С.Цэрэндулам
Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж буйтай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, хичээлийн хэрэгслийн үнэ ханш, хувийн хэвшлийн дунд сургуулиудын сургалтын төлбөр ямар байгааг сонирхлоо. Одоогийн байдлаар манай улсад ерөнхий боловсролын 800 орчим сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний 650 гаруй нь төрийн өмчийнх, 146 хувийн хэвшлийнх.
Энэ онд улсын төсвөөс 106.1 тэрбум төгрөг зарж 18 880 хүүхдийн багтаамжтай 34 сургууль болон өргөтгөл барихаар төлөвлөсөн. Мөн 38 барилга байгууламжид их засварын ажил хийж буй бөгөөд гүйцэтгэл 85 хувьтай. Ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгах гэнэ.
Шинээр барьж буй сургуулиудыг 2019-2020 оны хичээлийн жил хүртэл тогтоосон хуваарийн дагуу шат дараатай ашиглалтад оруулах гэнэ. Жил бүр цөөнгүй сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулдаг ч гурван ээлжээр хичээллэх, нэг багшид ногдох сурагчийн тоо хэт олон байх зэрэг асуудлыг шийдээгүй л байна. Өнгөрсөн есдүгээр сарын 1-ний байдлаар 27 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд 22 болох аж.
Шинжлэх ухааны суурь мэдлэг олгох, цаашид их, дээд сургуульд элсэхэд туслах хэмжээний үндсэн боловсрол эзэмшүүлэх сургуулийг ерөнхий боловсролынх хэмээдэг. Ийм даруухан тодорхойлолтод багтах хувийн болон улсын сургуулиудын өнгө төрх, үнэ төлбөр манай улсад тэнгэр, газар шиг ялгаатай.
Улсын хэмжээнд нэг жилд 540 000 орчим хүүхэд төрийн өмчийн сургуульд, 37 000 гаруй хүүхэд хувийн хэвшлийнхэд сурдаг гэсэн статистик бий. Төрийн өмчийн сургуулиудын сурлагын чанар, материал хангамж, багшийн хүрэлцээ зэргийг чамлаж, мөн төлбөрийн чадвартаа дулдуйдан хувийн хэвшлийн сургуулийг сонгодог эцэг, эх цөөнгүй. Тэдэнд зориулсан 2.5-60 гаруй сая төгрөгийн төлбөртэй 146 орчим хувийн сургууль манайд үйл ажиллагаа явуулж байна.
Гэтэл “хувийн сургуулиудын төлбөр хэт өндөр атал төрөөс хувьсах зардал авдаг, чанартай боловсрол олгодоггүй” гэж гоочлох хүмүүс ч бий. “Хүүхэд бүрт хүрч ажилладаг, хариуцлага өндөртэй, сурагчдадаа бүх талын боловсрол олгодог” хэмээн үнэлэх нь ч цөөнгүй.
Бид өнгөрсөн хичээлийн жилд хувийн хэвшлийн зарим сургуулиуд ямар төлбөртэй байсан, энэ жил сургалтын төлбөрөө нэмэх, эсэх талаар сонирхлоо.
Хувийн хэвшлийн зарим сургуулийн нэг жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэв.
International school of Ulaanbaatar | 27.5 мянган ам.доллар |
British school of Ulaanbaatar | 10 000 ам.доллар |
“Орчлон” сургууль | 15-18 сая төгрөг |
Global international school | 10 сая төгрөг |
Ulaanbaatar еlite international school |
9.5 сая төгрөг |
“Сант” сургууль | 7 сая төгрөг |
“Гёте” бүрэн дунд сургууль | 5-6 сая төгрөг |
“Олонлог” төв сургууль | 4.5-5.5 сая төгрөг |
“Шинэ Монгол” бүрэн дунд сургууль |
4.5 сая төгрөг байна |
“Тольт” бүрэн дунд сургууль | 2.5-3 сая төгрөг |
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хэзээ төлсөнөөс хамаарч хөнгөлөлт эдэлдэг жишиг байдаг аж. “Сант” сургууль 5-6 дугаар сард төлбөрөө төлбөл 5.5, 6-9 дүгээр сард өгвөл зургаан сая, есдүгээр сараас хойш бол долоон сая төгрөгийн төлбөртэй. Энэ хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэхгүй, хөнгөлөлт үзүүлэх хэвээр гэлээ.
“Олонлог”, “Шинэ Монгол” сургууль ч сургалтын төлбөрөө нэмэхгүй, хэзээ төлснөөс хамаарч тодорхой хувийн хөнгөлөлттэй аж. Харин “Тольт” бүрэн дунд сургууль төлбөрөө нэмэх магадлалтай, наймдугаар сарын 14-нөөс хойш мэдээллээ өгнө гэв.
“Шинэ Монгол” сургуульд гурван хүүхдээ сургадаг Д.Уянгаас тус сургууль сургалтын төлбөртөө тохирсон боловсрол олгодог, эсэхийг тодруулахад “Шинэ монгол” бол хөдөлмөр зуслантай цөөхөн сургуулийн нэг. Хүүхдэд чанартай боловсрол олгохоос гадна амьдралын ухаан, ажил хөдөлмөр хийх ур дүй сургадаг. Багш нар нь хүүхэд бүртэй тулж ажилладаг. Мөн монгол ахуйгаас холдуулахгүй, шинэ үеийн боловсролтой монгол хүн болгон төлөвшүүлэхэд анхаардаг” гэсэн юм.
“Сант” сургуулийн сурагч Г.Анарын ээж “Хичээлүүдээ нэлээд шахуу заадаг тул үе тэнгийнхнээсээ түрүүлдэг. Тэр хэрээрээ ч дараа нь давтан үзэж, ойлгосон зүйлээ батжуулдаг. Нэг ангид сурах хүүхдийн тоо цөөн, багшийн анхаарал, халамж сайн” гэлээ.
23 дугаар сургуулийн сурагч А.Энхидүгийн ээж С.Алтанцэцэг “Манай хүү хоёрдугаар ангид орно. Анги нь 60 гаруй сурагчтай, гурван ээлжээр хичээллэдэг. Уг нь сургалт сайтай, ямар ч хувийн сургуулиас дутахгүй. Гэвч нэг багшид дэндүү олон хүүхэд ногддог. Өнгөрсөн жил эцэг, эхчүүд нийлж цалинтай туслах багш авч ажиллуулсан. Энэ жил ч тэгэх байх” гэсэн юм.
Ерөнхий боловсролын хувийн сургуулиудын сургалтын төлбөрийг төрөөс зохицуулж болох, эсэхийг Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Яамнаас энэ төрлийн зохицуулалт хийх боломжгүй. Харин сургуулиудыг 10 сая төгрөгөөс дээш, 5-10, таван саяас бага төлбөртэй гэж хуваан хувьсах зардлыг нь шатлан олгохоор төлөвлөсөн. Өндөр төлбөртэй тусмаа төрөөс хувьсах зардал бага авна гэсэн үг. Үүнийг ирэх аравдугаар сар гэхэд шийднэ” гэлээ.