М.Сэндэнхорол
Жил бүр хичээлийн хэрэгслийн үнэ өсдөг “хууль” бий. Хүүхдүүдийнхээ хичээл, номд бэлтгэж, худалдааны төвүүд хөл хөдөлгөөн ихтэй болсон энэ үед үнэ өссөн, эсэхийг “Бөмбөгөр” худалдааны төвөөс сонирхлоо. Лангуу түрээслэгчид “Өвөл хэдээр зарж байсан, түүгээрээ л байна. Урд хөршөөс болон бөөний худалдаачдаас авсан үнэ дээр зардлаа нэмээд л борлуулдаг. Хичээлийн шинэ жил болон бусад тэмдэглэлт үеэр үзэсгэлэн худалдаа нээгддэг. Тэнд л барааны үнэ дэлгүүр, лангууныхаас харьцангүй өндөр” гэсэн юм.
Улсын их дэлгүүрийн бичиг хэргийн тасгийн худалдагч “Манайх харьцангуй чанартай бүтээгдэхүүнийг арай илүү үнээр борлуулдаг. Одоогоор үнэ нэмээгүй, хавар борлуулж байсан хэвээр. Үнэ нэмэх тухай удирдамж ирээгүй” гэсэн юм. Харин их дэлгүүрийн үйлчлүүлэгч Г.Ганцэцэг “Өдийд хичээлийн хэрэгслийн үнэ нэмэх болоогүй. Наймдугаар сарын дундаас хойш дуртай үнээ “наачихдаг” улс. Ялангуяа цэцэрлэгийн хүүхдийн бэлтгэлд шаардлагатай зүйлсийг авахад чамгүй мөнгө зардаг” гэлээ.
Мөн нийслэлд наймдугаар сарын 18-28-нд 10 гаруй газарт хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах гэнэ.
Сурагчдад нэн шаардлагатай хэрэгслийн үнийг танилцуулж байна.
Үзэг | 300-1500 |
Дэвтэр | 180-1200 |
Өнгийн харандаа | 1500-12000 |
Шугам | 500-2500 |
Үзэгний сав | 1000-10000 |
Үзүүрлэгч | 500-2500 |
0.5 харандаа | 2500-10000 |
Тосон харандаа | 1000-3000 |
Өнгийн цаас | 1500-2500 |
Хайч | 1500-3500 |
Зургийн дэвтэр | 1000-5000 |
Барималын шавар | 2500-4500 |
Цавуу | 700-1500 |
Сурагчийн дүрэмт хувцас ямар үнэтэй вэ. Өнгөрсөн хичээлийн жилд аль үйлдвэрийнхээс хамаарч I-VI ангийн эрэгтэй хүүхдийн хослол 44 000-63 000, эмэгтэйгийнх 39 000-41 000 төгрөгийн үнэтэй байжээ. Харин дунд ангийн хүүхдийн хослол 60 000-79 000 төгрөг байна. Ахлах ангийн сурагчийнх нь 60 000-109 000 төгрөгийн үнэтэй байв. Энэ хичээлийн жил дүрэмт хувцасны үнийг нэмэхгүй гэдгээ албаны хүмүүс дуулгасан билээ.