“Ар, өвөрмонголчууд монгол бичиг гэсэн нэг л бичиг үсэгтэй. Тэгсэн хэрнээ цахим орчинд хоорондоо мэдээлэл солилцох гэхээр сүүлийн үед нэлээд төвөгтэй болсон. Өвөрмонголчуудын бичсэн үсгийн фонтыг манайд танихгүй, манайхаас очсон зарим тэмдэгт нь тэнд гаргагдахгүй байх зэргээр асуудал тулгардаг. Ямар сайндаа “Та нар амар хялбараар нь манай Өвөрмонголд хэрэглэж байгаа үсгийн фонтыг шууд аваад ашиглачихаач” гэж зарим нь хэлдэг.
Гэвч бидэнд бас өөрийн гэсэн бодол бий. Хятадын Коммунист намын бодлого, үзэл суртлыг өдөр тутам сурталчилдаг Өвөрмонголын “Өдрийн сонин”-ы фонтоор манайх “Хүмүүн бичиг”-ээ хэвлэдэг болчихвол тэднээс юугаараа ялгарах юм бэ. Адаглаад тэд “Үсгийн фонт зохиохдоо анхнаас нь оруулаагүй байсан” гээд монгол бичгийн тоогоо ч хэрэглэхээ больсон. Хэдийгээр манайхан тэдэн шиг монгол бичгийн нэгдсэн фонтгүй ч одоо ашиглаж байгаа загварчлал нь адилхан учраас дотооддоо нэг юм ойлголцоод л байдаг юм” хэмээн “Хүмүүн бичиг” сонины ерөнхий редактор Б.Элбэгзаяа ярилаа.
Өдгөө манайд босоо бичгээр хэвлэгдэж буй, 26 жилийн түүхтэй цорын ганц сонин болох “Хүмүүн бичиг”-ийн ерөнхий редакторын энэ үг өвөг дээдсээс минь бидэнд уламжлуулсан монгол бичгийн ирээдүйд ямар саад тотгор нүүрлээд буйг гол хэрэглэгчийн хувьд хамгийн ончтой илэрхийлсэн тодорхойлолт биз. Монгол бичгийн цахим хэрэглээний олон улсын стандартыг шинэчлэн сайжруулах ажил ямар шатандаа явааг тодруулах гээд хаалгыг нь татах тоолонд “Ямар шалтгаанаар үүнийг сонирхоод байна.
Энэ асуудлын цаана улс төрийн, бизнесийн гээд янз бүрийн ашиг сонирхол яваад байгаа” хэмээн өөрсдийнхөө арга барилаар асуудалд хандаад буй төрийн байгууллагынханд дээрх үг илүү хамаатай болов уу. Юникод (дэлхийн бүх бичиг үсгийг компьютерт кодолж оруулах стандартыг боловсруулдаг, олон корпорацуудыг нэгтгэсэн консорциум)-ын хурлаар босоо бичгийг маань монгол хэлний авиан загвараар кодлох уу, эсвэл хятад ханз шиг дүрсээр кодлох уу гэдэг маш чухал асуудал хэлэлцсэнийг өнгөрсөн хавар бид мэдээлснээр уг асуудал олон нийтийн анхааралд орж, тэд тэгтлээ болгоомжлох “шаардлагатай” болсон хэрэг. Гэвч энэ бол улс орны эрх ашиг, үндэсний бичиг үсгийн алс ирээдүйтэй холбоотой амин чухал зүйл учраас улстөржилт, хий хардалтаа түр хойш тавиад анхаарна уу. Хүн төрөлхтний бичиг соёлын хосгүй үнэт өвийг Ардын нам, Ардчилсан нам нь байтугай, ар, өвөрмонголчууд ч хоёулахнаа өмчлөх эрхгүйг юуны түрүүнд сануулъя.
Орчин үед хүмүүсийн бичгийн хэрэглээ цаасан дээр гараар бичих бус, компьютер, гар утас руу шилжсэн. Гэтэл монгол бичгийн хувьд цахим хэрэглээ байхгүй, контент үүсэх боломжгүй өдий хүрсэн учраас дэлхий дахинд устаж буй бичиг үсгийн жагсаалтад хэдийнэ орчихсон яваа. Монгол бичгийг цахим орчинд саадгүй хэрэглэх гол үндэс нь Юникодын стандартад оруулж баталгаажуулах явдал гэдэг. Компьютерт латин а, кирилл а, монгол бичгийн а, ханз үсэг ямар кодтой байх вэ гэдгийг нэгдсэн нэг стандартаар тогтоодог Юникодод тухайн бичиг данслагдаагүй бол Facebook, Google, Adobe, Apple, Microsoft, IBM зэрэг бүхий л глобал тоглогчийн үйлдлийн систем түүнийг дэмждэггүй. Тиймээс л ар, өвөрмонголчууд үндэс язгуур нэг монгол бичгээрээ “хэл нэвтрэлцэж” чадахаа байсан хэрэг.
Уг нь хоёр талын эрдэмтэд удаа дараа хэлэлцэж, 2000 онд монгол бичгийн юникодын олон улсын ISO/IEC 10646-1 стандартыг авиа зүйн зарчимд тулгуурлан баталж бүртгүүлсэн түүхтэй. Гэвч архитектурын болон логикийн, техникийн мэр сэр алдаануудаас болоод 18 жилийн турш бүрэн цэгцрэхгүй, сунжирсаар иржээ. Тиймээс Юникодын техникийн хорооныхон монгол бичгийн стандарт, кодчиллын асуудлыг даруй цэгцлэх шаардлагатай байгааг шахаж шавдуулах болж.
Харин энэ ажлыг гардаж хийх учиртай хоёр талынхан нь өөрсдөө хоорондоо ойлголцоход төвөгтэй байдалд орсон нь ёстой л ханиадам гэлтэй. Учир нь Юникодод бүртгүүлснээс хойш 10 жилийн дараа буюу 2010 онд өвөрмонголчууд монгол бичгийн авиа зүйн зарчимд тулгуурласан үндэсний стандартаа баталж, тэр дагуу бүх фонд нь зохиогджээ. Харин манайхан тухайн жилдээ буюу 2000 онд Монгол Улсын үндэсний стандартыг мөн л авиа зүйн зарчмаар баталсан боловч монгол бичгийг орчин үеийнхэн ажил, амьдралдаа хэрхэн нэвтрүүлэхэд бодлогоор анхаарахгүй ор тас “мартчихаж”.
Ямар сайндаа л “Хүмүүн бичиг” сониныхон 1999 онд IBM-ын компьютерт тохируулан Тайванийн нэгэн эрдэмтний зохиож өгсөн графетик модел буюу зурлага дүрс бүхий загварын фонтыг одоо хүртэл ашигладаг гэсэн. Тэр ч байтугай Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаас эхлээд төр, засгийн түвшинд болон аж ахуйн нэгж, албан газруудын хэрэглэж буй монгол бичгийн “Улаанбаатар”, “Өргөө”, “Хүрээ” хэмээх гурван фонт нь энэхүү зурлага бүхий загварчлал аж.
Монгол Улсын төрийн гурван өндөрлөгөөс гадаадын улс орнуудад илгээх албан ёсны ноот бичиг, захидлуудыг монгол бичгээр хавсаргаж явуулахдаа ч дээрх загварыг ашигладаг гэдгийг мэдэх хүн хэр олон бол. Хамгийн ичмээр нь “Монгол бичиг бол хүн төрөлхтний бичиг үсгийн түүхэн дэх хамгийн дээд сонгодог хэлбэр буюу авиа зүйд захирагдаж бичигддэгээрээ онцлог.
Гэтэл яахаараа хятад ханз шиг дүрсээр кодлуулах гэж” хэмээн цээжээ дэлдээд, одоо манайхны эсэргүүцээд буй зурлага дүрс бүхий загвар нь угтаа эл фонттой адил юм билээ. Тэгэхээр манайхан аль 2000 онд баталсан авиа зүйн загвар бүхий үндэсний стандартаа ч мөрдөхгүй, илүү гэрийн “хар авдарт” нь тоос шороонд даруулж хаячихаад, одоо гэнэт ухаан орсон мэт энд тэндээс үсчиж гарч ирцгээгээд байна гэсэн үг бус уу.
Өнгөрсөн оны есдүгээр сард Хөх хотод болсон Юникодын техникийн хорооны хурлаар монгол бичгийн стандарт, кодыг засаж шинэчлэх асуудлыг ярьж, одоогийн ашиглаж буй авиа зүйн загварчлал нь асуудалтай байгаа учраас Хятадын Лянг Хай, Шен Илэй зэрэг эрдэмтний боловсруулсан графетик модел буюу дүрс бүхий шинэ загвараар кодлох гэж байсныг “Болор софт” компанийнхан Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэдэгдэх хүртэл энэ тухай төр, засгийнхан юу ч сонсоогүй байснаа хүлээн зөвшөөрөв.
Ингээд асуудал нэгэнт “аав”-ын чихэнд хүрсэн учраас хоёр оны заагт ажил ундарч, тал талд гурвантаа ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын 54 дүгээр тэмдэглэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж хүртэл гарсан. Гэвч Монголын төрийн байгууллагуудын ажил хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байдгийн харгайгаар монгол бичгийн цахим хэрэглээний юникод стандартыг боловсронгуй болгох ажлын хэсгийнхэн төсөв мөнгөө батлуулж чадалгүй, тарсан “намтар” бий.
Энэ зуур өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Сан Хосе хотод болсон Юникодын техникийн хорооны ээлжит хурлын үеэр манайхан монгол бичгийн авиа зүйн загварын кодоо хамгаалах гэж, хятад эрдэмтэд графетик моделоо зүтгүүлж, өвөрмонголчууд “Аль алиныг нь зэрэг хэрэглээд явсан ч яах вэ” хэмээн бөөрөнхийлсөн байдалтай “тулаан” өндөрлөсөн тухай бид тэр үед нь мэдээлж байв.
Үүнээс хойхно буюу тавдугаар сарын 3-нд Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарч, нэгдүгээр заалтад нь монгол бичгийн цахим кодчилол, үндэсний болон олон улсын стандартыг боловсруулж, батлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ахлуулсан, БСШУСЯ, Стандартчилал, хэмжил зүйн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл бүхий дөрөв дэх ажлын хэсэг ийнхүү байгуулагдсаныг мөрөөр нь мөшгиж явахдаа олж мэдэв.
Харин тэдний ажил хэр урагштай байгааг тодруулахаар зунжин тал тал тийш чулуу хөөсний эцэст “эрээд эрээд олддоггүй эрдэнэ болсон” нэг хүнтэй арайхийж саяхан уулзлаа. Юникодын дараагийн хурлыг ирэх есдүгээр сарын сүүлчээр Улаанбаатарт зохион байгуулж, монгол бичгийн олон улсын стандарт, цахим кодчиллын асуудлыг төрсөн “гал голомтод” нь эцэслэн шийдэх шахуу тов гарсан байсныг ямартай ч ирэх оны дөрөвдүгээр сар болтол хойшлуулсан гэнэ. Үүнийг зөв ашиглаж чадвал манайханд давуу талтай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
“Өнгөрсөн хугацаанд бид өвөрмонголчуудтай хоёр удаа уулзаж, зарим асуудлаа хэлэлцэн тохиролцсон. Ямар ч байсан хоёр улс монгол бичгийн одоо кодлогдсон байгаа авиа зүйн загварыг ингэж сайжруулах боломжтой гэдэг нэгдсэн нэг саналаа Юникодын хурлаар оруулахаар болсон. Өвөрмонголын эрдэмтэд олон жилийн нөр их хичээл зүтгэл, судалгаа шинжилгээний ажил, хөрөнгө мөнгөө бодсон ч тэр, дүрсээр кодлуулах саналыг дэмжихгүй гэж байгаа. Тиймээс одоо хоёр тал эхлээд дотооддоо саналаа нэгтгэж боловсруулаад, дараа нь хамтарч ярилцан нэг шийдэлд хүрнэ. Энэ дагуу төрийн ажил явдгаараа явж байна.
Гагцхүү манайд хөрөнгө санхүүгийн асуудал хүндхэн байгаа. Сангийн яамныхан ганц төгрөг ч төсөвлөж өгөөгүй” хэмээн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн хэлэв. Өвөрмонголчуудыг монгол бичгийн олон улсын стандартаа шинэчилж сайжруулахад зориулж улсаас нь сүүлийн гурван жил тутам 30 сая юань буюу 10.5 тэрбум төгрөг төсөвлөсөн гэхээр манайхан бичиг соёлдоо ямархуу байдлаар ханддагийг илэрхийлэх биз. Тэглээ гээд хэндээ гомдоллох билээ. Хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөөд ч болов ирэх оны дөрөвдүгээр сард олон улсын шинжээчид Монголд ирэхэд цээжээрээ хамгаалаад гарах хөдөлшгүй санал дүгнэлттэй сууж байх сан.
Үүний тулд эхлээд хувь, хувьсгалынх гэж хоёр талд өрж зогсчихоод “золгохгүй” удаад байлгүй, хэн мэддэг чаддагийг нь цуглуулаад саналаа нэгтгэх учиртай. Монгол бичгийн үсэг болгон олон удирдах тэмдэгттэй учраас хэрэглэгчдэд хялбар болгохын тулд авиа зүйн зарчмаас нь гажихгүйгээр цөөлж, өөрчлөх хэрэгтэй гэдгийг аль аль нь хүлээн зөвшөөрдөг юм билээ. Харин дараа нь өвөрмонголчуудтай хэлэлцээрийн ширээний ард суух бас нэгэн том даваа бий. Тэд “Монгол бичгийн авиа зүйн загварчлалыг бид олон жил судалсан юм чинь удирдах тэмдэгтийг ингэж цөөлж болохгүй” гээд урьдын хэвээр нь зүтгүүлэх магадлал их учраас ойлголцоход төвөгтэйг олон хүн сануулж байна.