Г.Гэрэлтнаран
2018-2019 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн IV-ХII ангид эрүүл мэндийн хичээл зааж эхэлнэ. Уг хичээлийг заах үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалт уржигдар эхэллээ. Тав хоногийн турш зохион байгуулах уг сургалтын үеэр БСШУС-ын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу боловсруулсан эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг танилцуулж байна. Энэ талаар “Эрүүл мэнд амьдралын гүүр” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Мөнгөнтулгаас тодрууллаа.
-1998 оноос БСШУСЯ, ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, “Глобал” сан зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын шугамаар эрүүл мэндийн хичээл заах багш нарыг тодорхой хугацааны сургалтаар бэлтгэж байв.
2007 онд НҮБ-ын Хүн амын сан, Боловсролын яамны хамтарсан хэлэлцээрийн дагуу эрүүл мэндийн багш нарыг их, дээд сургуулиудад бэлтгэх шийдвэр гарсан юм. Ингээд МУБИС-д биологи, эрүүл мэндийн багшийн хосолсон мэргэжлийн анги нээж, зургаан удаа энэ чиглэлийн багш бэлтгэж, төгсгөсөн.
Харин энэ хичээлийн жилээс эрүүл мэндийн багш, эрүүл мэндийн боловсрол гэх бие даасан мэргэжлийн анги байгуулж, элсэлт авна.
-Энэ удаа сургалтад 90 багш хамруулж буй юм байна. Улсын хэмжээнд олон сургууль бий. Бусад багшийг хэрхэн бэлтгэх вэ?
-Сургалтад аймгийн Боловсрол, соёлын газрын бага, суурь, бүрэн дунд боловсролын байгууллагын биологийн хичээл хариуцсан мэргэжилтнүүд ирсэн. Аймаг бүрээс гурван мэргэжилтэн ирж, сургалтын гарын авлага, удирдамж авлаа. Энэ нь орон нутагт сургагч багш бэлтгэж байгаа хэлбэр юм.
Сургагч багш нар цаашид орон нутагтаа сургалт зохион байгуулж, тус хичээлийг заах багш нарыг бэлтгэнэ.