Баян-Өлгий аймгийн 300 гаруй айл үерийн улмаас орон гэргүй болсон. Гамшигт өртсөн айлуудад төрийн байгууллагуудаас 80, нутгийн зөвлөлөөс нь 30 гаруй гэр олгосон юм. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит шашны дээд сургуулийнхан хандивын аянд нэгджээ. Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд энэ талаар “Жил бүр манай хийдээс орон гэргүй болсон иргэдэд тусламж үзүүлдэг. Энэ удаад Баян-Өлгий аймгийн гамшигт нэрвэгдсэн айлуудад иж бүрэн 10 гэр, шинэ хувцас, гурил будаа, цай зэрэг хүнсийг хандивлаж байна” гэв. Хандивын цуваа өчигдөр Гандантэгчэнлин хийдээс Баян-Өлгий аймаг руу хөдөллөө.
Бэлтгэсэн: Г.Гэрэлт