Хэрэв та Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвөөс зүүн тийш долоо найман км явж үзсэн бол (шороон зам нь муухан засмалаас ч дээр) Тээлийн гол дагуу ширэг бараадан буусан 10-аад айлыг анзаарсан болов уу. Сумын төвөөс баруун тийш 10-аад км-т Мянганы зам, Чулуутын хавцал дагуу нутагладаг “зах зээлжсэн” айлуудыг бодоход тэр хэдэн өрх гэр хөл хөдөлгөөн багатай, анир гүмхэн амьдардаг тул анзаараагүй ч байж мэднэ.
Номин ногоон ширдэг дээр хэсэг сувд асгасан мэт гэрүүдийг гаднаас нь харахад монгол хүний сэтгэлд хөдөөгийн амгалан тайван, танил дотно ахуйг зураглаад өнгөрөх вий. Харин явуулын хүн тэнд дөрөө мулталбал ямар амьдрал өрнөж, өнөөгийн малчид юунд найдаж, бас тэмүүлж, ямар саад бэрхшээлийг чимээгүйхэн даван туулж байгааг гадарлах болно.
Тээлийн голын эхэн дэх айлууд бие биедээ ил гаргаж хэлдэггүй, нэрэлхдэг л болохоос бүгд адилхан “зовлонтой” нэг мөрөөдөлтэй. Тэр нь хүүхэд болгоноо хүний өмнө үзүүлэх “юм”-тай болгох. “Юм” нь дээд боловсролын диплом. Чухам энэ мөрөөдөл нь хөдөөгийнхнийг эдийн засгийн хувьд туйлдуулж гүйцдэг ч оюун бодол, сэтгэхүйд нь “Өнөө цагийн залуус хүнд үзүүлэх дипломгүй л бол бусдын нүүр өөд харах эрхгүй” гэсэн итгэл үнэмшил бат суусан учраас аав, ээжүүд нь үүнийг юман чинээ санадаггүй.
Ийм хичээнгүй дүр төрхийг Тээл багийн 120-иод малчин айлаас гадна Өндөр-Улаан сумын 1100, цаашлаад Монголын 169.7 мянган (2017 оны тооллогоор) малчныхаас бэлээхэн харж болно доо. Дэлгэр зуны цаг гэхэд дэндүү эл хуль оргих энэ хот айлд том, бага нийлсэн 30 хүрэхгүй хүн байх аж. Хотоос өвөө, эмээгийндээ хүргэгдэж ирсэн хоёр “тавиул” жаалыг оролцуулаад шүү. Уг нь бичиг баримт дээрх тоогоор бол долоон гэрийн хүмүүс лавтайяа 60 нэлээд гарах өнөр боловч эрдэм номын мөр хөөж хот орон газар бараадсан хүүхдүүд нь “нүүр буруулаад”, тоотойхон үзэгддэг болсныг ахмадууд хуучлах зууртаа хэлсэн.
Энэ хот айлд дээд боловсролын дипломоо өнөө жил албан ёсоор гардаж авсан болон өдгөө сурч буй оюутан тус бүр нэг бий. 2016 онд хүний өмнө үзүүлэх “юм”-тай болсон ч өнөөхийнхөө шидийг үзэж чадахгүй яваа нь ч байна. Бас энэ жил ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд, Улаанбаатар хот руу их сургуульд сурахаар мордох хоёр “шинэков” бий.
5.5 САЯЫН “ИНЖТЭЙ” ОЮУТАН
Өндөр-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийг өнгөрсөн хавар төгссөн Г.Гэрэл (нэрийг нь өөрчлөв) “Ач” анагаах ухааны их сургуулийн хүний их эмчийн ангид элсчээ. Зургаан хүүхэдтэй айлын гурав дахь нь болох тэрбээр “Энэ олон хүүхдийн нэг нь ч гэсэн эмнэлгийн хүн болсон нь дээр” гэдэг ээжийнхээ хүслийг биелүүлэхээр уг мэргэжлийг сонгосон гэнэ. “Дунд охин минь сурлага сайтай учраас эмч болгохыг хүссэн юм.
Ашгүй санаснаар боллоо. Одоо харин сургуульдаа явахаас нь өмнө 5.5 сая төгрөг бүрдүүлэх ёстой” хэмээн ээж нь ярилаа. Сургалтын төлбөр 2.700.000, дээрээс нь дотуур байрны төлбөр 700.000, ном, хичээлийн хэрэгсэл авахад 1.000.000, за тэгээд олны хөлийн газар охиноо хүний дайтай яваасай гэхдээ гутал, хувцсанд мөн 1.000.000 төгрөг зарцуулна гэж тооцоолжээ. Зөвхөн нэг хүүхдээ их сургуульд сургахын тулд ганцхан жилд 5.5 сая төгрөг зарцуулахаа энгийн л зүйл хэмээн эвлэрчихсэн яваа түүнээс энэ мөнгийг хэрхэн олохыг нь өөрийн эрхгүй сонирхмоор санагдав.
Хавар ноолуураа зарж 4.6 сая төгрөг олсны үлдэгдэл болох 2.5 саяыг нь банкинд “тагийн тагт” хадгалжээ. Үлдсэн гурван саяыг нь хонь зарах, эсвэл малчны зээл авч, бүрдүүлэх санаатай гэнэ. Ингэснээр Г.Гэрэлийн сургуулийн зардал нэг жилдээ шийдэгдэх ч цаана нь сумын дунд сургуульд сурдаг гурван дүү охиных нь хичээлийн бэлтгэлийн асуудал “босож” ирнэ. “Сураагүй юм биш, сумынхаа дэлгүүрүүдээс зээл авна даа. Өвөл тийшээ цагаан идээгээ зарахаар өрөө төлнө. Тэгээд хавар ноолуур гарах хүртэл хүүхдүүдийнхээ хэрэгцээний юмыг дахиад л дэлгүүрээс зээл авна шүү дээ” гэх ярианаас малчдын амьдрал чихэртэй, давстайгаа сэтгэлд шууд “амтагдах” шиг.
Д.Гантулга, С.Сараа хоёр 23 жилийн өмнө ханилснаас хойш зургаан хүүхдээ хүний зэрэгт хүргэхийн тулд өөрсдийн идэж уух, өмсөж зүүхээ танан байж, залуу насаа “марттал” зүтгэсний хүчинд 700 гаруй бог, 100-гаад бод малтай болжээ. Жилийн дөрвөн улирлын турш ээлжгүй гадаа гандаж явж өсгөсөн малынхаа үр өгөөжийг өөрсдөөсөө “харамлан”, шинэ оймс ч худалдаж авахгүй, охидынхоо голсон юмыг оёж цоолдон, дээш, доош нь харуулан өмсөж аргацаадгаа нуугаагүй энэ ээжийн хүсэл биелж, хүүхдүүд нь эрдэм номтой болоосой гэж чин сэтгэлээсээ хүсмээр.
Том охиноо Монголын үндэсний их сургуульд оруулж, багш болгосон ч бие нь өвддөг тул мэргэжлээрээ ажиллаж, аав, ээждээ дэм болохоосоо санааг нь зовоох нь их гэсэн. Тиймээс хүн хүчний нэмэр хамжаа авахын тулд ганц хүүгээ ноднин цэрэгт явуулаад, мал дээр гаргажээ.
ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨС МЭРГЭЖИЛ СОНГОЛТ ХҮРТЭЛХ ХООСОН ЗАЙ
Д.Гантулгынхтай айл зусдаг Я.Гэсэрбаатарын бага охин энэ жил мөн л оюутан болно. Аймгийн төвийн ерөнхий боловсролын II сургуулийг төгссөн, онцгой байдлын ажилтан болох мөрөөдөлтэй Г.Цэцэг (нэрийг нь өөрчлөв) ХСИС-д орох гэтэл багахан оноо дутсан тул сэтгэлээр нэлээд унасан тухай хот айлынхан нь ярьцгааж байв. Хүссэн мэргэжлээрээ сурч чадахгүй, “Улсын сургууль юм чинь” гээд ШУТИС-ийн цахилгаан хангамжийн ангийг сонгосондоо тэрбээр хэдэн өдөр урваганасан гэнэ.
“Хуваарь сонгохоор шалгалтын комиссын өрөөнд ээжтэй хамт орсон. Тэр 10 гаруй минут ямар хурдан өнгөрсөн гэж санана. “Аль сургууль нь зүгээр юм бол” гэж эргэлзэж байтал дараагийн хүүхдүүд орох болчихсон байсан. Ямартай ч намар сургуульдаа очоод үзнэ дээ. Өөр боломжийн хуваарь байвал солино” хэмээн охин ярилаа.
“Үнэхээр л чиний хүсээгүй мэргэжил юм бол нэг жил хүлээгээд, хойтон ХСИС-д орж болохгүй байсан юм уу” гэхэд “Хугацаа алдана шүү дээ. Тэгээд ч хүмүүс муу хэлнэ” гэв. Сурагчдад, эцэг, эхчүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох дорвитой сургалт хийдэггүй, наад захын мэдлэг мэдээллээр хангадаггүйн харгайгаар Г.Цэцэг шиг хэчнээн олон хүүхэд 10-аадхан минутын дотор ирээдүйгээ шийдэх гээд бүлтэлзэж байдаг бол. Дээрээс нь дээд боловсролыг хэтэрхий өрөөсгөл ойлгох болсон олон нийтийн хандлага хэчнээн хүүхдийг эмзэглүүлж, “Ямар ч хамаагүй сургуульд орох минь” гэсэн сэтгэлгээгээр ирээдүйгээ бусдад даатгах шалтгаан болдог бол...
“Цаашид мал дагаад ер нь нэмэргүй боллоо” гэдэгт дотроо бат итгэсэн аав, ээж нь дөрвөн удаа малчны зээл авч байж ах, эгч хоёрыг нь хотод дээд боловсрол эзэмшүүлсэн боловч өдгөө тэд мэргэжлээрээ ажилладаггүйг Г.Цэцэг мэдэх ч “Надад өөр сонголт үгүй мэт санагддаг” гээд дүрлэгэр хар нүдээ эргэлдүүлэх.
СҮҮЛЧИЙН ГАНЦ ЗООСОО ШАВХСАН. ГЭВЧ ХАРИУД НЬ...
“Ирээдүйд сайхан амьдаръя гэвэл одоо байгаа сүүлчийн ганц зоосоо ч үр хүүхдийнхээ эрдэм боловсролд зарцуул” гэдэг үгийг боловсролын салбарын залуухан сайд хэдэн жилийн өмнө “моод” болгосон. Монголчууд үнэхээр л байдаг бүхнээ үр хүүхдийнхээ боловсролд зарцуулж буй. Энэ нь сайн хэрэг. Гагцхүү монгол айл болгоны гар таталгүй, хамгийн түрүүнд хөрөнгө оруулдаг боловсролын салбар эргээд бидэнд үр өгөөжөө өгч байна уу, эсвэл ёроолгүй саванд рашааны дусал цуглуулах мэт хоосон хоцроход хүргэж байна уу. Хүүхдүүд хүссэн мэргэжлээрээ эх орондоо чанартай боловсрол эзэмших боломж, тийм тогтолцоо манайд бий юү. Ялангуяа дээд боловсролын талаар хөдөөгийнхөн эргэцүүлэн дэнслэх сөхөөтэй байгаа болов уу. Энэ мэт олон асуулттай хөдөөг зорьсон юм.
Тээлийн эхээр нутагтай хот айлынхны ахимагдуу настайд тооцогдох О.Лхагва гуайн бага охин Л.Хажид (нэрийг нь өөрчлөв) хоёр жилийн өмнө МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийг дүүргэжээ. Аавтайгаа ойр байх ёстой, бас төлбөр нь боломжийн гэдэг шалтгаанаар аймагтаа бага ангийн багш мэргэжлээр сурч төгссөн ч өнөөг хүртэл ажилд ороогүй явна. Хөх хамбан хавтастай “цаас” л охиндоо авч өгөхийн тулд О.Лхагва гуай тэтгэврээ гурван жилээр зээлж, 10-аад хонь, хоёр үнээтэй үлдтэлээ зүтгэсэн гэнэ.
Гэсэн ч суманд бага ангийн багшийн орон тоо байхгүй тул охиныхоо дипломыг захирал дээр нь өөрөө барьж ороод ч, багшлах эрхийн шалгалтдаа тэнцсэн батлахаа охин нь өөрийн биеэр авч очиж үзүүлээд ч нэмэргүй болоогүй аж. Өнгөрсөн намраас хойш аймгийн төвд нарийн боовны цехэд хэсэг ажилласан боловч цалингаа өгөхгүй байхаар нь арга буюу гарсан Л.Хажид одоо аавдаа хань бараа болон, айлын мал адгуулж буй.
Монгол Улсын хэмжээнд багш бэлтгэдэг 44 хөтөлбөр (сургууль) байгаа нь 100 ямаанд 60 ухна гэдэг шиг илүүдсэн тоо боловч хөдөөд бага ангийн багш бус, биеийн тамирын, боилоги, газар зүйн багш дутагдаж байгаа гэдэг бодит мэдээллээ ядаж л хаврын элсэлтийн үеэр олон нийтэд түгээдэг бол сайн сан. Тэгсэн бол Л.Хажид шиг хөдөлгөөний эвсэлтэй хүн биеийн тамирын багшаар сурч, эндээ биш юм гэхэд өөр аль нэг суманд ажиллах боломж олдох л байсан. Уг нь чиглэлээ зөв сонгоод, сайн сурвал МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн төгсөгчид хөдөө сумдад байтугай, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт хүртэл “борлогддог” гэсэн.
Тус сургуулийн захирал Г.Баярболд “Улаанбаатар хотод сурах гэсэн хүүхдүүдийн хүсэл сонирхол дээр дөрөөлөөд, бага ангийн багш мэргэжлээр өнөөдөр ямар ч хамаагүй хувийн их, дээд сургуулиуд элсэлт авч байна. Үүнийг цаашид төрийн бодлогоор зохицуулахгүй бол хөдөөгийн сургуулиуд улам л хүнд байдалд орно. Нөгөөтэйгүүр, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл гэдэг байгууллага их, дээд сургуулиудыг сургалтын чанараар нь эрэмбэлээд, олон нийтэд нээлттэй зарламаар байна.
Жишээ нь, багшлах эрхийн шалгалтад аль сургуулийн төгсөгчид хамгийн их тэнцэж байгааг нийтэд зарлах хэрэгтэй. Бас хотын сургуулийн диплом илүү юү, хөдөөгийнх нь дээр үү гэдэг гадаад үзэмж биш, харин бодит амьдралд төгсөгчид нь хэр хурдан ажлын байртай болох нь л чухал гэдгийг ойлгуулбал хүүхдүүд, эцэг, эхчүүд төөрөлдөхгүй” хэмээн ярилаа. Олон жил сургуульдаа ажиллаад “хал үзэж, халуун чулуу долоосон” түүний үг Монголын дээд боловсролын салбар дахь гажуудлыг засах нэгэн гарц яах аргагүй мөн.
Нобелийн шагналт, Хятадын зохиолч Мо Яныг 1980-аад оны эхээр цэргийн албанд мордоход ээж нь хуримын бөгжөө заран байж “Хятадын товч түүх” хэмээх дөрвөн боть ном авч өгөөд явуулсан гэдэг. Хэдийгээр үгээгүй ядуу тарчиг амьдралтай ч үлгэр, уран зохиолд дуртай хүүгээ номтой хүн болоосой гэсэндээ үлдсэн сүүлчийн ганц өмчөө хайрлаагүй тэр ижий хэчнээн зөв зүйлд хөрөнгө оруулсныг хожим дэлхий нийтээрээ харсан.
“Намраас аймаг орж, ажил хайна даа” хэмээн найдлага тавих Л.Хажид, охиныхоо боловсролын төлөө бүхнээ зориулсан түүний аав шиг будилж төөрсөн хүмүүсийг харин бид хэдэн жил өрөвдөж, халаглаж суух бол.
“Мал” нь хотод сурч байгаа. Энэ бол “сургалтын төлбөр” нь гэдэг егөөтэй яриа гарах хүртлээ нүүдэлчин ахуй, соёл иргэншлээрээ “дэнчин” тавиад, зорьж буй бидний боловсролтой ирээдүй эцэст нь тэгээд ямар байх бол?