Тусгай хэрэгцээт боловсрол эзэмших шаардлагатай хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчнийг төрийн бодлогоор бэлтгэх асуудал сүүлийн 30-аад жил орхигдсон. Харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх мэргэжлийн багшийг гадаадад бэлтгэх ажил зогссоны улмаас тусгай сургуулиудад согогзүйч олноор дутагдах болсныг салбарынхан нь хэлдэг.
Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлэн ОХУ-д согогзүйч багш бэлтгэх болсноо БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дуулгав. Хойд хөршид согогзүйч мэргэжлээр суралцах эхний 10 оюутан өчигдөр өглөө галт тэргээр Эрхүү хотыг зорьсон бөгөөд тэдний зардлыг төрөөс 100 хувь хариуцах юм байна. Мөн ерөнхий боловсролын тусгай сургуульд ажилладаг зургаан эмч тархины саажилттай хүүхэдтэй ажиллах хөдөлгөөн засалчийн сургалтад хамрагдахаар өчигдөр тус улс руу явжээ.
Бэлтгэсэн: Л.Чимэг