Удаашруулсан бичлэг шиг Улаанбаатарын замын хөдөлгөөн ид түгжирдэг дээрээ байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр автомашинуудын улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулаад, нийт тээврийн хэрэгслийн тэн хагас нь явж байгаа гэхэд л байдал барагтай дээрдээгүй. 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн учраас л тэр. Хүүхдүүдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг базаахаар хаа сайгүй хөлхсөн олны дунд бид ч бас нэгдсэн.
Өнөө жил гуравдугаар ангид орох хүү минь “Надад тийм зурагтай цүнх, дэвтэр авна шүү”, цэцэрлэгийн “атаман” охин минь харин “Надад Элсагийнх шиг даашинз, бас Киттигийн зурагтай цүнх, мээмэг, түүпэг авч өгөөрэй” хэмээн захиалгаа хүртэл өгсөн билээ. Тэд минь есдүгээр сарын 1-нд хичээл сургуульдаа очиж, ангийн нөхөд, ачит багш нартайгаа уулзахаар яарч догдлон байгаа Монголын мянга мянган хүүхдийн төлөөлөл юм.
Арав гаруй буудлын газраас автобусаар хичээлдээ очдог нь, сургууль нь гурван ээлжээр хичээллэх, эсэх, ангийнх нь ширээ, сандал хуучин байсан ч хүүхдүүдэд чухал биш. Томчууд бидэнд төвөгтэй, тэвчимгүй мэт санагддаг эдгээр асуудал үнэндээ хүүхэд багачуудын хөөрч догдолсон сэтгэлийг дундлах шалтгаан болдоггүй. Харин есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийчихээд, 3-ны даваа гаргаас багш нар нь ажил хаяна гэдгийг дуулбал тэдэнд ямар байх бол. “Багш биднийг санаагүй юм байх даа” гэж асуувал хэн маань ямар хариулт хэлэх вэ.
МҮЭХ-ноос өнгөрсөн пүрэв гарагт шуурхай хэвлэлийн хурал зарлан, есдүгээр сарын 3-наас багш нар орон даяар ажил хаях болсныг сүр жавхлантайгаар мэдэгдсэн дээ. Гэхдээ ажил хаялтын тухай сургууль, цэцэрлэгээс нь албан ёсоор мэдээлэл өгөөгүй байгаа тул манайхны хувьд энэ тухай хүүхдүүддээ хэлэхээ түр азнахаар шийдсэн юм. Хүүхдийн сэтгэл зүй эмзэг, тэгээд ч өөрсдийнх нь сурч боловсрох эрх багш нарынх нь цалин хөлс, эсвэл улс төрийн ямар нэг явуулга, эрх ашгаас доогуур тавигдаж буйг ойлгох ухаан одоохондоо тэдэнд хүрэхгүй биз.
Залуу багш нарын сарын цалин зарим шавийнх нь өрөөсөн гутлын үнэд ч хүрдэггүй, инфляц өсөж хүмүүсийн худалдан авах чадвар өдөр хоногоор буурч буй гээд тоочоод байвал ядуу орны зовлон барагдахгүй их. Гэвч зохицож болмоор, арга эвээ олох шаардлагатай зүйл гэж бий. Яагаад заавал хичээлийн шинэ жил эхлэнгүүт багш нар ажил хаяхаараа айлгаад унав гэдэг асуултын хариуг хаанаас ч хайсан сэжүүр төвөггүй олдоно.
Гагцхүү хүүхдүүдийг хохироохгүй, асуудлаа хурдан шийдэх тал дээр хэн хэн нь ямархуу байр суурьтай байгаа нь л чухал. Ингэхэд ирэх даваа гарагт хичээл эхлэх юм болов уу? БСШУСЯ-ныхан энэ асуултад “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд энэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаагаа есдүгээр сарын 1-ний бямба гарагт зохион байгуулна. Харин их, дээд сургуулиудын нээлт есдүгээр сарын 3-нд болно. Цалинг нь нэмээд байхад ажил хаяна гээд байгаа багш нарыг яалтай билээ. Тэднээс болоод хичээл эхлэхгүй, хүүхдүүд дунд нь хохирох явдал арай ч гарахгүй байлгүй дээ” хэмээн арга ядсан, аядуу зөөлөн тайлбар хэлнэ билээ. Нээрэн, багш нарын саруул ухаанд итгэж болох болов уу.
Харин Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ж.Батзориг “Орон даяарх бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, дээрээс нь шинжлэх ухааны болон мэргэжлийн боловсролын байгууллагын багш нар есдүгээр сарын 3-наас хугацаагүй ажил хаяна. Харин ч манай багш нар хавар ажил хаях гэж байснаа хүүхдүүдийн эрх ашгийг бодоод больсон шүү дээ” гэв.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгасан “2018 оны II улиралд багтаан төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх талаар гэрээ хэлэлцээр хийж, тохирно” гэсэн заалтыг Засгийн газар өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй тул тэмцлийн үйл ажиллагаагаа өмнөхөөс илүү хурц хэлбэрүүдийг сонгож өрнүүлэх болсон гэдгээ ч тэрбээр нэмж хэлсэн. Үйлдвэрчний эвлэлийнхэн өнгөрсөн жилийнх шиг багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэ гэх мэт “тэнгэрийн юм” энэ удаад шаардаагүй, харин цалинг нь 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх ямар боломж гарц байгааг хэлэлцээрийн ширээний ард тогтож ярилцах хүсэлтэй юм байх.
Энэ дагуу нь ХНХ-ын сайд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээг наймдугаар сарын 27-ны 15.00 цагаас ХНХЯ-ны хурлын танхимд үргэлжлүүлэн хэлэлцэх саналаа 23-нд МҮЭХ-ны ерөнхийлөгчид ирүүлжээ. Гэвч энэ саналыг бас л хүлээж авах боломжгүй гэдгээ Ж.Батзориг дарга хэлэв. Учир нь багш нарын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх юм уу, ямар гарц шийдэл, боломж байгааг хэлэлцэж тохирох бус, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нэгэнт шийдсэн зүйлээ тайлбарлаж, танилцуулга хийнэ гэсэн гээд гэдийгээд хэвтэх гэж буй бололтой. Ингээд энэ намар Засгийн газар, үйлдвэрчний эвлэлийн байгууллага хоёрыг эр бяраа үзэлцэж байх зуур багш нар Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийж (бид ажлын байран дээрээ ажил хаяад суух биш, нийтийг хамарсан томоохон эсэргүүцлийн арга хэмжээ авна гэж “удирдагч” нь хэлсэн), хүүхдүүд хичээл сургуульдаа ч явсан юмгүй, гэртээ гиюүрч суух болж байх шиг.
Мэдээж энэ “жүжгийн” дундуур БСШУС-ын сайд үе үе орж ирээд, өчигдрийнх шиг “Салбарын албан хаагчдын нийт цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн хамт 698.8 тэрбум төгрөг бөгөөд цалинг нэмэгдүүлснээр энэ дүн 724.1 тэрбум төгрөг боллоо. Үүнд бага ангийн 9200 багш, цэцэрлэгийн үндсэн 6600 багшийн албан тушаалын зэрэглэлийг нэг шатлалаар ахиулахад үндсэн цалин нь 45.8 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Есдүгээр сарын 1-нээс энэхүү нэмэгдсэн дүнг дахиад найман хувь өсгөхөөр үндсэн цалин хөлс нийт 12.3 хувиар нэмэгдэж, бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 618 мянган төгрөг болж өсөж байгаа юм” хэмээн олон нийтэд төдий л ойлгомжгүй тайлбар хэлэх нь дамжиггүй. Салбарынх нь асуудал яригдаж байхад “300 мянган төгрөгөөс татгалзах багш гарч ирэхгүй байх” гэсхийсэн шигээ хүнийрхүү, хөндий загнаж таарахгүй. Ялангуяа хэдэн арван
мянган багш нарын нэр бариад, ард нь “баадууг нь чангалж” суугаа улс төрийн явуулгатай ийм эгзэгтэй нөхцөлд. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн журмын дагуу сайн ажилласан багш нарт улирал тутам 20 хувийн нэмэгдэл олгох Ц.Цогзолмаа сайдын санаачилга уг нь хэрэгтэй зүйл байсан ч эх үүсвэрийг нь улсын төсвөөс, эсвэл аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдэх ёстой учраас гойд амжилт олохгүй яваа нь тоогүй. Ингээд бодохоор багш нарыг огт гаргуунд нь хаячихсан зүйл ч бас үгүй гэлтэй.
Ямартай ч өнгөрсөн хавраас хойш хэлэлцээрийн ширээний ард хоёронтоо суусан ч МҮЭХ-ныхон хусмаа чамласан хүүхэд шиг үр дүнд хүрээгүй хэмээн гэдийгээд байж. Тэр хооронд нь Засгийн газар хуралдан “Тэгвэл та нарыг гуйх албатай юм уу” гээд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэр гаргачихаж. Тэгэхдээ өмнөх тохиролцооноосоо хазайж, төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тусламж, дэмжлэг (өнгөрсөн жил багш нарт тараасан 300 000 төгрөг үүний тод жишээ) байдлаар олгох байсан 56.4 тэрбум төгрөгийг нийтэд нь буюу төрийн үйлчилгээний албан хаагчдад 8-30 хувийн цалингийн нэмэгдэл болгон хувааж хүртээх болчихож. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрсдөөс нь урьтаад, нэг сумаар хоёр туулай буудаж, олон нийтээс оноо авсанд үйлдвэрчний эвлэлийнхэн шаралхаж, уйлан дуугараад байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй.
Түүнээс биш “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалин огт нэмээгүй. Инфляцын өсөлтийг багш нар ийм бага цалингаар яаж сөрж амьдрах вэ” гэх мэт жижүүрийн тайлбар бол арга ядсан хэрэг. Багш нар, төрийн алба хаагчид л инфляцад “ташуурдуулдаг”, хямралд өртдөг хүн, бусад нь цалингийн тухай ярих, дуугарах эрхгүй ажлын мал, илжиг биш шүү дээ. Тиймээс аль аль тал нь гоншгоноод байлгүй, хэлэлцээрээ хийвэл хийгээд, хүүхдүүдийг хичээл сургуульдаа ороход нь саад болохгүй байвал дээр сэн.