Малын бага эмч Н.Сүхбаатар хорьхон насандаа хээрийн нөхцөлд малд Кесеров хагалгаа хийсэн нь Монголд анхдагч хэмээн бүртгэгджээ. Тэрбээр 18 настайгаасаа малын бага эмчээр ажиллаж, эрдэмтэн судлаач нарт үнэлэгдэж явсан нэгэн. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Яагаад малын эмч болохоор шийдсэн юм бэ. Социализмийн үед нэлээд эрэлттэй, нэр хүндтэй ажилд тооцогдож байсан нь нөлөөлсөн үү. Одоо бол хэр баргийн хүн сонгохгүй байх.
-Би 1948 онд, Түшээт хан аймгийн Авдарбаян сумын Авдарын өвөр гэдэг газар, одоогийн Төв аймгийн Сэргэлэн суманд мэндэлсэн. Яг хэддүгээр сард төрсөн нь тодорхойгүй. Ээж “Хонь ахарлаж байх үед төрсөн” гэж ярьдаг. Намар наймдугаар сард эр хонь ахарладаг юм. Тэр үед болов уу л гэж таамаглаж байгаа. Би их тарчигхан айлд хүн болсон. Мөн ч их гоочлуулсан. Эцэг, эх минь таарамжгүйгээсээ болоод намайг жоохон байхад хоёр тийш болсон байсан.
1959 онд миний өвөө насан өөд болж, эмээ минь нэгдэлд орох гэж зургаан сар айлын хонь саахаар явах болов. Гэтэл нүүх гэсэн чинь манайд тэмээ байдаггүй. Хонийг нь саах айлынхаа тэмээнд ачааллаад явж байтал тэмээний эзэн, намын гишүүн хүн өөдөөс давхиж ирээд “Тэмээ дураараа ачааллаа” гээд ус ч үгүй газар буулгаад явж байв. Тэгэхэд эмээ минь их уйлсан санагддаг. Айлын хүн тэмээгээ авч явахдаа тухайн үеийн хамгийн хориотой үг болох “Хар, шар феодалууд, эсэргүүний үлдэгдлүүд толгой дээр гарах болоогүй” гэж харааж байсан юм. Энэ үгийг би ер мартдаггүй. Тэр айхтар үг их учиртай болохыг сүүлд л мэдсэн.
Манай удмынхныг Өнгөөгийнхөн гэдэг юм. Өнгөө гэдэг нь миний эмээ Содномын ээж Цэндээгийн ах юм билээ. 1900 оны эхээр хүрээнд их хамба байсан гэдэг. Түүний шавь Төгс-Очир гэж хүн 1979 онд надтай уулзахдаа “Өнгөө бол түүхэн хүн. Ганжуурын 108 ботийг 1907-1908 онд шинэчлэх ажлыг удирдан зохион байгуулсан. Манзушир хутагт Цэрэндорж, Д.Бодоо нар гэрт нь ирж уулзахыг харж байлаа” гэж ярьсан. Мөн “Манзушир хутагт Цэрэндорж Д.Бодоо нар чиний эцэг талын их ойрын төрөл садан хүмүүс шүү. Бодоо, Данзан нар баригдаж, цаг төр эвгүйтэх үед Өнгөө гуай бүх мяндаг, тушаалаа шувтлаад гэртээ номоо үздэг болсон. Тэр үед бүх хөрөнгийг нь хураасан” гэж надад аминчлан хэлсэн юм.
Миний эмээгийн төрсөн ах Лувсанпунцаг гэгч гавж цолтой маарамба байлаа. Тэр хүн 1938 оны хэлмэгдүүлэлтийн үед амь хэлтэрч, 10 жилээр таслагдан, 1948 онд буюу намайг эхээс мэндлэх үед шоронгоос гарч ирээд, нэр хайрласан гэдэг. Одоо бодоход үнэхээр л хар, шар феодал, эсэргүүний үлдэгдэл гэж хэлүүлэх нь аргагүй байгаа биз дээ.
Ингэж миний амьдрал гунигтайхан эхэлсэн. Ядуу, зүдүү гэж хүүхдүүдэд гоочлогдож, ах минь аргагүйн эрхэнд дөрөвдүгээр ангиасаа сургууль завсардаж, өрх толгойллоо. Хонь, хурга хариулахын зэрэгцээ зургаан настайгаасаа хурдны морь унаж байв. Тухайн үед амьдрал хэцүү, айлын морь унаж, идэшний адуу, нэг ээлжийн хувцсаар шагнуулдаг байлаа. Нэг ёсондоо зургаан настайгаасаа цалинтай ажил хийж эхэлсэн гэсэн үг шүү дээ. Есөн настай байхдаа хүний азарга унаад уралдаж байхад эмээл шувтарч, мориндоо чирэгдээд толгойгоо гэмтээсэн юм. Түүнийгээ ч тоолгүй унадаг байлаа. Гэтэл толгойны бэртэл сүүлд аюулд хүргэх дөхсөн шүү.
Миний малын эмч болсон түүх их сонин. Манайх бог, адуу нийлсэн 300 орчим малтай, 20-30 тэмээтэй байлаа. 1944 оны бичин жилийн өвөл, бүх үхрээ зуданд алдаад, ганц ч үхэргүй болсон юм. Түүнээс хойш миний өвөө “Мөсөн бөгстэй мал дахиж тэжээхгүй” гээд үхэр авч байгаагүй юм гэсэн. Надад бол үхэртэй айл их сайхан харагдаж, үхрийн ааруул, өрөм амттай санагддаг байв. Манайх хэдэн хайдаг ямаа саадаг. Тавдугаар ангид байхад ээж минь нэгдлийн гишүүн болж, нэг үнээ өгдөг юм байна.
Тэр үнээ нь тугаллаад, би ч бөөн баяр. Тэгсэн нэг их үргэлжилсэн усан борооноор тугал маань босохоо болилоо. Би нутгийн малын эмч Төмөр гуайг хайж, хайж дагуулж иртэл нэг тариа хийв. Тэр нь ч нэмэр болсонгүй үхчихлээ. Тэр үед би “Энэ Төмөр чинь муу эмч байна. Ерөөсөө би өөрөө сайн эмч болно. Тугал үхүүлдэггүй эмч болно” гэж зориг шулуудсан. Тухайн үед техникумд орох хүүхдүүдийг багш нар өөрсдөө очиж элсүүлнэ.
Намайг долдугаар ангид байхад Монгол Улсын Гавьяат багш Даваа гэж хүн элсэлт авахаар ирэхэд нь “Би малын эмч болмоор байна” гээд оров. Гэтэл тэр жил мал эмнэлгийн ангийн хувиар байдаггүй. Даваа багш “Чи агрономчийн ангийн томилолт авчих. Очоод ангиа солиулж болдог юм” хэмээн зааж өгөв. Түүнийг нь авчихаад л нэг их томилолттой хүн гэртээ орлоо. Тэгсэн ээж, ах, эмээ бүгд загнаад “Сэлэнгэ аймгийн тэр том мөрний ус аягатай цай шиг мэлтэлзэж байдаг. Чи дандаа л усанд ордог хүн. Нэг л өдөр живж үхнэ” гээд халгаадаггүй. Тэр ч бүү хэл ах аймаг руу дагуулж яваад наймдугаар ангид оруулах тухай ярилцаад эхэллээ.
Түүнийг нь сонссон би “Заавал малын эмч болно” гээд зам дагаад гүйчихсэн. Гэтэл ах хойноос хөөцөлдөөд бөөн уйлаан болсон. Нагац ах Жамц гэж хүн учрыг сонсоод эмээ, ээж хоёрыг загнаад “Юм суръя, сургуульд явъя” гэж байгаа хүүхдийг яахаараа хорьдог юм. Явуул” гэж хэлж арай гэж зөвшөөрүүлсэн. Тэр өдөр ах 50 төгрөг өгөөд “Гутал ав” гээд явуулахад нь Агент орох замдаа гээчихсэн. Буцах замдаа мөнгөө хайж, хайж орой болсон хойно гэртээ ирж дахиад л загнуулдаг юм байна. Явтлаа өдөр бүр 50 төгрөг хайдаг ажилтай боллоо доо. Яаж ч олдох вэ дээ.
Сургуульд явах болоход ээж аймгийн төв рүү морьтой хүргэж өгөөд буцахдаа “Даалуу, хөзөр зэрэг тоглоомоор хэзээ ч битгий тогло. Их муу байдаг юм” гэж хэлж захисан нь одоо ч санаанаас гардаггүй. Тэр үг нөлөөлснийх үү, би одоо болтол ганц ч тоглоом тоглож мэддэггүй юм.
-Ангиа солиулж чадсан уу?
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хөдөө, аж ахуйн техникумд очоод Даваа багшийг хайгаад олдоггүй. Гэтэл сургуульд очсон хүүхдүүдийг Хярааны гол руу хадланд хуваарилаад явуулчихав. Нэг өдөр “Хоол хийж чадах хүүхэд байна уу” гэж байна. Ээж биднийг багаас мал төхөөрөх, хоол, унд хийх ажилд сургасан учир “Би чадна” гэлээ. Хонио өөрөө төхөөрч, гэдсийг нь арилгаад, цусыг нь базаж мэдэх юм чинь надад нэг их хэцүү ажил биш байв.
Бригадийн дарга Дэмбэрэл гэж хүн намайг их тоосон юм. Тэнд Улаан бургас гэж бруцеллёз өвчтэй малын суурин байсан. Тэр сууринд хичээл ортлоо үхэр хариулах үүрэг авчихаад байтал нэг өдөр улаан мотоциклтой хүн сүү авах гээд давхиад ирэв. Тэгсэн тэр нь миний орох сургуулийн багш юм гэнэ. Хадланд хамт байсан багш “Энэ хүнтэй л сайн яриарай. Ямар ангид орохыг чинь сайн мэднэ” гэж захив. Тэгэхээр нь нэг өдөр хулгаж байгаад л хэлсэн чинь нэг их ойшоосон шинжгүй “Хичээл эхлэхээр уулзана биз. Ер нь тэр ангидаа шууд орчихгүй” гээд яваад өгөв. Тэгээд л аравдугаар сарын 10-ны хичээл эхлэх өглөө, зааж өгсөн ангид нь яваад очтол сүү аваад байсан хүн малын эмчийн ангийн багш байдаг байгаа.
Хоёрдугаар курст дадлагад гарч байхад таван хүүхдийг өөр суурин дээр аваачиж ажиллуулна гэлээ. Тэр нь одоогийн Мал эмнэлгийн хүрээлэнг туршилтаар ажиллуулж эхэлж байсан юм билээ. Тэнд эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамт хэд хоног ажиллах болов. Тухайн үед хамтарч ажиллаж байсан багш нар намайг ч их тоож “Гачууртын сангийн аж ахуйд ажиллаарай. Чамайг аваарай гэж захиралд нь хэлнэ” гэв.
Тэр хавар, тавдугаар сард Гачууртын сангийн аж ахуйн захирал дуудаж Сүхбаатар гэж чи юу. Чамайг Дашвансан, Цэрэндорж нарын эрдэмтэн “Их сайн хүүхэд” гэсэн. Долдугаар сарын 11-нд хоёр сайн хүүхэд аваад хүрээд ир. Энд ирж ажиллаарай” гэдэг юм байна. Тогтсон өдрөө ангийнхаа хоёр найзыгаа дагуулаад очив. Сангийн аж ахуйн ерөнхий зоотехникч Содном гэж хүн хүлээж авч, намайг бруцеллёз өвчтэй, Цагаан бургастай бригадад тоо бүртгэгч, малын эмчээр хуваарилсан юм.
-Малын эмчийн анхны гараагаа Гачууртын сангийн аж ахуйгаас эхэлсэн гэсэн үг үү?
-Тийм. Дөнгөж сургууль төгссөн хүүхэд малын эмчийн гараагаа Цагаан бургастай бригадаас эхэлж буй нь тэр л дээ. Нэг их бороотой өдөр томилогдсон газраа очиж, Ёндон гэж өвгөнийд суухаар очсон. Анх ганц ч таних хүнгүй, их уйтгартай. Нэг өдөр “Би энд нэг насаараа ирж байгаа юм биш биз дээ” гэж хүртэл бодож сууснаа одоо бодохоор инээд хүрдэг. Тэгээд л хэд хоногоос ойр орчны хүүхдүүдтэйгээ танилцаж, зүлгэн дээр өдөржингөө бөмбөг өшиглөөд тоглочихдог болсон. Өвчтэй мал ирэхээр сайн мэдэхгүй, багш нарын хэлж байсныг хольж, хутгаад л өнгөрнө. Дөнгөж сургуулиа төгссөн хүүхэд юугаа мэдэх вэ дээ. Нэг удаа Явуухүү гэж айлын уушги муутай тугал үзүүлж байсан нь үхчихэж. Задлаад үзсэн чинь элэг, цөс, уушги нь бүгд идээлээд наалдчихсан. “Ээ базарваань. Сүрьеэ биш байгаа” гээд өөрөө хүртэл сэжиглээд өнгөрсөн.
-Таныг малд анх удаа хээрийн нөхцөлд Кесеров хагалгаа хийсэн гэдэг юм билээ. Нэлээд туршлагатай эмч болсныхоо дараа хийж байв уу?
-Томилогдож очсоныхоо дараа жил ажилдаа нэлээд дасаж, мэддэг болсон байсан юм. Цэрмаа гэж хөгшний нэг үнээ тугаллах гээд чаддаггүй. Би өдөржингөө ноцолдоод барсангүй. Тугал нь буруу байрлалтай байж л дээ. Нөгөө үнээ нь үхчихлээ. Тэгэхээр нь тугал үхүүлдэггүй эмч болно гээд зориглож шийдсэн хүн чинь өөртөө гомдож баахан уйлав. Гэтэл нутгийн нэг хөгшин миний толгойг илээд “Миний хүү хагалаад авдаг болно” гээд хэлтэл “Тэгж болох юм байна” гэсэн бодол орж ирсэн.
Түүний дараагаас Кесеров хагалгааны талаар судалж байгаад Батмөнх гэж эмчтэй уулзаад, Кесеров хагалгаа яаж хийдэг талаар асуухад “Чи мэдрэлийн судаснуудад л мэдээгүйжүүлэлт хийж сур” гээд ерөнхий зүйлсийг нь зааж өглөө. Ганцхан ямар утсаар оёх вэ гэдэг асуудал гарч ирлээ. Нэг өдөр нутгийн хөгшнийд яваад ортол гутал уллаад сууж байна. Оёж байгаа утсыг нь асуутал “Малын шөрмөс” гэсэн. Тэндээс санаа аваад л “Шөрмөсөөр оёж болох юм байна. Малын эд юм чинь хайлаад алга болчихно” гэж бодоод хийж болохоор санагдав. 1969 онд Буриадаас шар тарлан 300 үхэр авлаа.
Ар гүнтэд нэг айлд үлдээсэн байхаар нь очтол нэг үнээ тугаллаж чадалгүй хоёр хоночихсон байв. Тэгэхээр нь хэсэг айлын доор, нууц газар аваачиж байгаад хагалж, тугалыг нь аваад буцаагаад оёчихсон. Тэгж орхичихоод шөнө нь санаа зовоод унтаж болдоггүй. Гараад алхаж байтал модон дотор нэг үхэр өвс идээд байна. Очоод харсан нөгөө үнээ маань босчихсон, өвс идэж байсан. Баярласан гэж жигтэйхэн. Шагнал авсан юм шиг санагдаж билээ. Үүний дараа болсон явдлаа нэг эмчид ярьсан чинь “Малын бага эмч дур мэдэн хагалгаа хийсэн байна. Шоронд хорьдог юм. Хурдан устга” гэсэн. Тэгэхээр нь нөгөөхөө хүнд хэлэхээ болиод нуучихсан.
-Хэдий болтол нуусан юм бэ. Үнэхээр шоронд хорьдог байсан юм уу?
-Атаархал байсан юм билээ. Амьд байхад юу нь буруу байх вэ. Тухайн үед Төв аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Бат-Очир гуай нөгөө хагалгааны талаар сураг сонссон бололтой, асуухад нь үнэнээ хэлээд, “Гэхдээ хадланд өгчихсөн, одоо байхгүй” гэсэн чинь уурлаад “Мундаг зүйл хийчихээд устгаж байдаг” гэсэн. Тэгсэн маргааш нь инээж орж ирээд “Худлаа яриад бай. Тэр үнээ чинь зүгээр байна. Би хагалгаа хийсэн сорвийг нь үзлээ” гэв. Өөрөө очоод үзсэн чинь үнэхээр байсан. Хадлан дээр байсан хүн “Энэ ямар учиртай үнээ болоод өдөр бүр хүн ирж үздэг юм” гэхээр нь үнэнээ хэлэв. Тэгээд л бүгд мэдэж “Үнэн” сонинд “Гачууртын сангийн аж ахуйн малын бага эмч хээрийн нөхцөлд анх удаа Кесеров хагалгаа хийжээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан юм. Тухайн үед зарим эмч нар “Чам шиг хүүхдийн хийдэг ажил биш” гэж зэмлэж л байсан.
-“Сүхбаатарын цагаан” гэж алдартай тариа байдаг гэж бас сонсож байсан.
-Малд антибиотикийг зургаан цагийн зайтай хийнэ гэдэг хэцүү байсан юм. Тиймээс удаашруулах гээд пенициллин загасны тос найруулж 12 цагаар хийдэг болгож байсан. Уушгины үрэвсэлтэй тугалд хийдэг тариа анх өөрөө найруулж нэвтрүүлсэн нь тэр. Тэгсэн чинь “Сүхбаатарын цагаан” гээд олон түмэнд түгчихсэн юм билээ. Үүний дараа малын ходоод угаах, цус цэвэршүүлэх эмчилгээг нэвтрүүлсэн юм. Тухайн үед төл болон том малын өвчнийг туяагаар шарах “Фотом 60” төхөөрөмжийг өөрөө хийж эмчилсэн. Энэ мэтээр миний нэр хүмүүст танигдаад эхэлсэн чинь Хөдөө аж ахуйн их сургуулиас дээд мэргэжлээр суралцах эрх өглөө.
Тэгэхээр нь би татгалзсан. Надад суралцах боломжгүй гурван шалтгаан байсан. Нэгдүгээрт, би хими, физикт тийм ч сайн байгаагүй. Нөгөө олон түмэнд танигдсан хүн чинь олны дунд ороод “нойлтоод” байвал хэцүү биз дээ. Хоёрдугаарт, багадаа моринд чирэгдэж, толгойдоо гэмтэл авсан нь хүндрээд байнга өвддөг болсон байсан. Гуравдугаарт, гэр бүлтэй, хоёр ч хүүхэдтэй болчихсон байсан тул сурах боломжгүй. Ингээд эвлэлийн 16 дугаар их хуралд төлөөлөгч болж байсан юм. Тэнд нэг их удаагүй л дээ. Түүнээс хойш Партизаны сангийн аж ахуйд хувийн ферм байгуулж 2013 он хүртэл ажиллаад хүүхдүүддээ өвлүүлээд, одоо өндөр насныхаа жаргалыг эдэлж сууна. Хэдэн жил бруцеллёзтой малтай ажилласны гороор энэ өвчнөөр өвдөж, жилд хоёр удаа эмнэлэгт хэвтдэг болсон.
-Таны гэргий БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар хүн юм байна шүү дээ.
-Миний гэргийг С.Хандсүрэн гэдэг. Бид нэг нь 20, нөгөө нь 17 настай байхдаа гэр бүл болж байлаа. Ирэх жил бид хоёрын хуримын 50 жилийн ой болно. Хүний нутагт, дээрээс нь айлд байсан хүмүүс хоёр чемодантай хувцас, цагаан ортой л гэр бүл болж байлаа. Миний ээж, ах дүүс Төв аймагт байсан учраас хэн нь ч мэдээгүй. 1979 онд би аймгийн аварга малчин болж, 1981 онд миний гэргий Хөдөлмөрийн баатар болсон юм.
Тухайн үед Партизаны сангийн аж ахуйн хамт олноороо баатраа угтаж авч, гэр барьж хүлээж авсан толгойг “Баатрын толгой” гэж нэрлэх болсон. Амьдралын хатуу, хөтүү, баяр жаргалтай мөчүүд дунд бид долоон хүүхэдтэй болсон байна. Үүнээс том, дунд хүү фермер, хоёр дахь хүү мал эмнэлгийн ухааны доктор, гурав дахь охин дунд сургуулийн багш, бас нэг охин Хөдөө аж ахуйн их сургуулийн Агробиологийн тэнхимийн багш, химийн ухааны доктор, отгон хүү минь аграномич гээд гэр бүлээрээ хөдөө аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр ажиллаж байна. Үүн дээр хүргэн бэрүүд дунд бас малын эмч, фермерүүд бий.