Мал, амьтнаас хүнд халдварладаг зооноз өвчний тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн талаар “Өнөөдөр” сонин өмнө нь онцолж байсан билээ. Энэ төрлийн өвчний тархалт ямар байгааг Зооноз өвчин судлалын төвийн мэргэжилтнүүдээс тодруулсан юм. Өвчний тохиолдол өнгөрсөн жилийнхээс буураагүйг тэд хэлэв. 2000 он хүртэл манай улсад тарваган тахал, боом, хачигт халдвар зэрэг зоонозын хэдхэн өвчнийг тандан судалж байсан учраас жилд 200 орчим тохиолдол л бүртгэгддэг байжээ.
Харин 2000 оноос хойш олон улсын жишигт нийцсэн судалгаа хийдэг болсон бөгөөд үүний хүрээнд зоонозын төрлийн 30 гаруй өвчнийг тандан судалдаг болжээ. Ингэснээр жилд 1000 гаруй тохиолдол илэрдэг болсон гэнэ. Зооноз өвчнүүдээс манай оронд хамгийн их тохиолддож байсан нь тарваган тахал, боом, хачигт халдвар, галзуу өвчин юм байна. Эдгээр өвчний тохиолдол төдийлөн буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлсэн юм.
Жишээлбэл, манай улсад тарваган тахал гэх өвчин гарах ёсгүй. Учир нь 2005, 2006, 2014 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тарвага агнахыг гурван жилийн хугацаатай хориглосон. 2014 онд гаргасан ийм тушаалыг 2017 онд дахин гурван жилээр сунгасан билээ. Ингээд хориглочихсон атал жилийн жилд манай улсад тарваган тахал гарсаар буй. Өнгөрсөн жил гэхэд л тарваган тахлын найман тохиолдол илэрчээ.
Зуны дэлгэр цаг ирж, амралт зугаалгын үе эхлэхэд иргэдийн дунд хамгийн эрэлттэй байдаг зүйл бол тарвага. Хаанаас, хэн, хэзээ авч ирсэн нь тодорхойгүй тулмыг хөдөө айл, эсвэл зам дээр зарж буйтай таарсан хэн болов ч “амтлахыг” хүсдэг. Тэд худалдан авч буй тарваганы маханд тахалын вирус байж болохыг тооцоолдоггүй, бүр бодохыг ч хүсдэггүй байх. Ёстой л азандаа найдаж “Тийм азгүй юм гэж юу байх вэ” гээд өнгөрнө.
Өнгөрсөн жил гарсан тарваган тахлын нэг нь Ховд аймгаас илэрчээ. Баян-Өлгий аймагт тарваган тахлын голомт идэвхжиж байх үед Зооноз өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд нутгийн иргэдэд заавар зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Гэтэл иргэд зөвлөгөөг ойшоолгүй, голомтот нутгаас тарвага агнан Ховд аймаг руу худалдсанаас нэг хүн өвчилжээ. Худалдан авагч хөлдүү тулмыг хөргөгчинд нэлээд хэд хонуулаад, боодог хийж идтэл тахал туссан гэнэ. Энэ бол зөвхөн нэг тохиолдол нь. Харин энэ жилийн хувьд сэжигтэй тохиолдол зургаа илэрч, шинжилгээгээр бүгд үгүйсгэгджээ.
Хэдий сэжигтэй тохиолдол илэрч, үгүйсгэгсэн ч хүн ам ихээр төвлөрсөн газар, эсвэл олуулаа халдварт өртсөн байж болзошгүй, тухайн хүний биеийн байдал хүнд, онош нь тодрохгүй тохиолдолд Зооноз өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийнхөн хүч гарган ажиллах хэрэгтэй болдог аж. Тухайлбал, энэ сарын эхээр нийслэлд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдолд гурван удаа дуудлагад явах хүч бүрэлдэхүүнээ явуулжээ.
Учир нь тухайн иргэн ямар өвчин туссанаа мэдэхгүй Өрхийн эрүүл мэндийн төв, “Интермед” эмнэлэг болон Халдварт өвчин судлалын төвд очиж үзүүлсэн аж. Хэрвээ тухайн хүн тахлын вирустэй байсан бол уулзсан эмч, хүн бүр вирусээр халдварлах магадлалтай байсан тул ийнхүү гурван баг ажиллуусан аж. Энэ мэт тарваган тахлын дуудлага жил бүр тасрахгүй байгаа гэдгийг тус төвийн мэргэжилтнүүд онцолж байсан юм.
Мөн ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд энэ мэт дуудлагын хажуугаар тус өвчний голомт болох мэрэгч амьтны дуудлагад хүрч ажилладаг байна. Мэрэгч амьтны дуудлага долоо хоногт 2-3-аас буудаггүй. Үүн дээр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд тарвага хурааж, түүн дээр нь шинжилгээ хийх гээд тарвагатай холбоотой дуудлага тасрахгүй байгааг хэлсэн юм. Энэ талаар ЗӨСҮТ-ийн Эрсдлийн удирдлага бэлэн байдал, тандалт судалгааны тасгийн эрхлэгч Б.Дэлгэрмаа “Иргэд нууж, хааж, нийслэл болон бусад суурин руу тарвага оруулж байгаа.
Ямар нэг байдлаар халуурсан тохиолдолд “Би тарваганы мах идсэн. Тахал туссан байж магадгүй” хэмээн бидэнд ханддаг. Уг нь манай улсад тарвага агнахыг сүүлийн 10-аад жил хориглосон. Ийм байтал тарваган тахлын дуудлага тасрахгүй байна. Нэгдүгээрт, иргэд хуулиа мөрдөхгүй байгаа, хоёрдугаарт, хууль хяналтын байгууллага сул ажиллаж буйг харууллаа. Урин дулаан цагт энэ төрлийн дуудлага идэвхждэг оргил үе. Үүнээс хойш аравдугаар сар хүртэл үргэлжилнэ” гэсэн юм.
Харин галзуу өвчний 104 тохиолдол одоогийн байдлаар илрээд буй аж. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс бага байгааг тус төвийнхөн хэлсэн. Өнгөрсөн жил уг өвчний 159 тохиолдол илэрч байжээ. Энэ нь өмнөх жилүүдийнхээс хамгийн олон гарсан тохиолдол аж.
Боом өвчний хувьд одоогийн байдлаар долоон дуудлага бүртгэгдсэн ч шинжилгээний дүнд бүгд үгүйсгэгдсэн байна. Боом өвчний вирус газрын хөрсөнд 120 жил хадгалагддаг бөгөөд бороо, хур ихтэй жилд вирус нь идэвхжих магадлалтай.
Манай улсын 19 аймгийн 159 сум боомын голомтот нутагт хамаардаг. Энэ жилийн манай орны нийт нутгийн 70 хувь нь зуншлагасайтай, бороо хур элбэг байгаа бөгөөд одоогоор Ховд аймгийн хоёр суманд үхэр өвчилсөн тохиолдол бүртгэгдээд байна. Өвчлөл даамжирч магадгүй гэж үзээд орон нутгаас хорио цээр тогтоож, газар авхуулахгүйн тулд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хойшлуулах шийдвэр гаргаад буй юм.
ЗӨСҮТ-ийнхөн нийт сумын тавиас илүү хувь нь голомтот хамаардаг тус өвчнөөс иргэдээ хамгаалахын тулд цахим хуудастаа ямар ямар сумд голомттой вэ гэдгийг газрын зурган дээр харуулж, тус сум руу ажлаар болон аялж зугаалах гэж буй иргэдэд сануулга гарган ажиллаж буй гэнэ. Голомтот нутгийн хөрсөнд гараараа газар ухаж, улмаар арьс шалбарсан тохиолдолд боом өвчний халдвар авах магадлалтай. Мөн тус өвчнөөр өвчилсөн малын арьсыг хуулахдаа гараа исгэсэн тохиолдолд халдвар авдаг учраас иргэд энэ төрлийн өвчний талаар тодорхой мэдлэгтэй байхыг анхааруулж буй юм.
Зооноз өвчний 1000 гаруй тохиолдлын 80-90 хувийг хачигт халдвар эзэлдэг аж. Хачгаар дамжих халдвар нь ойн, бэлчээрийн зэрэг олон төрөл байдаг. Мөн хачигт хазуулж буй хүн тухайн үедээ мэдэлгүй өнгөрдөг гэнэ. Учир нь хачгийн шүлсэнд өвчин намдаагч бодис байдаг тул дараа нь мэдрэгддэг байна. Энэ жилийн хувьд 1040 хүн хачигт хазуулж, үүний 200 гаруй нь өвчилсөн бол хоёр хүн үүнээс болж нас баржээ.
Өвчин хүндэрч буй шалтгаан нь иргэд эмнэлгийн байгууллагад оройтож хандах, мөн суурь өвчтэй хүмүүс хурдан хүндэрч, цаашлаад нас барах тохиолдол гардаг аж. Жишээлбэл, чихрийн шижин өвчтэй хүн хачигт халдвар туссан тохиолдолд дархлаа нь муудаж, улмаар эмчилгээ авахгүй нас барах тохиолдол гардаг байна. Энэ жил хачигт халдвараар хоёр хүн наса барсан бөгөөд хоёулаа чихрийн шижин өвчтэй байсан гэдгийг ЗӨСҮТ-ийхэн хэллээ.