Өнгөрсөн сарын 5-наас нийт нутгаар аадар бороо орсны улмаас 13 аймагт нийт 116 км авто зам, замын байгууламж эвдэрч гэмтжээ. Үүнд арга хэмжээ авсан, эсэхийг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнээс тодрууллаа.
-Хэдэн аймгийн зам үерт автаж, эвдрэв. Ойролцоогоор хэчнээн төгрөгийн бүтээн байгуулалт “урссан” бол?
-13 аймагт нийт 116 км авто зам, замын байгууламж ноцтой эвдэрч гэмтсэн. Манай яамнаас гарсан урьдчилсан тооцоогоор нэг тэрбум 348 сая төгрөгийн хохирол учирсан байна. Цаашид хур тунадас үргэлжлэн орвол авто зам, замын байгууламжид учрах хохирлын хэмжээ эрс нэмэгдэх магадлал өндөр.
-Сэргээн засах ажил ямар шатанд явна вэ?
-Зам хариуцагч байгууллагуудаар шуурхай засуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар уртасгасан цагаар ажиллаж байна. Одоогоор 14 байгууллагын 145 хүн, 62 машин механизм ашиглан, тухай бүрт нь сэргээн засаж байгаа.
-Зам засахад хэдий хэмжээний хөрөнгө гаргасан бол?
-Архангай, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Дорноговь, Төв, Сэлэнгэ, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн замууд эвдэрсэн. Тухайлбал, Улаанбаатараас Дархан-Уул аймаг хүртэлх замын 92, 94-95, 98-100 км дахь хэсэг эвдэрсэн. Улаанбаатараас Өндөрхааны чиглэлд 151-164 км дэх хэсэг эвдэрч сүйдсэн, далан, хөвөө нь нарийссан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.
Ихэвчлэн авто замын хөвөө угаагдаж эвдэрсэн байна. Мөн ус зайлуулах хоолой, модон гүүр, далан, төмөр бетон хоолой гэмтсэн тохиолдол бий. Сэргээн засахад одоогоор 240.9 сая төгрөг төсөвлөсөн.