Японы “Хүүхдийг ивээх сан”, БСШУСЯ хамтран “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Архангай аймгийн 30 суманд амжилттай хэрэгжүүлжээ. Багачуудыг гэр бүлийн орчинд нь сургуульд бэлтгэх 96 өдрийн хөтөлбөрт 3800 хүүхэд хамрагдсан байна. БСШУС-ын сайдын тушаалаар “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр” батлагдсан нь уг төслийг цаашид үргэлжлүүлж, 21 аймагт хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн гэнэ.
Ингэснээр алслагдсан хөдөөгийн, цэцэрлэгт хамрагдах боломжгүй 4-5 настай хүүхдүүд эцэг, эхийнхээ тусламжтайгаар сургуулийн өмнөх боловсрол олж авна гэсэн үг. Тус хөтөлбөрийн хүрээнд эцэг, эхэд зориулсан “Та өөрөө багш” гарын авлага, сонсдог ном болон хүүхэд багачуудын “Би чадна”, “Миний номын өргөө” зэрэг зөөврийн ном, тоглоомын багц хүргүүлдэг аж. Хөтөлбөрт хамрагдсан багачуудын танин мэдэхүй болон сонсгол, хэл ярианы чадварууд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй бусад хүүхдийнхээс илүү байгаа нь Дэлхийн банкны судалгаагаар тогтоогджээ.
Бэлтгэсэн: Л.Аргамжин