97 дугаар сургуулийн бага ангийнхан энд хичээллэнэ
Зунжингаа алмайрч “унтсаны” гор гарч байна даа, боловсролын салбарынхан минь. Хоёр хоногийн дараа хичээлийн шинэ жилийн нээлт болох гэж байхад дээвэр тааз нь онгорхой, хана туурга нь сиймхий, шал нь хөрсний ус нэвчсэн сургууль, цэцэрлэг хаа сайгүй байгааг үүнээс өөрөөр юу гэж тайлбарлах билээ. Харамсалтай нь, ардын багш нар үүнд санаа зовсон янзгүй “Есдүгээр сарын 3-наас бид хугацаагүй ажил хаяна. Байгууллагынхаа үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлаар хэлэлцээд, олонхоороо ингэж шийдсэн” гээд сургууль, цэцэрлэгийнхээ өрөө танхимаар дэмий л хөлхөцгөөж байх юм. Салах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй гэгчээр багш нарт хичээлийн шинэ жил эхэлнэ үү, байна уу хүртээлгүй мэт хөндий, хүнийрхүү загнаж байгааг салбарын яам нь ч, нийслэлийн Боловсролын газар нь ч “мэдээгүй” гэхээр хөгийн байгаа биз.
18 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ШИНЭ БАРИЛГЫН ЗООРИНД ХӨРСНИЙ УС НЭВЧЖЭЭ
Улаанбаатар дахь сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас саяхан шалгахад 13 цэцэрлэг есдүгээр сарын 3-нд хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй байжээ. Тэдгээрийн нэг буюу Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгээр өчигдөр орлоо.
Тус цэцэрлэгийн хуучин барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гурвантаа гарсны эцэст 2013 онд үйл ажиллагааг нь зогсоосон аж. Гэвч хуучин барилгыг нурааж, шинэ цэцэрлэг барих ажлыг концессоор шийдэх гэсээр хэдэн жил цалгардсан тул өнгөрсөн жил дүүргийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.
Ингээд найман бүлэгтэй, 200 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилгыг энэ сарын 7-нд Улсын комисст хүлээлгэн өгчээ. Гэвч “баруун, зүүнээрээ” ажил хүлээлцсэний дараахнаас асуудал ундарч, зоорийн давхарт хөрсний ус нэвчиж эхэлсэн гэнэ. Хамгийн гол нь барилгын цахилгааны шийтийг зоорийн давхарт байрлуулсан учраас ус чийгтэй орчинд өндөр хүчдэлийн гүйдэл дамжих эрсдэлтэй гэсэн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарчээ.
Хоёр давхар, тод шаргал өнгийн “хөөрхөн” цэцэрлэгт өчигдөр биднийг очиход тагтан дээрээ хүүхдүүдийн дэр, ор хөнжлийн даавуу, гудас зэргийг сэврээж байв. Цахилгаангүй, цаанаа л чийг даасан цэцэрлэгийн онгорхой хаалгаар хүүхдүүд шагайж байгаа нь бүртгүүлэхээр ээжтэйгээ ирсэн жаалууд аж. Энэ хичээлийн жилд 330 хүүхэд хүлээж авахаар төлөвлөсөн тус цэцэрлэгийнхэн есдүгээр сарын 1-нээс өмнө зоорийн давхар дахь цахилгааны шийтээ нэг давхарт шилжүүлэн байршуулах гээд тун завгүй байгаагаа Д.Нарантуяа эрхлэгч хэлсэн.
Миний өмнөхөн түүнтэй уулзаад гарсан мэргэжлийн хяналтын байцаагч цахилгааны шийтээ аюулгүй газарт байрлуулбал сургалтын үйл ажиллагааг эхэлж болно гэсэн аж. Өнгөрсөн гурван жилд цөөнгүй хүүхэд, багш, ажилтнуудаа “толгой хоргодуулж” байсан дөрөвдүгээр цэцэрлэгийнх нь барилгыг энэ онд буулгаж байгаа тул тэдний багачуудаас хүлээн авч, агтны хариуг жилд нь барихаар болсноо ч дуулгав.
Баярлууштай нь, тус цэцэрлэгийн багш нар одоохондоо “Бид ажил хаяна” гэж удирдлагаа сандаргаагүй байгаа гэнэ. Гэвч даваа гариг хүртэл байдал хаашаа ч эргэхийг таашгүй. Учир нь ердөө нэг өдрийн өмнө “Манайхан ажил хаяхгүй байх аа” гэж байсан охины минь цэцэрлэгийн багш өчигдөр “Даваа гаригт хүүхдүүдээ авчраад хэрэггүй шүү” гэсэн юм даа. Баянгол дүүргийн 76, 77 дугаар цэцэрлэг зэргэлдээ оршдогийг ч хэлэх үү, дуу дуугаа авалцан ажил хаяхаар нэгдсэн гэнэ билээ.
“ТАЛ ТАЛД ААГ АМЬСГААГҮЙ АЖИЛТАЙ ЯВТАЛ БАГШ НАР АЖИЛ ХАЯХ МЭДЭГДЛЭЭ АВЧИРЧ ӨГСӨН”
Дайны хажуугаар дажин гэгчээр Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн өргөтгөл засварын ажил нь дуусахгүй, хуулаад авчихсан “онгорхой” дээврээр нь борооны ус “цутгаад” яая гэж байхад багш нар нь ажил хаяхаа мэдэгдээд гэдийчихэж. Бага сургуулийнх нь хоёр давхар барилга дээр нэмж нэг давхар барих өргөтгөлийн тендерийг өнгөрсөн гуравдугаар сард зарлаж, тавдугаар сар гэхэд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ.
Золоор тендер нь ямар нэг будилаангүй болж өнгөрсөн ч шалгарсан компани, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хоёр гэрээгээ байгуулах гэж янцагласаар байтал долдугаар сарын 10-д хүргэчихсэн гэнэ. Ингээд “Ганц давхар өргөтгөлийн барилга юухан байх вэ, наадмын дараа ажлаа хийчихнэ” гэтэл усан бороо цутгачихаж. Өргөтгөлийн шинэ давхрын араг яс л дөнгөж боссон учраас хагас жилийн эцэс хүртэл тус сургуулийн хоёр, гуравдугаар ангийнхан гурван ээлжээр хичээллэхээс аргагүйд хүрчээ.
Тэгэхдээ бүр хоёрдугаар давхрынхан дээврээр нь борооны ус шүүсэн “эко” анги танхимд хичээллэнэ. Үүн шиг сонгон шалгаруулалтаар ялалт байгуулчихаад ажлаа хийдэггүй, эсвэл олон тендерт зэрэг оролцож шалгарчихаад даахгүй нохой булуу хураахын үлгэр болдог компаниуд болон төрийн байгууллагын хайнга назгай байдлын улмаас есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж авч чадахгүйд хүрсэн сургууль, цэцэрлэг Баянзүрх дүүрэгт гэхэд л тав байгаа аж.
“Долоо, найман настнууд хөхөө өвлийн хүйтнээр 19.30 цаг хүртэл хичээллээд, хаа байсан “Монел” руу уул даваад харина гэхээр үнэндээ хүнд л байна. Гэлээ гээд хэнийг одоо буруутгах билээ. Хаврын сүүлч, зуны эхээр тэр их халуун байхад барилгын ажил эхэлчихсэн бол юу гэж ийм байдалд хүрэх вэ. Ойрд бид борооны устай “байлдаад”, хажуугаар нь барилгын ажлаа хянах гээд тал талд ааг амьсгаагүй гүйгээд л байна. Тэгсэн нэг өдөр манай багш нар “Бид хурал хийгээд ажил хаях болсон” гээд мэдэгдэх хуудас авчирч өгсөн. Энэ тохиолдолд захирал ямар ч эрх мэдэл үгүй учраас “Та нар минь ажил хаясан ч бай, сэтгэл гаргаад бага сургуулийн хоёрдугаар давхар дахь борооны усыг тухай бүрт нь арчиж цэвэрлээд өгөөрэй” л гэсэн” хэмээн 97 дугаар сургуулийн захирал эмэгтэй учирлалаа.
Тус сургуулийн бага ангийн багш “Би уг нь ажил хаялтад оролцохгүй гэсэн байр суурьтай байсан ч манай хамт олон бүгд нэгдэх ёстой гэж шахсан. Сургуулийн захирал хүртэл ийм байр суурьтай байгаа гээд байхаар нь гарын үсэг зурсан” гэсэн нь захирлын үгнээс зөрөөд явчихлаа. Өөрөөр хэлбэл, орон даяар хугацаагүй ажил хаях “кампанит” ажлыг өдөөн турхирч буй үйлдвэрчний эвлэлийнхэн багш нар, удирдлагуудыг хооронд нь цохилдуулаад, санасандаа хүрэх гэж байгаа бололтой. Ажил хаях, эсэх нь тухайн хүний сайн дурын үндсэн дээр шийдэх сонголт учраас үүнд нэгдэхийг хүсээгүй дээрх багш уг нь ганцаараа байсан ч ажлаа хийгээд явах боломжтой баймаар. Хэн нь үнэн хэлснийг таашгүй.
“БИДЭНД МЭДЭГДЭЭГҮЙ УЧРААС ДАВАА ГАРАГТ ХИЧЭЭЛ ОРНО ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА”
Бидний очсон дараагийн газар бол Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль. Үүдээр нь оронгуут будагны хурц үнэр хамар, хоолой сэрвэгнүүлэн хорсгохыг бодоход хичээлийн шинэ жилдээ тэд гайгүй бэлдсэн бололтой. Тус сургууль бусдынхаа жишгээр есдүгээр сарын 1-нд хичээлийн жилийн нээлтээ хийх бөгөөд нэг болон арванхоёрдугаар ангийн сурагчид нь оролцох гэнэ. Үүдэнд ширээ сандал зөөж байсан нэг эмэгтэйгээс “Танай сургуулийнхан ажил хаялтад нэгдэх үү” гэхэд “Үгүй ээ. Даваа гарагт хичээл орно” гэв.
Цаана онгорхой хаалгатай нэг өрөөнд хэдэн хүн завтай байгаа бололтой, бохь зажилж, цай уусан шигээ сууж байхаар нь тэднийг зүглэлээ. Тэд тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон болж таарав. Нэлээд аманцар байрын эмэгтэй “Бид хамт олны хурлаа энэ сарын 27-нд хийгээд, 78.2 хувийн саналаар ажил хаялтад нэгдэх болсон. Энэ тухайгаа ч захиралд мэдэгдсэн. Даваа гарагийн өглөө 08.00 цагт сургуульдаа цуглана.
Төв талбайд жагсах шаардлагатай бол зарим сургуулийнхныг унаагаар зөөх юм шиг байна лээ” гэх нь тэр. 1990-ээд оны дундуур багш нар анх ажил хаяхад хувийн унаатай (тэр нь үнэндээ унадаг дугуй) хоёрыгоо явуулж, шаардлагын хариугаа нэхүүлж байсан гэдэг. Харин өнөөгийн багш нар захиалгын унаагаар үйлчлүүлэн жагсаалд оролцдог болсон гэж үү. Ямартай ч үлдсэн 28 хувь нь ажил хаяхгүй юм байна гэж ойлгоод лавлатал “Энд тэнд ажлаар яваад хуралд оролцож чадаагүй хүмүүс бий. Байсан бол бүгд ажил хаяхыг дэмжих байсан. Угаасаа нийслэлийн хэмжээний сургууль, цэцэрлэгийн 80 гаруй хувь нь үүнийг дэмжсэн” гэлээ.
Сургууль, цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон гэж ийм дураараа авирласан хүмүүс ард түмний хүүхдийн эрх ашгийг уландаа гишгэн, багш нарыг нь ажил хаяхад уриалан дуудаж байхад төрийн байгууллагууд нь юу хийж байна вэ. Нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас энэ талаар тодруулахад “Одоогоор манайд нэг ч сургууль, цэцэрлэгээс багш нар нь ажил хаях тухай албан ёсоор мэдэгдээгүй. Тухайн байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нь ажил хаях тухай хамт олны шийдвэрийг удирдлагадаа мэдэгдсэн бол захирал, эрхлэгч нар нь дүүргийн Боловсролын газарт мэдэгдэх учиртай. Дараа нь дүүргээс бидэнд уламжлах ёстой. Гэтэл манайд багш нар ажил хаях тухай ямар ч мэдэгдэл ирээгүй учраас бид даваа гарагт хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ гэж ойлгож байгаа” гэв.
Боловсролын байгууллагын үйлдвэрчний эвлэлийнхэн захирал, эрхлэгч нарыгаа хүн байна чинээ тоохгүй “Бидний шийдвэр бол эцсийнх” гэсэн аястай хандаж байхад дээд байгууллага нь иймэрхүү тайлбартай сууж байна. Тэгэхээр “шүдгүй арслан” шиг захирал, эрхлэгч нар дүүрэг, нийслэл рүү цөөнгүй шат дамжлага туулан байж албан бичиг илгээснээр ямар нэг арга хэмжээ авч, зохицуулалт хийх боломжтой гэдэгт яаж итгэх билээ. Хаана хаанаа ингээд хөл, толгойгоо алдчихаар энэ намар хичээл сургуульдаа орох, эсэхээ ч мэдэхгүй дэмий баахан догдолсон хүүхдүүд, “Багш нар нь хугацаагүй ажил хаявал хүүхдүүдээ яана аа” гэж сэтгэл зовсон эцэг, эхчүүдэд хэн тодорхой хариулт хэлэх вэ.