Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн нутгаар тооцоолж гаргаснаа танилцууллаа. Энэ зун нийт нутгаар хур тунадас элбэг байсны ачаар ган тайлагдсан. Гэсэн ч сүүлийн жилүүдэд малын тоо толгой олширсны нөлөөгөөр зарим газарт бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрч, бороо орлоо ч гарц нь сайжрахааргүй болтлоо талхлагджээ.
Тухайлбал, нийт нутгийн 63 хувьд бэлчээр хүрэлцээтэй, ирэх өвөл, хаврыг хэвийн давах боломжтой. Харин үлдсэн 37 хувьд нь бэлчээрийн даац хэтэрсэн тул малчид сүргээ онд мэнд оруулах боломж хязгаарлагдах нь. Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Цэнгэл, Булган, Увсын Завхан, Малчин, Ховдын Эрдэнэбүрэн, Жаргалант, Ховд, Булган, Дуут, Зэрэг, Буянт, Мөст, Мянгад, Манхан, Чандмань, Дарви, Завханы Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Говь-Алтайн Дарви, Төгрөг, Тонхил, Халиун, Бигэр, Чандмань, Цогт, Тайшир сум багтаж байна.
Мөн Баянхонгорын Хүрээмарал, Заг, Баянхонгор, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Өлзийт, Жинст, Галуут, Бөмбөгөр, Архангайн Хайрхан, Өгийнуур, Өвөрхангайн Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Богд, Гучин-Ус, Сант, Тарагт, Хэнтийн Дархан, Сүхбаатарын Уулбаян, Өмнөговийн Баяндалай суманд ч бэлчээр тааруугаас өвөлжилт хүндэрч болзошгүйг анхаарууллаа.
Бэлчээрийн хүрэлцээ муу, даац их хэтэрсэн дээрх сумын малчид отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малынхаа тоог бууруулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Бэлтгэсэн: М.Зул