2018-2019 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан өчигдөр БСШУСЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ жил урьдчилсан мэдээгээр 260 000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах бөгөөд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3185-аар нэмэгдэх гэнэ.
Тухайлбал, есдүгээр сарын 1 гэхэд төрийн өмчийн 13 цэцэрлэг ашиглалтад орох юм байна. Түүнчлэн энэ онд өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад ерөнхий боловсролын сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24.4 мянгаар нэмэгдэх аж. Хүн амын өсөлт, боловсролын хөгжлийн шаардлагаар шинээр үүсэж буй хэрэгцээ, одоо ашиглаж байгаа барилгын насжилт өндөр, ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын бус байранд сургалт явуулж буй зэрэг шалтгаанаас болоод сургууль, цэцэрлэгийн суудал, орны хүчин чадал хүрэлцээгүй байсаар байна.
Өнөө жил гэхэд л 38 сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй аж. Тэр дундаа нийслэлийн 26 сургуулийн 205 бүлэг гурван ээлжээр хичээллэх юм байна. Мөн энэ жил бага ангийн 38, дунд ангийн долоо, ахлах бүлгийн 20 нэрийн, казах хүүхдүүдэд зориулсан 32 нэрийн нийт 97 нэрийн 1.6 сая ширхэг сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэж нийлүүлэх гэнэ. Харин 21 нэрийн сурах бичгийг шинэчилж, сургалтад ашиглана.
Л.Аргамжин