Монголын говьд солирын хайгуул, судалгаа хийж буй ОХУ-ын Уралын их сургуулийн эрдэмтэд Өмнөговь аймгийн Ноён сумын нутгаас 800 граммын жинтэй солир олоод байсан. Тэгвэл өчигдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутгаас 100, 170, 300 грамм жинтэй солирын чулуужсан гурван хэсэг хэлтэрхийг олжээ. Экспедицийн ажил есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Улаанбаатараас Баруун-өмнөд говь, Баруун-өмнөд говиос Улаанбаатар гэсэн чиглэлд 4.000 км тайлбайд судалгаа хийх юм. Оросын эрдэмтэд Монголын одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран уг хайгуул, судалгааг хийж байна.