Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан Улсын онцгой комиссын ажлын хэсэг Дорноговь аймгийн Айраг суманд ажиллалаа. Тэд байгалийн гамшигт үзэгдэл үер усны аюулд өртсөн төмөр замын суурь бүтэц болон вагоны сэргээн босголтын ажилтай газар дээр нь танилцжээ. Үерийн улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдож, урд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан байв.
Харин уржигдар 22.18 цагт хөдөлгөөнийг нээсэн юм. Одоогоор 20 гаруй галт тэрэг дээрх замаар хурдаа сааруулан явж өнгөрч буй аж. Сэргээн босголтын ажилд 150 орчим сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд ажлыг хоёр өдөрт багтаан дуусгахаар төлөвлөжээ. ОХУ-ын болон Монголын хоёр өргөгч цамхгаар унасан зүтгүүрийг өргөн, Айраг сум руу зөөх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.
Мөн тус сумын Цагаан дөрвөлж багийн хонхор газарт их хэмжээний ус тогтож, айлууд усанд автсан. Гамшигт өртсөн 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж, орон гэргүй болсон хүмүүст тусламж гардуулсан байна. Засгийн газраас аврах ажиллагаанд зориулж 450 сая төгрөгийн үнэ бүхий тэрэг, завь, ариутгалын машин хүлээлгэн өгчээ. Орон гэргүй болсон иргэдэд “Мобиком” корпорацаас 10 сая төгрөгийн үнэтэй тусламж, үерийн голомтод ажиллаж буй алба хаагчдад МУЗН-ээс 1.2 сая төгрөгийн 22 хос усны гутал, 10 ширхэг цув, гамшигт өртсөн 20 өрхөд 3.9 сая төгрөгийн гал тогооны иж бүрдэл 20, дулаан хөнжил, хүүхдийн хос гутал тус бүр 40 ширхгийг олгоод байна.
Бэлтгэсэн: Ч.Болор