон нутаг руу явуулж, цалинтай дадлага хийлгэдэг. Энэ бол оюутнуудад маш өгөөжтэй ажил гэдэг нь дадлага хамгаалах үйл явцаас нь харагддаг.
Манай сургуулийн сургалтын орчин нөхцөл, бааз суурь харьцангуй бэхэжсэн. Тухайлбал, манай бүх мэргэжлийн хичээлүүд урлангийн зохион байгуулалттай болсноор багш, оюутнууд анги танхимын хүрэлцээгүйн улмаас ийш тийш “нүүдэллэж” хичээллэдгээ больсон. Багш, оюутнууд цагт баригдахгүй, тухай тайван орчинд хичээл сургалтын үйл ажиллагаа, уран бүтээлээ хийх боломжтой болсон гэсэн үг.
Бид саяхныг хүртэл оюутнуудынхаа бүтээлийг дэлгэн үзүүлэх галерейгүй байсан. Харин өнгөрсөн жил сургуулийнхаа дотоод нөөц боломжоо ашиглаад гуравдугаар давхрыг “ART -21” нэртэй үзэсгэлэнгийн танхимын зориулалтаар тохижуулсан. Энд оюутнууд “Эхлэл” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ гаргадаг болсон нь тэдэнд маш их урам өгсөн. Мөн сургалтын нэг танхимаа МУБИС-ийн брэнд бүтээгдэхүүний байнгын нээлттэй “Галерей” болгон тохижуулаад байна.
-Өнгөрсөн хавар их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог нэмэхэд хувийн хэвшлийнхэн нэлээд дургүйцсээр болиулсан. Харин улсын сургуулийн босго оноог 480-аас доошгүй болгосноор танайд элсэгчдийн тоо тухайлбал буурав уу?
-Өнгөрсөн жилтэй харьцуулахад манай элсэгчдийн тоо харин ч нэмэгдсэнд бид баяртай байгаа. Яагаад гэвэл нэг үе багш мэргэжлийн үнэ цэнэ нийгэмд унахад хүрээд байсан бол сүүлийн жилүүдэд төр, засгийн оновчтой бодлого, их, дээд сургуулиудын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд нэр хүнд нь харьцангуй гайгүй болсонтой энэ нь холбоотой болов уу. Багш мэргэжлийг сонгон суралцаж буй өндөр оноотой хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэг, тэтгэлэг урамшуулал их болсон учраас чанарт ч өөрчлөлт гарч байгаа гэж боддог. Нөгөөтэйгүүр, манайд элсэгчид нэлээд онцлогтой.
Төрөлхийн авьяас, хүсэл сонирхол дээр тулгуурладаг мэргэжил учраас ахлах ангид орохдоо л мэргэжлийн чиг баримжаатай болчихсон хүүхдүүд энд ирдэг. Дунд, ахлах ангиасаа дүрслэх урлаг, мэдээлэл технологийн хичээлийн олимпиадад уралдаад, “Ирээдүйд би ер нь ямархуу хүн болох вэ” гэдгээ мэдэрчихсэн байдаг. Тиймээс ур чадварын оноо нь харьцангуй өндөр байдаг юм.
Хүсэл мөрөөдлийнхөө дагуу сурч байгаа оюутан төгсөөд ч ажил мэргэжилдээ дуртай байдаг нь анзаарагддаг. Манай төгсөгчид хаана ч очсон ажилдаа гологдохгүй, ам сайтай байдаг нь сайхан. Жишээ нь, өнгөрсөн хичээлийн жилд манайх 3.5 жилээр төгсөх боломжтой шинэ сургалтын төлөвлөгөөг анх удаа нэвтрүүлсэн. Тэгсэн өнөө жилийн судалгаагаар ноднингийн төгсөгчдийн маань 86 хувь нь шууд ажлын байртай болсон байна.
-Таныг Санкт-Петербургийн Дизайн, технологийн их сургуулийг төгссөн гэж дуулсан. Урлагийн түүх домог болсон хотод дизайн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэнээр таны амьдралд, хувь хүний төлөвшилд ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Би Санкт-Петербург хотын Дизайн, технологийн их сургуулийг нэхмэл, сүлжмэлийн технологич инженер мэргэжлээр 1991 онд дүүргэсэн. Оюутан цагийн он жилүүд минь надад аливаад мэдрэмжтэй хандах, гярхай байх, асуудал тулгарлаа гэхэд гарц шийдлийг хурдан эрэлхийлэх гүйлгээ ухаан, өөдрөг үзэл суулгасан гэж боддог. Юуханд ч мэдрэмжтэй байна гэдэг бол маш чухал “өгөгдөл”. Мэдээж тэрийг дан ганц сургалтын байгууллагаар олж авдаггүй байх.
Ямар хандлагатай хүн болж төлөвших нь олон зүйлээс шалтгаалдаг болов уу. “Хүмүүс нь хамгийн сайхан сэтгэлтэй хот” гэгддэг урлаг соёлын тийм сайхан орчинд оюутан нас минь өнгөрсөн учраас тэр үед ухамсартай ухамсаргүйгээр шингэсэн хандлага насан туршид минь надтай хамт байна. Боловсрол мэдлэгийг хүн мартаж болно. Хандлага бол хэзээ ч мартагдахгүй. Тиймээс хүүхэд, залууст юуны түрүүнд зөв дадал, эерэг хандлага суулгахад боловсролын байгууллага анхаардаг байх нь зүйтэй гэж боддог.
Багшийн багш нар буюу “Тулгын гурван чулуу” Зүүн гар талаас Б.Доржням, Г.Одон, Б.Гончигдорж