ХХААХҮЯ-наас ургацын урьдчилсан дүнг танилцууллаа. Улсын хэмжээнд энэ жил 450 300 тонн үр тариа, үүнээс 425 800 тонн улаан буудай хураан авах төлөв гарчээ. Тэнгэрийн араншин муудалгүй, энэ хэмжээний ургац хураан авч чадвал манай улс буудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, илүү гарсныг нь экспортлох боломж бүрдэх юм.
Төмс 151 000 тонныг хураан авах төлөв гарсан нь мөн л дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц хэмжээний дүн. Үүний зэрэгцээ хүнсний ногоо 95 100, тосны ургамал 30 100, тэжээл 86 300 тонныг хураан авах дүн гарсан байна. Өнгөрсөн тавдугаар сард нийт нутгаар гандуу байснаа зургадугаар сараас бороо орсон нь таримал ургамлын өсөлтөд эергээр нөлөөлжээ.
Гэсэн ч тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт өнгөрсөн сарын 5 хүртэл гандуу хэвээр байснаа түүнээс хойш бороо орж эхэлсэн байна. Үүний улмаас зарим бүс нутагт өдгөө тариа дөнгөж хэнзэлж буй гэнэ. Тухайлбал, төв болон өндөрлөг уулын бүс дэх зарим талбайн буудайг оройтож хураах, навч ихтэй хогийн ургамал түрж ургах, үтрэмд нойтон тариа бууж, хяруунд цохиулах зэрэг хүндрэл учирч болзошгүй гэнэ.
Цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан, үр тариагаа ангилан хураах шаардлага тулгарсныг салбарын яамныхан онцоллоо.