Их дээд сургуулиудын төлбөр нэмсэн шалтгааныг тодруулж, тэднээс ирсэн албан бичгийн хариуг нэгтгэн мэдээллэхээр Ардчилсан оюутны холбоо өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд 35 их дээд сургуультай холбогдож шалтгааныг тодруулахад ихэнх сургуулиуд "Сүүлийн гурван жилийн турш төлбөр огт нэмээгүй учир энэ жил нэмж байгаа" гэж хариу мэдэгдсэн гэнэ.
Ардчилсан Оюутны холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж хэлэхдээ "Ардчилсан оюутны холбоо бол хамгийн отгон бөгөөд хамгийн өргөн цар хүрээг хамарсан холбоо юм. Бид 35 их дээд сургуулиудаас төлбөр нэмсэн шалтгааныг тодрууллаа. Их дээд сургуулиуд шалтгаанаа тайлбарлахдаа сургалтын орчин нөхцөл сайжруулах болон багш нарын цалин нэмэх үүднээс сургалтын төлбөрөө нэмж байгаа гэсэн хэдий ч хэрхэн сайжруулах тал дээр ямар нэгэн бодитой мэдээлэл өгсөнгүй. Мөн сургалтын төлбөрийн нэмэгдлийг оюутнууд болон Оюутны холбоодтой зөвшилцсөний үндсэнд нэмсэн гэсэн хариу өгсөн ч оюутны холбоод энэ тухай мэдээгүй бидэнтэй зөвшилцөөгүй гэсэн тайлбарыг өгч байна. Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж бид БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаад мэдэгдэл хүргүүлэх болно. Хэрэв энэ сарын 29-ны дотор их дээд сургуулиуд төлбөрийн талаар дорвитой хариу өгөхгүй бол бүх сургуулийн оюутны холбоодууд нэгдэж багш нартай хамт жагсах болно" гэв.
Хэвлэлийн хурлын бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МУИС-ийн хоёрдугаар түвшний оюутан Б.Хишигням хэлэхдээ "2017-2018 оны хичээлийн жилд нэг кредит цагийн төлбөр 87500 байсан. Харин энэ жил 103 000 болсон байна. Төлбөрийг дагаад чанар стандарт, багшийн цалинд ямар ч өөрчлөлт гарахгүй байгаа нь гол асуудал юм. Хэрэв бид дорвитой хариу сонсохгүй бол энэ баасан гарагт буюу 31-ны өдөр жагсах болно" гэв.
МУИС-ийн төлбөр 2018-2019 оны хичээлийн жил хэрхэн нэмэгдсэнийг хараарай.