Нийслэлд өвлийн бэлтгэл хангах ажил эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн жил цас их унаж, Улаанбаатар мөсөн гулгуурын талбай болохдоо тулсан. Ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан цас хайлуулагч бодисыг хангалттай хэмжээгээр бэлдэх зорилт тавьжээ. Нийт 352.5 сая төгрөг төсөвлөж, бодис 750, давс 500 тонн нөөцлөхөөр төлөвлөсөн, энэ нь ирэх өвөл, хаварт хангалттай гэж тооцжээ. Шаардлагатай тохиолдолд нэмж авах боломжтой гэнэ.
Хөлдөж, гал алдах эрсдэлтэй 18 сургууль, 16 цэцэрлэг, хоёр ясли Улаанбаатарт бий аж. Эдгээрийг засах шаардлагатай ч хөрөнгө төсөвгүй гэнэ. Хүүхдүүдийг ая тухтай орчинд сургаж, хүмүүжүүлэх боломжоор хангахын тулд шаардлагатай хөрөнгийг яаралтай шийднэ гэж нийслэлийн Засаг дарга амлав. Нийслэлийн хэмжээнд өвлийн бэлтгэл хангахаар энэ мэт 1104 ажил төлөвлөсний 724-ийг бүрэн хэрэгжүүлжээ. Тухайлбал, дулааны станцуудын засвар, үйлчилгээ 68, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийнх 64.4 хувьтай аж. Сургууль, цэцэрлэгүүдийг ирэх сарын 1-нд, дулаан, ус хангамж, ариутгах татуургын байгууламжуудыг 15-ны дотор засаж дуусгахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: М.Оч