Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Уулын-Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станцын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамтран Монгол орон дахь тарваган тахал өвчний талаар судалгаа хийжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумын хил орчмын нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгаа хийсэн байна.
Тандалт судалгаанд 104 өрхийг хамруулж, 565 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд оруулснаас 156-д нь эерэг хариу гарчээ. Тэдгээр эерэг сорьцонд нян судлалын шинжилгээ хийхэд дээрх сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомтын идэвх, эрчим нэмэгдсэн, тархвар судлалын өндөр эрсдэл үүсэх магадлалтайг тогтоосон байна.
Бэлтгэсэн Ч.Болор