Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га бүхий нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг 33 байгаль хамгаалагч туулах чадвар сайтай автомашин, мотоциклоор хүч сэлбэлээ. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь хувь нэмэр оруулах зорилгоор нийслэлийн ЗДТГ-аас 14 мотоцикл, нэг “Ланд круйзер” машин нээлттэй сонгон шалгаруулалтаар худалдан авснаа өчигдөр эздэд нь гардуулсан юм.
Байгаль хамгаалагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд дэвшилт техник, технологи нэвтрүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр GPS төхөөрөмж, түймэр унтраах, сэргийлэх зориулалтын багаж хэрэгсэл, хувцсаар тэднийг бүрэн хангасан билээ. Ингэснээр байгаль хамгаалах хууль, журмын хэрэгжилт сайжирсан гэж нийслэлийн удирдлага онцлов. Тодруулбал, 2017 онд нийслэлийн ногоон бүс дэх хяналт шалгалтын давтамжийг өмнөх жилүүдийнхээс хоёр дахин нэмэгдүүлсний үр дүнд зөрчлийн тоо 2.7 дахин багассан гэнэ. Дашрамд дуулгахад, эл өдөр нийслэлийн Цагдаагийн газраас есөн дүүргийн Цагдаагийн хэлтсүүддээ өвөл, зуны дугуйтай “Фургон” маркийн автомашин бэлэглэлээ.