Чингэлтэй дүүрэг дэх 57 дугаар сургууль. Үүрэн холбооны дөрвөн оператор 2006 онд дээвэр дээр нь антеннаа суурилуулсан
Гар утасны хүчтэй долгион цацруулагчийг сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулах нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учраас буулгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийнхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргаж байв. Үүний дагуу үүрэн холбооны дөрвөн операторт мэдэгдэл хүргүүлж, долдугаар сарын 1-нээс өмнө антеннаа буулгах үүрэг өгсөн юм.
Гэвч өдгөө нэг ч оператор антеннаа буулгаагүй бөгөөд “Тийм боломж алга” гэсэн хариу өгсөн талаар эх сурвалж мэдээллээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гэр хороололын голдуу 18 байршилд, сургууль, цэцэрлэгийн 35 барилга дээр үүрэн холбооны оператор компаниуд цахилгаан соронзон орон үүсгэдэг сүлжээ цацагч төхөөрөмжөө байрлуулсан аж. Зарим сургуулийн дээвэр дээр Мобиком, Жи-мобайл, Скайтел, Юнител гээд бүх операторын болон интернэтийн антенн бий гэнэ. Тодруулж хэлбэл, нэг сургуулийн дээвэр дээр дөрвөн антенн байна гэсэн үг. Харин бусад сургууль, цэцэрлэгийн дээвэрт цөөндөө 1-2 байдаг гэнэ.
Компаниуд антеннаа байрлуулахын тулд сургууль, цэцэрлэгийн барилгын анхны төлөв байдлыг алдагдуулан, нэмэж тасалгаа гарган, агааржуулалтын сувгийг өөрчилсөн аж. Ялангуяа ариун цэврийн өрөөг нь “эзэлж”, техникээ хадгалдаг зөрчил олон байдаг талаар НМХГ-ынхан хэлэв. Харилцаа холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлагад ийм антенныг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагаас 150 метрээс багагүй зайд суурилуулах ёстой хэмээн заасан. Антенны цацаж буй радио долгион хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, эсэхийг Харилцаа холбооны зохицуулах хорооныхон шалгаж, тодорхойлох үүрэгтэй. Гэвч сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулсан антеннуудыг тус байгууллага хэмжээгүй гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагчид хэлсэн юм.
Гадаадын орнууд цахилгаан соронзон долгион үүсгэдэг төхөөрөмжийг газар доор байрлуулдаг юм байна. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг учраас тэр аж. ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайханаас ийм антенн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, эсэхийг лавлахад “Гар утас хорт туяа ялгаруулдаг. Тиймээс ашиглахаар бол зөвхөн зүүн гартаа барь, цэнэглэхдээ таван метрийн зайтай байлга, ярихдаа чанга яригч дээр нь тавь гэж зөвлөдөг. Тэгэхээр сөрөг нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй” гэлээ. Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийнхөн өнөөдөр уг асуудлаар хуралдана.
Бэлтгэсэн: Г.Цэцэг